Анхаар! Аравдугаар сар хүртэл түгжирнэ

Хуучирсан мэдээ: 2021.08.24-нд нийтлэгдсэн

Анхаар! Аравдугаар сар хүртэл түгжирнэ

Анхаар! Аравдугаар сар хүртэл түгжирнэ

Намрын сэрүү унаж, үргэлжилсэн бороотой өдрүүдэд хот  ундуй сундуй айл шиг болжээ. Энд тэндгүй ухаж сэндийлсэн нүх, шугам хоолойгоос гадна зам засвар шинэчлэлийн  ажил нь дөнгөж эхлэж байна. “Шинэхэн” гэгдэх Олимпын гүүрний доод хэсгийн туслах замыг сэтэлснээс болж түгжрэл үүсэх нь энүүхэнд. Хоёр өдөр /2021.06.08-9/ үргэлжилсэн усархаг борооны улмаас замыг сэтэлж, хаагаад байгаа юм.  Үүнээс болж тавхан “алхам”-ын зайтай газарт иргэд ажилдаа явах, гэртээ орохын тулд зам дээр нэг цаг орчим түгжрэх нь ердийн л үзэгдэл болжээ.

Замын наана, цаана гарахын тулд түгжрэлд гацаж, аргаа барсан хүмүүс машинаа хаяад “алхах” хүртлээ бухимдаж байна. Оршин суугчдын төлөөлөл О.Биндэръяа “Ажлаа тараад гэртээ орохын тулд машинтай тойрохоос аргагүй. Түгжрэл толгойн өвчин болсон. Манай гэр ажлын  хооронд 450 метрийн зайтай байхад 40-50 минут түгжирдэг. Автомашинаар ажлаа амжуулахаас өөр аргагүй учраас машинтай гардаг. Гэтэл таг түгжрээд зогсдог. Зам дээр машинаа хаяад явж болохгүйгээс хойш уураа бараад, түгжрэхээс өөр аргагүй. Бас гэрийнхээ ойролцоо алхаад дэлгүүр орох хүртэл саад бартаа ихтэй. Хэдийгээр үерийн улмаас зам сэтлэхээс өөр аргагүйд хүрснийг ойлгохыг хүсч байгаа ч энэ бол манайхны инженерийн байгууламжаа дутуу гоомой хийдэгтэй холбоотой. Ямар ч улсад аль ч хотод газар доорх байгууламж нүдэнд харагдахгүй ч бидний амьдралын тав тух, аюулгүй байдлыг шийддэг чухал хэсэг. Гэтэл энэ бүхнийг тооцоололгүй дутуу дулимаг ажил хийж байна. Дахиад бороо орвол яах вэ? гэдгийг бодож төлөвлөдөггүй. Уг нь бид биш ажил хариуцсан хүмүүс энэ асуудлыг урьдчилан тооцох ёстой. Эдийн засаг ядруухан байхад нэг ажлаа хоёр, гурав дахин хийдэг нь яаж бид хөгжих билээ. Сэтгэл дундуур байдаг. Энэ бүхэнд ажил хариуцсан хүмүүс ямар ч сэтгэл нь эмзэглэдэггүй. Монголчуудын уужуу сайхан сэтгэлийг дэвсэлсээр л байдаг” гэлээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу Олимпын гүүрний доод хэсэг болох буцаж эргэх чиглэлийн замыг дахин барих ажил дуусах болоогүй бололтой.  Гүүрний ойролцоо том оврын ачааны автомашины хөдөлгөөн тасрахгүй. Ажилчид ч хоорондоо ярих завгүй, тус тусын ажлаа хийнэ.  Ямартай ч замын ажлыг ирэх аравдугаар сард дуусгахаар төлөвлөжээ. Уг ажлыг хариуцсан мэргэжилтний хэлснээр замын ажлыг Монголын туслах компаниуд гүйцэтгэж байгаа гэнэ.

БИД БУРУУ ЗАМ БАРЬЖ, ЭВДЭЛЖ СЭТЭЛСЭН ЗҮЙЛ ОГТ БИШ

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Зам, барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.ЭНХМАНДАХ:  

-Гүүрний баруун талын түр замыг 2020 оны гуравдугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд ашиглахаар нээсэн. Энэ бол үндсэн зам биш. Бид тухайн үед мянгын кольцо буюу 2-3 усны хоолой байрлуулсан. Гэтэл энэ зун хоёр өдөр /2021.06.08,9 / үргэлжилсэн борооны усыг хоолойн зарцуулалт дийлэхгүй. Бид буруу зам барьж эвдэж сэтэлсэн зүйл огт биш.

Үргэлжилсэн борооны улмаас голын үндсэн гүүрээр урссан голын ус гүүрний баруун тал орчимд хуримтлал үүссэн. Иймд нийслэлээс тухайн замыг сэтэлж, голын гольдролыг хэвийн байдалд нь оруулсан. Сэтлэхээс өөр ямар ч арга байхгүй.

Өнөөдрийн нөхцөлд буцаж эргэх хэсгийн зам хаагдсан байгаа тул жолооч нар бусад зорчих хэсгээр замын хөдөлгөөнд оролцохоос өөр сонголтгүй.

Иргэдийн зүгээс  зургадугаар сараас хойш буцаж эргэх замыг байнгын ашиглалттай болгох маш их хүсэлт ирсэн. Тиймээс үндсэн гүүрний баруун талд түр барьсан авто замыг байнгын ашиглах зорилгоор 60 метр гүүр барих ажил төслийн хүрээнд хэрэгжиж байна. Одоогоор гүүрний доод талын өрөмдмөл гүнд 1.5 метрийн диаметртэй шон суурь буюу газрын түвшнээс 19-20 метрийн гүнд суулгах ажил дууссан. Энэ жилийн хувьд бүх ажлыг Монголын  туслан гүйцэтгэгчид. Учир нь замын төсөл 2020 онд хэрэгжих байсан ч цар тахлын улмаас түр хойшилсон. Хятадын талаас 20 орчим ажилтан бий. Тэд төсөлтэй холбоотой инженер техникийн мэргэжилтнүүд юм. Зам  ашиглалтад орсноор цаашид гольдролоороо хэвийн урсана.

                               "УЛААНБААТАРТ АЛХАХ ГАЗАР АЛГА"

Зам хааж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн ч оршин суугчдын зовлон дуусаагүй бололтой. Тэд түгжрэлээс гадна шугам сүлжээ, зам засварын ажилтай холбоотой цахилгаан, халуун хүйтэн ус тасрах, гишгэх газаргүй байгааг ч оршин суугчид хэлсэн.

БЗД-ийн  26 дугаар хорооны оршин суугч Г.ЦЭНДБАЯР:

-Гэртээ орохын тулд тойруу замаар 30, 40 минут түгжрэх үнэхээр төвөгтэй. Бас засварын ажлаас нь болж ойр ойрхон зайтай цахилгаан тасарч, халуун, хүйтэн усгүй болдог. Засварын улмаас өнгөрсөн долоо хоногт гурван өдөр халуун ус тасарсан. Ер нь бороо орохоор тог цахилгаан, ус тасардаг, жил бүр шугам сүлжээний засварын ажил хийж халуун ус хязгаарладаг нь хүндрэлтэй. Нарийн учрыг нь мэдэхгүй ч бүтээн байгуулалт чанартай байх нь чухал.

 

 

 


СБД-ийн нэгдүгээр хорооны оршин суугч Б.АРИУН: 

-Зам засварын ажлаас болж явган алхахад хүндрэлтэй. Түгжрэлээс болоод машинаас татгалзаж алхдаг ч саад тотгор ихтэй. Жилийн жилд дулааны шугам засвар, зам засварладаг. Үүнийг харахаар бухимддаг.  Нэг ажлыг олон дахин хийдэг нь инженерийн алдаатай системтэй холбоотой байх. Засварлаж шинэчилж байгаа бол чанартай ажил хийх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд Улаанбаатарт алхах зам алга.  Бороо ороход гишгэх газаргүй, ус туулахаас өөр аргагүй болдог. Үнэхээр хэцүү.

 

 

 


Хотын А бүсэд  нээсэн  "Өглөөний гудамж"-аараа Д.Сумъяабазар дарга өдөр шөнөгүй пиардаж, өөрийгөө магтуулж суухад нийслэлийн нөгөө захад үер усны гамшиг одоо ч арилаагүй хэвээр. Үнэндээ хотын удирдлуудын бүтээн байгуулалт зам гүүрийнх нь ажлын чанарыг нэг өдрийн бороо, салхи “шалгачихдаг”.  Хэрэв дахин үргэлжилсэн борооны улмаас хот үерт автвал бид бэлэн үү. Хотын дарга зөвхөн өнгөнд хууртаж суухаар үер уснаас болж шалбааг туучихаж хүрч буй иргэдийнхээ эмзэг асуудалд анхаарлаа хандуулбал яасан юм бэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж