"Covid-19-өөр өвдсөн сурагчдаас есдүгээр сарын 2-ноос ЭЕШ авна" | News.MN

"Covid-19-өөр өвдсөн сурагчдаас есдүгээр сарын 2-ноос ЭЕШ авна"

"Covid-19-өөр өвдсөн сурагчдаас есдүгээр сарын 2-ноос ЭЕШ авна"

"Covid-19-өөр өвдсөн сурагчдаас есдүгээр сарын 2-ноос ЭЕШ авна"

Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайханаас энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) үеэр гарсан зөрчлийн талаар тодрууллаа.


-Цар тахлын улмаас Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэ өдрүүдэд шалгалтын материал задарсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Шалгалтын дүрэм журам зөрчсөн хэчнээн зөрчил бүртгэгдэв?

-Элсэлтийн ерөнхий шалгалт дууссаны дараа ирцийн мэдээллийг авч үзэхэд 75-90 хувьтай шалгуулагчид шалгалт өгсөн байна. Мэдээж ирцийн мэдээлэлд цар тахлын нөхцөл байдал нөлөөлж байна. Магадгүй энэ өдрүүдэд шалгуулагчид халдвар авч, тусгаарлалтад орж, хавьтагч болсон байж болзошгүй. Мөн өмнөх онд төгссөн боловч энэ жил ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн олон төгсөгч шалгалтаа өгсөнгүй. Цар тахлын улмаас энэ жил ирц тааруу байлаа.

Улсын хэмжээнд 82 шалгалтын байранд давхардсан тоогоор 10250 гаруй хүний оролцоотойгоор шалгалтыг зохион байгуулсан. Үүнээс 1993 шалгагч багш ажилласнаас нэг багш 3-4 хичээлд хяналт тавьсан. Мөн 900 орчим зохион байгуулагч багш, 310 багийн ахлагч нарыг удаа дараагийн онлайн сургалтад хамруулсан. Гэсэн хэдий ч хянагч, зохион байгуулагч багш нартай холбоотой зарим шалгалтын байруудад зөрчил гарсан.

Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын Хоёрдугаар сургууль дээр шууд засалтыг удирдаж байсан багш математикийн хичээлийн түлхүүрийг буруу хийж, эцэг эхчүүд болон сурагчдыг ихээр бухимдуулсан. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл технологийн чиглэлийн хөндлөнгийн шинжээч ажиллуулахад өөр түлхүүр хийсэн ноцтой асуудал гарсан. Мөн нийслэлийн 69 дүгээр сургууль дээр ажилласан хянагч багш нар шалгалтын байранд өөрсдөө гар утастай орж, хүүхдүүдэд хяналт тавихгүй байх, ангид дэг журам тогтоохгүй байх асуудал үүссэн. Мөн нийслэлийн дөрөвдүгээр сургуульд сурагч гар утас ашигласныг тухайн ангид байрлуулсан камерын бичлэгээр баталгаажуулж, илрүүлсэн. Бас нийслэлийн 39 дүгээр сургуулийн сурагч гар утастай орж, багш руугаа мессэж бичихийг оролдсон байсан.

Баян-Өлгий аймагт багш нь сурагчаа гар утастай орохыг зөвлөж, сурагч нь багш руугаа гар утсаараа мессэж бичсэн ноцтой асуудал гарсан. Мөн Завхан аймагт өөрийнхөө оронд өөр хүүхэд шалгалтад оруулсан асуудал үүссэн гэх мэтээр шалгалтын байруудад шалгуулагч, хянагч багш нараас хамаарсан алдаа хэд хэд гарлаа.

-Шалгалтын үеэр зөрчил гаргасан багш, сурагчдад ямар хариуцлага тооцох вэ?

-Мэргэжлийн багш нартай холбоотой асуудлыг тухайн аймаг, дүүргийн Боловсролын газар, хэлтэс шийдэж, арга хэмжээ авна. Зөрчил гаргаж дүн, оноо нь хүчингүй болсон шалгуулагчид дараа жил ЭЕШ өгч болно.

Боловсролын үнэлгээний төвөөс гаргаж байгаа Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд багшид хүлээлгэх хариуцлагын тухай тусгаагүй. Энэ жилийн шалгалтын үеэр багш ёс зүйн алдаа гаргаж, үгсэн хуйвалдсан, шалгалтын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн үйлдэл гаргасан хүмүүст багшийн ёс зүйн дүрмээр хариуцлага тооцох боломжтой. Энэ шалгалтыг зохион байгуулахад олон хүний хүч хөдөлмөр шаарддаг. Тиймээс сэтгэл хөөрлөөр олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл нийтэлж, олон нийтийг төөрөгдүүлж болохгүй.

-Олон нийтийн сүлжээнд нийгмийн тухай мэдлэг, англи хэлний хичээлийн сэдэв, даалгавар задарсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ мэдээллийг шалгаж, тогтоосон уу?

-Нийгмийн тухай мэдлэг хичээлийн сэдэв, даалгаврыг фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн нийслэлийн 35 дугаар сургуулийн багш байна. Энэ багш өнөөдөр Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдтэй уулзаад явсан. Сурагч шалгалт өгсний дараа тэр материалынх нь зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн гэсэн тайлбар өгсөн. Хэдийгээр шалгалтын дараа сэдэв, даалгаврыг нийтэлсэн ч гэсэн нийгэмд буруу ойлголт түрүүлсэн. Энэ бүхнээс болж өнөөдөр Боловсролын үнэлгээний төвийн олон сурагч шалгалтын материалаа шалгуулахаар ирээд байна. Бид 2019 оноос шууд засалтын шилэн технологи ашиглаж ирсэн. Гэтэл өнөөдөр шиг олон шалгуулагчийг бухимдуулж, эргэлзээ төрүүлсэн асуудал гарч байсангүй.

Математикийн хичээлийн В, С хувилбар алдаатай байна гэдэг мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор маш олон хүүхэд оноогоо шалгуулахаар хандаж байна. Энэ хичээлийн сэдэв, даалгаврыг шалгуулахаар МУИС-ийн эрдэм судлаач, багш нараар хөндлөнгийн шинжилгээ хийлгэхэд “Математикийн хичээлийн шалгалтын материалд ямар нэгэн алдаа алга” гэж дүгнэсэн.

Англи хэлний хичээл дээр “Унаган англи хэлтэй хүүхэд шалгалтын материалыг үзээд, 70 хувь нь алдаатай байна” гэх мэдээлэл твиттер хуудаснаа цацагдсан. Энэ мэдээлэл маш олон иргэнийг бухимдуулж, МУИС-ийн Олон улс судлалын сургуулийн багшаар тухайн шалгалт даалгаврыг шинжлүүлэхэд “Англи хэлний хэл зүйн алдаа алга” гэсэн дүгнэлт гаргасан.

-Энэ жилийн шалгалтыг зохион байгуулахад өөр хүндрэл бэрхшээл гарсан уу?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтад сөргөөр нөлөөлсөн зүйл бол цар тахал. Бид өмнө нь улсын хэмжээнд 50 шалгалтын байрыг бүрэн камержуулж, металл илрүүлэгчтэйгээр ЭЕШ-ыг зохион байгуулж байсан. Гэтэл энэ жил цар тахлын улмаас нэг ангид суух шалгуулагчдын тоог 12-15 болгож, шинэ шалгалтын байруудыг бэлдэх шаардлагатай болсон.

Нийт 82 шалгалтын байранд 110 металл илрүүлэгч хүрэлцэхгүй болж, нэг байранд нэг металл илрүүлэгч ажиллуулсан. Шалгалт зохион байгуулахаас өмнө металл илрүүлэгчээр тусалж дэмжиж болох бүх байгууллагад хандсан ч тоог нь нэмэх боломжгүй болсон. Энэ жил металл илрүүлэгч дутсанаас шалгуулагчид шалгалтын байранд гар утастай орох асуудал гарлаа.

Covid-19-өөр өвдсөн сурагчдын шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ?

-Бид Элсэлтийн ерөнхий шалгалтын өдрүүдэд Covid-19 авч, өвдсөн хүүхдүүдийн нэгдсэн судалгааг Эрүүл мэндийн яамнаас авна. Одоогоор нарийвчилсан тоон мэдээлэл ирээгүй байна. Наймдугаар сарын 10-наас хойш Covid-19 авсан хүүхдүүд энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад орох боломжгүй байсан. Тодруулбал, наймдугаар сарын 9-нд өвдсөн хүүхэд наймдугаар сарын 19-ний өдөр эдгэрсэн гэх эмнэлгийн бичгээ авч ирээд, шалгалтад орох боломжтой байсан.

Халдвар авч, өвдсөн хүүхдүүдийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг есдүгээр сарын 2-ноос 9-ний өдрүүдэд зохион байгуулна. Бид Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн тоон мэдээллийг харж байгаад ямар зохион байгуулалтаар хийхийг ярилцана.

Тухайлбал, ойр аймгуудын шалгалт өгөх хүүхдүүдийг нэгтгэж, зохион байгуулах уу, нийслэлд төвлөрүүлэх үү, шалгалтыг хэдэн өдөр зохион байгуулах вэ гэх мэт олон асуудлыг шийднэ. Бусад шалтгаантай шалгуулагчдын хувьд наймдугаар сарын 19-нөөс 22-ны шалгалтаас хоцорчихсон бол есдүгээр сарын шалгалтад орж болно гэж бодож магадгүй. Энэ шалгалтад зөвхөн Covid-19-өөр өвчилсөн хүүхдүүд орно. Өөр ямар нэгэн шалтгаантай сурагчид шалгалт өгөх боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-23 185.220.102.249

! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-23 192.82.64.208

yamar ulun yum be???? dutsanaas ene ter geed buruugaa huleej chaddaggui l***r tsarailsan hugiin huduunii orkuud l iim yum yarih baih!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж