БНХАУ-д өчигдөр/2021.8.23/ цар тахлын нэг ч дотоодын халдвар бүртгэгдсэнгүй. Энэ бол долдугаар сарын сүүл үед цар тахлын вирусийн дельта хувилбарын халдвар нэмэгдсэнээс хойш огт шинэ тохиолдол бүртгэлгүй хоносон анхны тохиолдол юм.
Тухайлбал, долдугаар сарын 20-нд Нанжин хотын нисэх онгоцны буудлын үйлчлэгч нараас халдвар илэрсэн билээ. Удалгүй халдвар зөвхөн нисэх буудлаар хязгаарлагдахаа байж, 31 мужийн талаас илүүд нь нийт 1200 гаруй хүнд тархсан юм. Энэ бол Хятадын хувьд цар тахлын эхэн үеэс хойш байгаагүй хамгийн том хүрээтэй тархалт болж байв.
Өндөр халдвартай, хөнөөл ихтэй дельта хувилбар ийн хурдтай тархах нь Хятадын эрх баригчдын санааг ихээр зовоосон тул орон нутгийн хэд хэдэн удирдлагуудад хариуцлага тооцож, хэдэн арван сая иргэддээ хатуу хөл хорио тогтоосон юм. Хөл хорио, нийтийн шинжилгээний үнэтэй арга үр дүнгээ өгч, хоёр долоо хоногийн өмнө өдөрт 100 гаруй бүртгэгдэж байсан халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногт нэг оронтой тоо руу орж, тогтмол буурчээ.
Харин өчигдөр/2021.8.23/ Хятадад халдварын 21 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гадаадаас ирсэн хүмүүс аж. Харин дотоодод халдвар авсан нэг ч хүн бүртгэгдээгүй гэнэ. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилж, БНХАУ дотоод дахь халдвараа тэглэж чадсан нь батлагдвал дельта хувилбарыг амжилттай дарсан анхны улс болох юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ