“Рио Тинто”-гийн эсрэг шаардлагаа нэмэгдүүлэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.24-нд нийтлэгдсэн

“Рио Тинто”-гийн эсрэг шаардлагаа нэмэгдүүлэхээр болжээ

“Рио Тинто”-гийн эсрэг шаардлагаа нэмэгдүүлэхээр болжээ

Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал их хэмжээгээр нэмэгдсэн шалтгааныг тогтоох хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт энэ сард гарсан. Тэгвэл уг дүгнэлтэд үндэслэн Америкийн “Пентвотер Капитал” (Pentwater Capital) хөрөнгө оруулалтын сан тэргүүтэй “Туркойс хилл ресурсес” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд гаргаад байсан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасан байна.

“Пентвотер Капитал” хөрөнгө оруулалтын сан нь 2020 оны аравдугаар сард Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтад тулгамдаж буй асуудлыг хөрөнгө оруулагчдад цаг тухайд нь мэдэгдээгүй, АНУ-ын үнэт цаасны хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэлээр Рио Тинтогийн эсрэг нэхэмжлэл гаргаад байсан юм. Тус хөрөнгө оруулалтын сангийн хуульчид шүүхэд гаргасан хүсэлтдээ хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт нь “Рио Тинто” гүний уурхайн бүтээн байгуулалтын явцын талаар худал мэдээлэл гаргаж, хугацаа хойшилсон бодит шалтгааныг нуун дарагдуулсныг нотлох “хөдөлшгүй баримт” болж байна гэжээ. “Пентвотер Капитал” хөрөнгө оруулалтын сан нь Туркойс Хилл компанийн 9.5 хувийг эзэмшдэг бөгөөд Рио Тинто компани Туркойс Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироож, Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэхдээ ил тод бус, хариуцлагагүй ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандаж, хэд хэдэн нээлттэй захидлыг Рио Тинто компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хандан бичиж байжээ.

Рио Тинто компани гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 2 жил орчим хугацаагаар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал 1 тэрбум 450 сая ам.доллароор (4 их наяд төгрөг) нэмэгдэх болсон шалтгааныг газрын доорхи чулуулгийн нөхцөл байдлаас болсон гэж тайлбарлаж байсан. Гэвч хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд Оюутолгойн хөрсний чулуулаг хэвийн, зарим тохиолдолд төсөөлж байснаас ч илүү таатай нөхцөлтэй байсныг илрүүлжээ.

Төслийн менежментийн алдаа, ажлын уялдаагүй байдал, гүний уурхайн чиглэлээр мэргэшсэн туршлагагүй баг энэ төслийг удирдаж байснаас болж төслийн хугацаа хойшилж их хэмжээгээр зардал нэмэгдсэн гэдгийг ч эх сурвалжууд хэлж байгаа юм.

Түүнчлэн Оюу толгойн гүний уурхайн төслийн талаар 2018 оноос хойш хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгсөн байж болзошгүй гэсэн шалтгаанаар Их Британийн зохицуулах байгууллагууд “Рио Тинто”-г шалгаж байгаа тухай мэдээлэл “Financial Times” сонинд гарчээ.

Эх сурвалж: Global Investigations Review 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж