Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтараас сүүлийн үед авто замын салбарт өрнөж буй бүтээн байгуулалтын талаар тодруулав.
-Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Тус замын өртгийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Бэлтгэл ажил эхэлсэн үү?
-Бид хамгийн том дүнгээрээ 600 гаруй сая ам.доллар гэж тооцсон. 16.6 км үргэлжлэх туннелийг тооцоод тэгж байгаа юм. Гэхдээ энэ бол дээд тоо. Цаашдаа нарийвчилсан тооцоогоо гаргаж, газрынхаа реферецийг гаргаад ирэхээр дээрх тоо харьцангуй буурна. Үүнийг яагаад итгэлтэй хэлж байна вэ гэхээр анх бид Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг барих үед анхны тооцоо 2.5 орчим их наяд төгрөг гэж ярьж байсан. Зураг хийгээд, гүйцэтгэл хөөгөөд явахаар одоогийн байдлаар 1.4 орчим их наяд болж буурснаар 1.1 их наядыг хэмнэсэн гэсэн үг байхгүй юу. Дотоодын компаниуд өөрсдөө хийж байгаа учраас тэр юм. Тийм байдлаар цаашдаа замын өртөг харьцангуй буурна гэж ойлгож болно.
-Дарханы замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Дарханы замын бүтээн байгуулалт явдгаараа явж байна. Энэ зуны хувьд Монгол Улсын бүх нутгаар бороотой байлаа. Бороотой байх нь хөдөө аж ахуй, орон нутгийн иргэдэд таатай, мал тарга тэвээргээ авах нь сайхан. Харин авто замын салбарт харш байдаг. Тэглээ гээд яах вэ. Бүтээн байгуулалтын ажил явдгаар аа явж байна. Аравдугаар сарын сүүл хүртэл бүтээн байгуулалтын ажил явагдана. Азийн хөгжлийн банкны төслөөр хэрэгжиж буй эхний үе шатын 112 км-ыг бүрэн хучаад гаргачихсан. Яах вэ, алдартай хоёр, дөрөвдүгээр багцад байсан компанитай гэрээ цуцлаад дараагийн гүйцэтгэгч нарыг тодруулаад олон улсынхаа тендерийн бичиг баримтад заасны дагуу гэрээ байгуулах шатандаа явж байна. Ингээд ажил урагшлана даа.
-Дарханы зам хэдийд дуусах вэ?
-Ер нь 2022 оны намар гэдгийг тодорхой хэлээд байгаа. Энэ жил Европын сэргээн босголтын банкны нэгдүгээр багц түрүүчээсээ хучигдаад эхэлнэ. Бараг 37 км-ээс 25 км-ийг нь хуччих болов уу. Далангийн ажил сайн явж байна.
-Цар тахлаас үүдэлтэй хил гааль дээр ачаа бараа гацаж байна. Богдхан төмөр замыг барихад энэ эрсдэлийг тооцсон уу?
-Тооцолгүй яах вэ. Өнөөдрийн байдлаар гүүр хоолойн болон Туулын сав газраар гарах гүүрэн дээр арматур нэлээн шаардлагатай болох байх. Цементийг дотоодоосоо авна. Гэхдээ Мааньт талаасаа хөөгөөд явж байгаа учраас ирэх оны төгсөл юм уу, тэрний дараа оны дунд хавьцаа гүүрэн дээр очих байх. Наана нь геодезийн хайгуулууд дуусчихвал хэсэглээд гэсэн ч орно. Гэхдээ тэр хүртэл нөхцөл байдал аятайхан болчих болов уу гэсэн өөдрөг бодолтой байна.
-Богдхан төмөр замын зураг төсөл нь гараагүй байгаа юм байна. Энэ талаар юуг хэлэх вэ?
-Зураг төсөл түрүүчээсээ хийгдээд явж байна. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төсөл дээр бид зургийг 5-10 км таслаад хийгээд явсан. Тэрнээс бүгдийг нь зуун хувь дуусгачхаад хийнэ гэвэл гурав, дөрвөн жилийн ажил байхгүй юу. Ингэж зэрэгцэж явуулснаараа бид цаг хожиж байгаа юм. Ганцхан жишээ хэлье. 2019 онд бид Зүүнбаян талаасаа хэрвээ 414 км замын бүх зургийг хийчхээд одоо орно гэсэн бол магадгүй өнөөдөр замын ажил хийгдээгүй байсан байх. Тэр маягаараа эхний 5км-ийн зураг төсөл гарч ирнэ.
Манайхан бас нэг буруу ойлголт авч магадгүй. Шууд зам бариад явах юм шиг бодож магадгүй. Бэлтгэл ажил шаардлагатай. Хамгийн наад зах нь трассийн дагуух худгаа гаргана. Таван км тутам худаг гаргана. Худаг гаргаснаар далангийнхаа үеийг тавих үед үе бүрт чийгшүүлж усаар шүршиж байж нягтрашил 96-98 хувьд хүрнэ. Дараа нь даланд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулаа хийнэ. Урьдчилаад тооцсон зүйл бидэнд бий. Түгээмэл тархацтай ашигт малтмалаа олборлоод трасс руу гаа авчрах технологийнхоо түр замаа тавина.
-Төв аймгийн Лүн сумын авто замын эвдрэл иргэдийн бухимдлыг төрүүлж буй. Тус замын засвар эхэлсэн үү?
-Лүнгийн зам урсаагүй. Буруу мэдээлэл яваад байна лээ. Уржигдар газар дээр нь ажиллаад ирсэн. Лүнгийн замаас цаашаа салаад Лүн сумын цаад талын уулын гүүрнээс яваад Хөвсгөл, Архангай явах чиглэлийн зам байдаг.
Цаашаа өгсч буй хэсэгт цаад уулын үер буусан байсан. Доошоо гурван метр орчим зам идэгдсэн байна. Тэнд бол далангийн суурийн доод үеэс доошоо тэр чигээрээ элс байна лээ. Тийм газрыг яалтай билээ. Ёстой л байгалийн давагдашгүй хүчин зүйл юм. Өчигдөр түр зам тавиад, дүүргэлт хийгээд явж байна. Долоо хоногийн дараа дүүргэлтүүд харьцангуй гайгүй болоод замынхаа хуучин трасаар машин явах нөхцөлтэй болчихно.
-Замын-Үүд болон бусад боомтуудын ачаа бараатай холбоотой асуудал танай яамд харьяалагдаж байгаа. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх вэ?
-Энэ гацаа ганцхан Монгол улсад бус бусад орнуудад мөн байна. Тухайлбал, Хятад Казакстаны хил дээр мөн ийм асуудал үүссэн байна. Манайх жишээлбэл, Замын-Үүдээр 120 машин өдөрт оруулж байна.
БНХАУ 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулна. Одоо удахгүй он гараад олимп боллоо. Олимп хүртэл дотоодын тархалтаа бүрэн зогсоож олимпийн хорооны үүргээ хүлээсэн үүрэг байгаа учраас тэр лүү өндөр ач холбогдол өгч байна. Бид нар зүгээр суусангүй. Энэ хугацаанд Хятадын талуудтай ажиллаж байна.
Нэг үеэ бодвол Эрээн дэх түгжрэлийн асуудал харьцангуй гайгүй байна. Тяньжин дээр үүссэн саатлын хувьд өдөрт нэг галт тэрэг явж байна. Дараагийн асуудал бол Монголд ойр бусад боомтуудыг ашиглах тал дээр манай тээвэр зуучийн компаниуд төрийн бодлогын үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна гэж үзэж байгаа. Магадгүй алс дорнодын боомтууд бий. 1990-ээд оны үед зах зээлийн эдийн засагт шилжиж гадагшаа, дотогшоо худалдаа хийж байхад, Алс дорнодын боомтоос Монгол руу хамгийн их ачаа ирдэгбайсан. Магадгүй тодорхой хугацааны нөхцөл байдлаас илүү зарим улсдаа тээвэр зуучийн компаниуд зарим худалдан авагч руу шилжүүлэхийг цаашдаа үгүйсгэхгүй.
-Улаанбаатар төмөр замын удирдлагын асуудал юу болсон бэ?
-Бид нар асуудлаа тавьсан байгаа. Оросын талаас хариу хүлээж байна.
-ИНЕГ-ын удирдлагыг хэзээ томилох вэ?
-Засгийн газрын хуралдаанд удахгүй оруулна.
Холбоотой мэдээ