Хамран сургах тойрог ба хахууль

Хуучирсан мэдээ: 2021.08.26-нд нийтлэгдсэн

Хамран сургах тойрог ба хахууль

Хамран сургах тойрог ба хахууль

“Манай хүүхэд нэгдүгээр ангидаа хувийн сургуульд суралцсан. Цар тахлын улмаас өнгөрсөн жил өндөр төлбөр өгч, цахимаар суралцсан учраас хоёрдугаар ангид нь харьяаллын дагуу улсын сургуульд бүртгүүлэх гэсэн чинь бүлэг дүүрчихсэн гээд авдаггүй” хэмээн эцэг эхийн төлөөлөл /нэрээ нууцлахыг хүссэн/ ярив.

Тэрбээр “Улсын сургуульд хүүхдээ бүртгүүлэхэд 3-8 сая төгрөгийн ханштай байдгийг хүн бүр мэднэ. Энэ жил ханш нь нэмэгдээд 10 сая төгрөг болсон сурагтай. Тэр мөнгийг нь өгөхгүй болохоор харьяаллын дагуу байсан ч сургуульд хүүхдээ бүртгүүлж чадахгүй байгаа нь үнэн” гэдгийг хэлсэн юм.

Энэ мэт хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн “Хүүхдээ ямар сургуульд сургах вэ” хэмээн эцэг, эхчүүд толгойгоо гашилгаж эхэлдэг. Жил бүр нийслэлийн Боловсролын газраас хамран сургах тойргийг шинэчлэн баталдаг ч амьдрал дээр огт хэрэгждэггүй.

Учир нь хүүхдээ аль болох ажил, гэрийнхээ ойролцоо сургуульд өгөх хүсэлтэй эцэг эхчүүд ч байдаг. Мөн аль чанартай, ая тухтай орчинд, гүнзгийрүүлсэн сургалттай харъяаллын бус сургуульд хэдэн төгрөг өгөөд ч хамаагүй сургах гэж хошуурах нь бий. Албаныхан хамран сургах тойргийг цэцэрлэг, сургуулийн ачааллыг тэнцүүлж, түгжрэл бууруулах гарц гэж харж байгаа бол эцэг эхчүүд хамран сургах тойрог нэртэй хахуулийн тойрог болсныг хэлж байна.

Салбарын сайдын тушаалаар уг нь нэг ангид 30-35 хүүхэд суралцах нормтой. Гэтэл хотын төвийн эрэлттэй сургуулийн нэгдүгээр анги энэ тооноос давж, 60-70 сурагчтай анги ч бий.  Бүр тусдаа “Хандивын анги” нэртэй хахуулийн анги ч байгуулсан байх жишээтэй.

2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд  1515 цэцэрлэгт 232 мянган хүүхэд, 854 сургуульд 718.817 сурагч, 75 мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд 40.165 суралцагч, 88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана гэсэн судалгааг боловсролын байгууллагууд гаргажээ.

Нийслэлийн боловсролын газарт жил бүр энэ асуудлаар эцэг, эхчүүд гомдол, санал гаргадаг ч шийддэггүй. Тэр бол хууль, шүүхийн байгууллагын хийх ажил гэх тайлбарыг хэлж сууна.

Энэ талаар тус газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодруулахад “Хамран сургах тойрогтой холбоотой гомдол, санал манай захиргааны хэлтэст ирдэг. Салбар яам, нийслэл, дүүргийн боловсролын хэлтэс гээд шат шатандаа өргөдөл хүлээн авч, шат шатандаа шийдвэрлэдэг. Хахууль авдаг гэх асуудал хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлэх ёстой. Миний хувьд хахууль авч, хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулдаг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хамран сургах тойргийг нийслэлд бүх сургуулийн насны хүүхдүүдийг сургуульд хамруулах зорилгоор нэг ч хороо, байр үлдээхгүйгээр аль нэг сургуульд заавал хамруулахын тулд шинэчилж баталдаг.

Тэр хүүхдийг харьяаллын дагуу сургуульд үнэ төлбөргүй авах ёстой. Хамгийн гол нь тухайн сурагч бичиг баримтын зөрчилгүй, харьяаллын дагуу байх, шилжүүлэггүй байх асуудалгүй байна. Хамран сургах тойрогтоо байгаа, хаягийн зөрчилгүй хүүхдүүд 100 хувь сургуульд элсч байгаа. Өмнө нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ регистерийн дугаараар бүртгүүлдэг байсан бол энэ жилээс эцэг эхчүүд хүүхдийнхээ бүртгэлийг л баталгаажуулж байгаа.

Хамран сургах тойрог гаргахгүй бол эцэг, эхчүүд хүссэн сургуульдаа хүүхдээ өгөхөөр ерөнхий боловсролын цэцэрлэг, сургуулийн ачаалал тэнцвэргүй болж эхэлнэ. Тийм учраас жил бүр шинээр ашиглалтад орсон барилга, орон сууц, цэцэрлэг сургуулийн тооноос хамаарч хамран сургах тойрог гаргаж байгаа. Энэ ажлыг хийхгүй бол бүр замбараагүй байдал үүснэ” гэдэг хариултыг өгөв.

Хэдийгээр хамран сургах тойргийг түгжрэл бууруулж, хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахын тулд баталдаг гэдгийг албаныхан хэлж байгаа ч нөгөө талдаа хахуулийн асуудал гаарсан үнэн. Салбарын шат шатны байгууллагууд энэ бүхнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг шийдэж чадахгүй, эвлэрсэн гэхэд хилсдэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж