Шведийн Ерөнхий сайд Стефан Лофвен арваннэгдүгээр сард намын дарга болон Ерөнхий сайдын албан тушаалаас буухаар болсноо өнгөрсөн Ням гаригт мэдэгдэв. Социал демократ намын дарга тэрбээр жил бүрийн зун зохиогддог илтгэлийн арга хэмжээний үеэр энэхүү мэдэгдлийг хийжээ.
Тэрбээр "Би арван жилийн турш намын даргаар, долоон жил Ерөнхий сайдаар ажиллалаа. Гэхдээ юм бүхэнд төгсгөл байдаг шүү дээ. Миний хувьд одоо ажлаа амжилт дүүрэн хүлээлгэн өгөхийг л хүсч байна" гэсэн юм.
Өнгөрсөн долдугаар сард явуулсан санал асуулгаар Ерөнхий сайдын албыг гурав дахь удаагаа хашиж буй Лофвен хамгийн “итгэл даамгүй” Ерөнхий сайдаар тодорч багагүй шуугиан дэгдээж байв. Гэнэтийн мэдэгдлийнхээ дараа тэрбээр Шведийн телевизэд өгсөн ярилцлагадаа саяхныг хүртэл бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажиллахаар төлөвлөж байснаа хэлжээ.
Лофвен 2022 оны есдүгээр сард болох парламентын сонгуулиар намдаа илүү их боломж олгохын тулд энэхүү шийдвэрийг гаргасан гэжээ. Түүний халааг авах хүнийг хараахан тодруулаагүй байгаа аж.
С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: XINHUA
Холбоотой мэдээ