Зуун жилийн зовлонгоос салав!

Хуучирсан мэдээ: 2021.08.24-нд нийтлэгдсэн

Зуун жилийн зовлонгоос салав!

Зуун жилийн зовлонгоос салав!

Нэг сая гаруй хүн амтай нийслэлчүүдийг бухимдуулах, стресстүүлэх асуудал мундахгүй олон.  Тоос шороо, түгжрэл, утаа, угаар гээд. Үүнтэй зэрэгцээд ундны усны асуудал нийслэлчүүдийг хамгийн том зовлон болж магадгүй болсон.  Учир нь, Улаанбаатар ундны усны хомсдолд орох эрсдэл хэдийнэ нүүрлэчхээд байгаа.  Мөн гэр хорооллын 200 мянган ил жорлон болоод Туул голын бохирдлын асуудлыг цогцоор шийдэхгүй бол ундны уснаасаа хордох аюул аль эртнээс биднийг “отож” буй.

Судалгаагаар Улаанбаатарын гэр хорооллын бүсэд байршилтай гүний худгуудын усанд агуулагдах нитратын агуулга ДЭМБ-аас зөвшөөрсөн дээд хэмжээг хэдийнэ давжээ. Товчхондоо, хотын ус хор болжээ гэхэд бодит байдлаас хол зөрөхгүй юм.

Ядахад утаа шиг нүдэнд ил харагдахгүй, үнэртэхгүй болохоор Улаанбаатарын ундны усны асуудал агаарын бохирдлоос ч илүү аюултай хор хөнөөлтэй дагуулж болзошгүй болсон.

Тиймээс нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал нэн чухал бүтээн байгуулалтыг өнгөрөгч Баасан гаригт эхлүүлсэн нь  Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний дагуу баригдах Улаанбаатарын ундны усны хэрэгцээг хангах, ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг тавьсан явдал байлаа.

Шав тавих ёслолд оролцсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ “Сонгинохайрхан уулын бэлд ирээдүйд Улаанбаатар хотыг, цаашлаад дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр сүндэрлэн босно. Ус бол амьд бүхний оршин тогтнох үндэс, хүний амьдрал болоод улс орны хөгжилд амин чухал гэдгийг хүн бүр мэддэг ч усгүйн зовлон, усны хомсдолтой хараахан нүүр тулаагүй болохоор үнэ цэнэ, ач холбогдлыг нь монголчууд бид төдийлөн мэдэрч, ойшоохгүй байж магад. Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь оршин суудаг, эдийн засгийн гуравны хоёрыг дангаараа бүрдүүлдэг Улаанбаатар хотын усны хэрэглээ ойрын ирээдүйд буюу 2023 он гэхэд одоогийн боломжит нөөцөөсөө давж, улмаар усны хомсдолд орж болзошгүй нөхцөл үүссэнийг бид Мянганы сорилтын корпорацтай хамтран хийсэн судалгаагаар тогтоосон.

Хаягдал усаа дахин боловсруулснаар аж үйлдвэрлэлийн бусад олон салбарт ашиглаж, ундны цэвэр усаа бие засах өрөөндөө урсгадаг хэрэглээнд цэг тавигдана” гэв.

Өдгөөгөөс гурван жилийн өмнө цар тахалгүй цаг сайхан үед цагаан ордны урилгаар У.Хүрэлсүх АНУ-д Ерөнхий сайдын хувиар айлчлахдаа Улаанбаатарын ундны усны асуудлыг шийдэх 35 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Мянганы сорилтын сангаас авч байлаа.

Хэдийгээр монголчууд “бэлгийн морины шүдийг үздэггүй” гэдэг Мянганы сорилтын сангаас олгосон энэхүү буцалтгүй тусламж улаанбаатарчуудын хувьд эрүүл мэнд, эдийн засагт нэг чухал “бэлэг” болж байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсоноор Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөц 65 хувиар нэмэгдэх гэнэ. Мөн саарал усыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ дөрвөн Буйр нуурын устай тэнцэхүйц хэмжээний цэвэр усыг хэмнэх гэнэ.

Боловсруулсан хаягдал усыг цахилгаан станцуудад ашиглахаас гадна цэцэг нөгөө услах, зам талбайг угааж ариутгахад хэрэглэж болно. Ус  бол чандмань эрдэнэ гэж монголчууд хэлэх дуртай ч хайр найргүй хэрэглэх нь их. Өнөөдрийг хүртэл монголчууд цэвэр усаараа машин тэргээ угааж, арьс ширээ боловсруулж, цахилгаан эрчим хүчний салбарт ашиглаж байна.  Биокомбинат, Шувуун фабрик орчмоос жилд 50 сая хүртэл метр/куб гүний ус татаж авч цэвэршүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөжээ.

Явсан нохой яс зууна гэж монголчууд хэлдэг. Энэ нь явсан хүн хождог гэсэн утгатай. Ямар ч байсан У.Хүрэлсүхийн зууж ирсэн яс нь ус буюу монголчуудын нэрлэдгээр “чандмань эрдэнэ” байлаа. Үйлдвэр ашиглалтад орвол Улаанбаатарчууд ямар ч байсан зуун жил ундны усны асуудлаас ангижирах нь.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
29
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж