Австралийн паралимпын тамирчин Кертис МакГрат Афганистанд алба хааж байх үеэрээ хоёр хөлөө алдсан нэгэн. Тэрбээр цэргээс халагдсан хойно пара каяак завины тамирчин болж, олимп, дэлхийн аваргаар тодорчээ.
Көртис МакГрат саяхан “news.com.au” сайтад өгсөн ярилцлагадаа “Хөлөө алдсан маань үнэ цэнтэй байв уу? Өмнө нь энэ асуултанд “Тийм” гэж хариулж чаддаг байлаа. Талибаны мэдээг хараад эхэндээ бухимдсан. Бид Афганистаны 300 мянган цэргийг бэлтгэж, зэвсэглэж өгч байхад тэд талибанчуудад зүгээр л буугаад өгчихсөн. Эхэндээ бидний мөнгө, амь нас, гар хөл ямар үнэ цэнтэй байсан юм бол ? гэж бодсон” хэмээжээ.
МакГрат 2012 онд Афганистаны Урузган мужид үүрэг гүйцэтгэж байх үеэрээ гар хийцийн тэсрэх бөмбөгт оногдож, хоёр хөлөө өвдөгнөөс доош хэсгийг алдаж, чихний хэнгэрэг нь цоорчээ.
МакГрат армид Их Британийн ханхүү Харритэй нөхөрлөж, анд нөхдийн холбоотой болсон гэнэ.
Кертис МакГрат үргэлжлүүлэн ярихдаа “Би ахмад дайчдынхаа санаа бодлыг л илэрхийлж байна. Хүн бүр янз бүрийн л бодолтой байгаа байх. Зарим маань энэ мэдээг сонсоод жоохон ичиж, уурлаж байгаа. Тэд тэгэж бодох эрхтэй хүмүүс. Би л гэхэд хамгийн түрүүнд бидэнд тэсрэх бөмбөгний байршлыг олж өгөх гээд өөрийгөө золиосолсон залуугийн талаар бодсон. Тэр залуу тосгоноосоо гарч, мэдээ хүргэх гэж манай шалган хүртэл алхаж ирсэн байсан. Түүний ачаар л бид нуусан тэсрэх бөмбөгнүүдийг олж, олон хүний амийг аварсан. Тиймээс би өөрөөсөө ичдэггүй ээ. Бид юу туулсныг би мэднэ. Би тэр аймшигтай хүчирхийллийг нүдээрээ харсан. Талибанчуудын харгис, хэрцгий үйлдлийг хажуунаас нь харсан. Бид Афганистанд очиж, тус улсыг илүү сайхан газар болгохыг хичээсэн. Би угаасаа тэгэх үүрэгтэй байсан” гэжээ.
Кертис МакГрат "Токио-2020" паралимпын наадамд алтан медаль хүртэх зорилготой оролцоно. Өдгөө 33 настай тэрбээр 2016 оны Риогийн наадамд түрүүлснээс гадна дэлхийн аваргад 10 удаа түрүүлж, нэг мөнгөн медаль хүртжээ.
Холбоотой мэдээ