Орос Европын харилцааг ойртуулсан хийн хоолой

Хуучирсан мэдээ: 2021.08.24-нд нийтлэгдсэн

Орос Европын харилцааг ойртуулсан хийн хоолой

Орос Европын харилцааг ойртуулсан хийн хоолой

ОРОС-УКРАИНЫ ХИЙН МАРГААН

Оросын байгалийн хийн экспортын гол дамжин өнгөрөх коридор саяхныг хүртэл Украйн байв. Тодруулбал, Орос улс Украйны хийн хоолойгоор дамжуулан байгалийн хийгээ Европ руу экспортолж байсан билээ. Гэвч Украины “Нафтохаз Украйини”, Оросын “Газпром” хоёрын хооронд хийн нийлүүлэлт, үнэ, өр төлбөртэй холбоотой маргаан байнга дэгдэж байв. Үүний улмаас нийлүүлэлт зарим тохиолдолд саатаж талуудын аль аль нь алдагдал хүлээж байсан юм.

Тухайлбал, 2005 онд хоёр улсын хооронд ээлжит хийн маргаан дэгдэж нийлүүлэлт 2006 оны нэгдүгээр сар хүртэл зогсож байжээ. Учир нь Оросын эрчим хүчний компани “Газпром” 1000 шоо метр хий тутмыг 50 ам.доллараар нийлүүлдэг байсныг 230 ам.долларт хүргэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. 2004–2005 онд Европын холбоонд нийлүүлсэн Оросын байгалийн хийн экспортын 80 хувь нь Украины нутаг дэвсгэрээр дамжиж, “Газпром”-ын ашиг орлогын гуравны хоёрыг бүрдүүлж байв.

2015 оны арваннэгдүгээр сарын 25-нд “Газпром” Оросын байгалийн хийг Украин руу экспортлохоо зогсоов. Украины засгийн газрын мэдэгдсэнээр байгалийн хийг илүү хямд үнээр худалдаж авах боломжийг олж харсан бол “Газпром”-ын мэдээлснээр Украин дараагийн нийлүүлэлтийн үнийг төлөөгүй аж. 2018 оноос хойш Орос улс байгалийн хийгээ Украинаар дамжуулан Европ руу нийлүүлэхээс зайлсхийх болсон юм. “Газпром” Украины нутгаар дамжин өнгөрөх хийг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулж эхэлсэн бөгөөд “Хойд урсгал 2” хий дамжуулах хоолой ашиглалтад орсноор цаашид ч бууруулах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ.

ХОЙД УРСГАЛ

"Хойд урсгал" нь Оросын байгалийн хийг Европын төв хэсэгт нийлүүлэх зорилготой төсөл юм. Үүний тулд “Газпром”-ын эзэмшдэг “Nord Stream” компани Балтийн тэнгисээр дамжин өнгөрөх хоолойгоор Орос, Германыг холбох хэрэгтэй болсон билээ. “Хойд урсгал 1”-ийн эхний шугам 2011 оны арваннэгдүгээр сарын 8-нд, хоёр дахь шугам 2012 оны аравдугаар сарын 8-нд нээлтээ тус тус хийж байв. Харин “Хойд урсгал 2”-ыг тавих ажил 2018 оноос өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм.

“Хойд урсгал 1” нь Санкт Петербургийн хойд хэсгээс Балтийн тэнгисээр дамжин 1200 гаруй км үргэлжлэх хоолой юм. Дамжуулах хоолой тус бүр 55 тэрбум шоо метр байгалийн хийг цэвэршүүлэх, түгээх төвүүдэд хүргэдэг аж. Чиглэлийн хувьд Орос, Финланд, Швед, Дани улсын хяналтад байдаг тэнгисээр дайран өнгөрч, Германы зүүн хойд эрэгт хүрдэг байна.

Төслийн байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллөөс шалтгаалан Орос “Хойд урсгал”-ын асуудлыг Польш, Эстони, Латви, Литви орнуудтай зөвлөлдөх шаардлагатай байв. “Хойд урсгал 1”-ийн талаар зөвлөлдөх уулзалт 2006 онд эхэлсэн бөгөөд багагүй маргаан үүсч байсан ч барилгын ажил урагшилсаар дамжуулах хоолой 2011 онд ашиглалтанд орсон.

Уг хоолой ашиглалтанд орсноор Оросын хийн урсгалыг Европ руу нийлүүлэх ажиллагаа улам хялбар дөт болов. Улмаар Европт хүлэмжийн хий буурснаар Герман, Польш тэргүүтэй орнуудын ОХУ-аас хийн эрчим хүч импортлох сонирхол улам бүр нэмэгджээ. Нүүрсний үйлдвэрлэлийг хийн эрчим хүчээр сольсноор эдгээр орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хүлээх шаардлагагүй юм.

Ийнхүү “Nord Stream” компани 2017 онд хоёр дахь хий дамжуулах хоолой барих саналыг тавив. Балтийн тэнгисийн таван орны дөрөв нь “Хойд урсгал 2”-ыг дэмжсэн бол Дани улс татгалзсан хариу өгч байгаад зөвшөөрчээ. 2017 оны дөрөвдүгээр сард “Nord Stream 2 AG” нь “ENGIE”, “OMV”, “Royal Dutch Shell”, “Uniper”, “Wintershall” зэрэг Европын эрчим хүчний компаниудтай хамтран хий дамжуулах хоолой барих төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж, 2018 оны есдүгээр сард байгууламжийн ажил эхэлжээ.

АНУ-ГЕРМАН, ГЕРМАН-УКРАИНЫ ТОХИРОО

Украин 2024 он хүртэл жилд 40 тэрбум шоо метр хий Оросоос Европ руу тээвэрлэх бөгөөд үүнээс жилд 1.5 тэрбум ам.долларын ашиг олж байгаа нь ДНБ-нийх нь нэг хувийг бүрдүүлж байна. Гэвч Орос улс 2017 онд Европын эрчим хүчний компаниудтай хамтран жилд 55 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай, 1200 км үргэлжлэх шинэ хийн хоолой барихаар болсон нь Украинд хүнд цохилт болж байна. Киев ашиг орлогоо алдах эрсдэлтэй байгаагаас гадна Москва Европын орнуудын байгалийн хийн зах зээлд хяналтаа тогтоох магадлалтай учраас ийн санаа зовох шалтгаан болжээ.

АНУ, Герман өнгөрсөн долдугаар сарын 21-ний өдөр хамтарсан мэдэгдэл гаргаж, "Хэрэв Орос улс “Хойд урсгал” төслөөр дамжуулж Европыг түрэмгийлэх гэж оролдвол хориг арга хэмжээ болон бусад арга хэрэгслээр хариуцлага тооцоход бэлэн байна" гэжээ. Харин АНУ-ын сөрөг хүчний улс төрчид хэлэлцээрийн үр дүнд сэтгэл хангалуун бус байгаа юм. Тэдний үзэж байгаагаар Балтийн тэнгист баригдаж буй хийн хоолойн ажлыг АНУ эцсээ хүртэл эсэргүүцэх ёстой байв.

ОХУ Европын орнуудын эрчим хүчний хангамжийн аюулгүй байдалд заналхийлж буй тохиолдолд эсрэг хориг арга хэмжээ авахаа төсөлд оролцогч Германы тал Украинд илэрхийлж байна. Мөн Оросын байгалийн хий Украинаар дамжин өнгөрөх гэрээний хугацаа 2024 онд дуусах хүртэл тус улсад учирсан бүхий л орлогын алдагдлыг төлнө гэжээ. Үүний зэрэгцээ, АНУ, Герман хоёр улс нэг тэрбум ам.долларын сан байгуулж, Украинд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулахаар болсон юм.

Гэвч Орос энэ хоолойг геополитикийн зэвсэг болгон ашиглахгүй гэдгээ хэдийн илэрхийлсэн юм. Захиргааны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ "Орос улс Европ тивийн эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хэзээд хүндэтгэх болно. Украины хувьд, ерөнхийлөгч Путин байгалийн хийн транзит тээврийн гэрээг 2024 оноос хойш сунгахад бэлэн байгаагаа удаа дараа хэлж байсан” гэжээ. “Хойд урсгал 2”-ын байгууламжийн ажил энэ наймдугаар сард дуусах төлөвтэй байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: OFFSHORE TECHNOLOGY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж