Ротацийн сонгуулийг төвийн дүүргүүд “ихэрлүүлжээ”

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Ротацийн сонгуулийг төвийн дүүргүүд “ихэрлүүлжээ”

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ардчилсан намынхан аймаг, нийслэлийн дунд шатны намын байгууллагадаа ротацийн буюу дотоод эргэлтийн сонгууль явууллаа. Зуд турхантай байгаа Өмнөговь, Дундговь аймаг, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусдаас нь ямар нэг байдлаар ротацийн сонгуулийн урьдчилсан мэдээ ирсэн ч нэгтгэж гаргаж амжаагүй байгаа гэнэ. Төвийн бүсийн аймгуудад амралтын өдрүүдэд цаг агаар муудаж цасаар шуурсан нь холбоо харилцаа саатахад нөлөөлжээ.
Урьд өмнө ротацийн сонгуулийн үеэр маргаан зөрчил тасардаггүй байсан нь энэ удаад ч давтагджээ. Ихэвчлэн саналын тооллогын маргаан будилаан зонхилдог байсан бол энэ удаад фракцаараа талцан зэрэгцээ сонгууль явуулсан зөрчил нийслэлийн төвийн дүүргүүдэд гарсан байна.
Чингэлтэй дүүргийн Ардчилсан намынхан сонгууль “ихэр”-лүүлэхийн бодит жишээг үзүүлсэн байна. Тус дүүргийн Ардчилсан намын дарга Т.Бат-Эрдэнэ намын байраасаа дайжиж тамга тэмдгээ албан тасалгаандаа бус гэртээ хадгалдаг нэгэн шинэ зарчмыг ажилдаа тусгасан гэнэ. Хааяа гурван бие хамгаалагчаар харгалзуулан намын байрандаа ирдэг тэрбээр гишүүдийнхээ өргөдөл, саналыг хаалганыхаа завсраар авч тамга тэмдэг дараад буцааж өгдөг аж. Сая болсон ротацийн сонгуулийн үеэр тэрбээр намын гишүүдийнхээ саналыг үл харгалзан намын байраасаа өөр газарт санал хураалт явуулжээ. Т.Бат-Эрдэнэ дарга Чингэлтэй дүүргийн ротацийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны даргаар ажилласан н.Бадамгаравын бүрэн эрхэд халдаж, өөрийн дураар нутаг дэвсгэрийн тойргийн хуваарилалтыг өөрчлөн будилуулжээ. Ингэхдээ “намын байрыг дүүргийн намын хуучин дарга Б.Батбаатар хурааж аваад оруулахгүй байна” гэсэн тайлбар хийсэн аж. Үүнээс болж Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүдийн зарим нь намын байран дээрээ, хагас нь өөр газарт санал өгч, зэрэгцээ сонгууль явуулан будилаан хутгасан гэнэ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ардчилсан намынхан бас л “ихэр” сонгууль явуулж гишүүдийнхээ толгойг эргүүлжээ. Тус дүүргийн Ардчилсан намын дарга Б.Ариунболд, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нар зэрэгцүүлэн дүрмийн бус сонгууль явуулж маргаан дэгдээсэн байна. Тэд өөр өөрийн явуулсан сонгуулийг зөв хэмээн мэтгэлцэж байгаа аж.
Баянзүрх дүүрэгт мөн л дээрхийн адилаар зэрэгцээ сонгууль болсон байна. Хууль ёсны намын дарга нь дүрмийн дагуу сонгуулиа хийсэн ч дүүргийн Ардчилсан намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Т.Мөнхбаяр хууль бусаар  өөрийн нөхдийг цуглуулан сонгууль хийж маргаан дэгдээжээ. Сонгинохайрхан дүүрэгт дүүргийн Ардчилсан намын дарга нь нутаг дэвсгэрийн сонгуулийн тойргийн хороодыг дур мэдэн өөрчилж, өөрт талтай гишүүдийг сонгогдсонд тооцож, харин таалдаггүй гишүүдийнхээ авсан саналыг хасан сонгогдоогүй мэтээр Ардчилсан намын төв аппаратад мэдээлсэн байна. Ийнхүү нийслэлийн төвийн дүүргүүдийн Ардчилсан намын байгууллагын дунд шатны ротацийн сонгууль холион бантан болсон сурагтай байна. Иймд уг сонгууль дахих магадлалтай болжээ.
Цөөнгүй аймагт ротацийн сонгууль маргаантай болсон сурагтай байгаа бөгөөд маргаашаас дүн ирж гүйцсэний дараа хаана будилаан гарсан нь илүү тодорхой болох бололтой.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж