Биткойны ханш огцом унасан хаврын өдрүүдэд криптовалютад хөрөнгө оруулагчид “Дэмий зүйлд мөнгө зарлагадчихлаа” хэмээн эргэлзэж, болгоомжлоход хүрсэн. Гэвч өнөөдөр айлтгүй болжээ. Криптовалютын алт хэмээн нэрлэгддэг биткойны ханш 50 мянган ам.доллар давсан нь тэдний магнайг тэнийлгэв. Бид “Дэлхийн эдийн засаг” буландаа энэ удаа биткойны ханш, ирээдүйн төлвийн мэдээллийг онцоллоо.
Биткоины ханш тавдугаар сарын 15-наас хойш анх удаа 50 мянган доллар даваад буй юм. Арилжааны хэмжээгээр хамгийн томд тооцогддог “Binance” криптовалютын бирж дээр өмнө нь биткоины ханш 2.5 гаруй хувиар өсч, 50 мянга ам.доллар хүрсэн ч удалгүй буурч, 49.9-49.8 мянга ам.долларын хооронд хэлбэлзэж байв. Хорь гаруй биржийн дундаж үнийг тодорхойлдог “CoinMarketCap” цахим хуудсанд мэдээлснээр, биткоин 2.33 хувиар өсч, 49.915 ам.долларт хүрчээ.
Өнгөрсөн тавдугаар сард уг криптовалютын ханш 57.7 мянгаас 37.3 мянга болж буурсан. Зургадугаар сард ханш нь мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй ч долдугаар сарын хоёрдугаар хагасаас хойш биткойны ханш таван долоо хоног дараалан өсчээ.
Биткойныг тойрсон мэдээлэл ханшид нь ихээхэн нөлөөлдөг. Энэхүү цахим мөнгөний талаар зарим хүмүүс таатай мэдээлэл өгдөггүй. Тухайлбал, Америкийн “Жи-Пи Морган Чейз” компанийн захирал Жейми Димон “Биткоин хэмээх цахим мөнгө бол “луйвар”-ын шинжтэй зүйл бөгөөд мансууруулах бодис наймаалагчид, алуурчдаас гадна Умард Солонгос шиг газарт амьдардаг хүмүүс л ашиглахад тохирсон эд” гэж “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлж байв. Энэ мэт таагүй мэдээлэл тус виртуал валютыг сонирхогчдыг эргэлзэхэд хүргэж, ханшид нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөөр ирсэн.
Биткойны ханш өссөн шалтгаанууд сонирхолтой. “Tesla”-г үүсгэн байгуулагч Илон Маск биткойнд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, компани нь төлбөр тооцоогоо криптовалютаар хийх боломжтой талаар мэдэгдсэн. “Uber” компанийг үүсгэн байгуулагч Дара Хосроушахи цахим мөнгөнд хөрөнгө оруулалт хийх бодолгүй ч криптовалютыг төлбөр тооцооны арга хэрэгсэл болгон ашиглах боломжтой гэж хэлсэн нь хөрөнгө оруулагчдад таатай мэдээлэл болж байв. “Twitter”-ийн гүйцэтгэх захирал Жек Дорси, дуучин Жей-Зи нар “Btrust” биткойн хөгжүүлэгчдийг дэмжих санд 500 биткойн хандивласан нь олныг уруу татсан гэхэд хилсдэхгүй.
Америкийн хамгийн том хоёр банк үйлчлүүлэгчдийнхээ хүсэл таашаалд нийцүүлж криптовалюттай гүйлгээ хийхээ зарласан. Тэдний нэг болох “Bank of New York Mellon Corp” криптовалютын хөрөнгийг банкны данс руу шилжүүлэх боломжийг хэлэлцэж буйгаа дуулгав. Удалгүй “JPMorgan”-ыг хамтран удирдагч, үйл ажиллагааны ерөнхий захирал Даниэель Пинто үйлчлүүлэгчид нь хүсвэл ийм арилжааг дэмжихээ илэрхийлсэн билээ.
Биткойн өндөр үнэд хүрэхэд нөлөөлсөн өөр нэгэн мэдээлэл нь “Mastercard”-тай холбоотой байв. Компани криптовалютаар төлбөр тооцоо хийхийг худалдааны сүлжээнүүдэд зөвшөөрөхдөө зөвхөн “stablecoin”-ийг дэмжихээ мэдэгдсэн юм.
Дэлхийн санхүүгийн их хямралын дараа гарч ирсэн энэхүү виртуал валют нь хүмүүст бараа, үйлчилгээнийхээ төлбөрийг уламжлалт төлбөр төлөх систем болон банкинд хандалгүйгээр шийдэх боломж олгох болсон билээ. Банкууд болон санхүүгийн бусад байгууллага түүнийг мөнгө угаагчид болон цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үздэг ч энэ таамгаа нотолж чадсан нь үгүй.
Одоогийн байдлаар 18,683,537.5 биткойн (bitcoin) байдаг бөгөөд шинэ блок олборлоход энэ тоо 10 минут тутамд өөрчлөгддөг байна. Өдгөө шинэ блок бүр 6.25 биткойн гүйлгээнд оруулж байгаа аж.
МОНГОЛ УЛСАД ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙ ТУЛ ҮҮСЧ БОЛОХ ЭРСДЭЛ ИХ
Санхүүгийн зах зээлд бүрэн оролцоотой болоход криптовалютад саад болж буй гол асуудал нь зохицуулалттай холбоотой. Криптовалют зөвхөн хэдхэн оронд л албан ёсны статустай. Тэдний нэг нь криптовалют төлбөрийн албан ёсны арга хэрэгсэл болсон Япон улс юм. Гэвч тус улсад татварын хэмжээ нь өндөр. Иргэдийн криптовалютын гүйлгээнээс олох орлогод ногдуулсан татвар 55 хувьд хүрч болзошгүй мэдээлэл хэвлэлүүдээр гарч байв.
Эстонид криптовалют албан ёсны статустай, эрх баригчид нь криптовалютыг төлбөрийн өөр нэгэн хэрэгсэл гэж үздэг. Криптовалютын гүйлгээнээс олсон орлогод НӨАТ ногдуулаагүй байна.
“FxPro”-ийн шинжээч “Биткойны ханш цаашид өсөх нь дамжиггүй. Учир нь зах зээлийн анхны бөгөөд хамгийн ач холбогдол бүхий энэхүү криптовалютын олборлолт нь алгоритмчлагдаж, 21 сая ширхгээр хязгаарлагдсан” хэмээн хэлжээ.
Монгол Улсын хувьд блокчэйн технологид суурилсан хамгийн анхны дижитал валют бол Ардкойн. Фиат-крипто хөрвүүлэлт, санхүү болон хөрөнгийн зах зээл, блокчэйн технологи, бүхнийг-нэг-дор шийдэл, хамгаалалт, хууль эрхзүй, хөрөнгө оруулалтын боломжоороо онцлогтой.
Хуулийн зохицуулалт байхгүй тул Монгол Улсад үүсч болох эрсдэл их. Төлбөр тооцооны систем болон шинэ төсөл гэх мэт олон зүйлсийг Монголд нэвтрүүлснээр эдийн засаг болон санхүүгийн салбар өргөжих бүрэн боломжтойг эдийн засагчид онцолж буй юм.
ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх олон улсын стандартын Зөвлөмж 15-д заасны дагуу улс орнууд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэгтэй.
Энэ хүрээнд 2020 оноос эхлэн Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой хуулийн төсөл боловсруулах шаардлагыг судалж эхэлсэн.Үүний дүнд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн болон дагалдах хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтүүдийг олон улсын туршлага, стандартад нийцүүлэн боловсруулсан билээ. Өдгөө тус хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлгүүд өрнөж буй юм.
Хэн ч биткойн (bitcoin), этериум (ethereum), дашкойн (dashcoin) зэрэг криптовалютаас хүссэн хэмжээгээрээ, хүссэн тоо ширхэгээр хэнээс ч хамаагүй худалдан авч, хэнд ч хамаагүй зарж болно. Энэ нь хувьцаатай төстэй ч биткойныг заавал бүхлээр нь биш ширхэглэн, хувааж авч болдгоороо түүнээс давуу талтай юм.
Холбоотой мэдээ