Раиси Японы банкинд байгаа Ираны хөрөнгийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2021.08.23-нд нийтлэгдсэн

Раиси Японы банкинд байгаа Ираны хөрөнгийг хүсэв

Раиси Японы банкинд байгаа Ираны хөрөнгийг хүсэв

Японы Гадаад хэргийн сайд Тошимицу Мотеги Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифын урилгаар Ням гаригт Тегеранд айлчлав. Энэхүү хоёр өдрийн айлчлал нь Эбрахим Раиси Ираны шинэ Ерөнхийлөгч болсноос хойш Японы албан тушаалтны хийж буй анхны айлчлал юм. Үүнээс өмнө 2019 онд Японы ерөнхий сайд Иранд айлчилж байв.

Раиси айлчлалын үеэр АНУ-ын хориг арга хэмжээний улмаас тус улсын нутаг дэвсгэрт царцсан Ираны хөрөнгийг гаргаж өгөхийг Японы талаас хүсэв. Тодруулбал, АНУ-аас Ираны банк, эрчим хүчний салбарт тавьсан хориг арга хэмжээний дагуу тус улс газрын тос, байгалийн хийн экспортоос олсон хэдэн арван тэрбум ам.долларын ашиг, тэр дундаа Японд байгаа гурван тэрбум ам.долларын хөрөнгийг авч чадахгүйд хүрсэн билээ.

"Японтой харилцаагаа сайжруулах нь Иран улсын хувьд чухал ач холбогдолтой… Гэвч Японы банкин дахь Ираны хөрөнгийг гаргах ажиллагаа удааширч байгаа нь зүйд нийцэхгүй байна” гэж Раисигийн Тошимицу Мотегид хандан хэлсэн үгийг олон улсын хэвлэлүүд онцлов. Вашингтон 2018 онд дэлхийн зургаан гүрэнтэй байгуулсан “Тегераны цөмийн гэрээ”-нээс гарч, гэрээг дахин байгуулах санал тавьж байв. Улмаар Ирантай тохиролцоонд хүрч чадаагүйгээс дээрх хоригийг тавих болжээ.

Тухайн үеийн АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп “Тегераны цөмийн гэрээ”-г хэтэрхий зөөлөн байна гэж үзсэн бөгөөд илүү хатуу заалт оруулах санал тавьсан нь Ирантай зөрчилдөх эхлэл болсон юм. Ийнхүү өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн тус гэрээг сэргээх тал дээр талууд бодит алхмууд хийж эхэлсэн билээ. Тегеран, Вашингтоны шууд бус хэлэлцээний зургаа дахь шатны уулзалт зургадугаар сарын 20-нд Вена хотод болсон бөгөөд Раиси Ираны Ерөнхийлөгч болсноор түр завсарлажээ.

Иран болон зургаан гүрэн уулзалтыг дахин товлох өдрийг хараахан зарлаагүй байна. АНУ-ын хувьд Иранд цөмийн хөтөлбөрөө хязгаарлавал хориг арга хэмжээгээ сулруулах болзол тавьж байгаа ч Раиси Венийн хэлэлцээрт "хатуу байр суурь" баримтлах төлөвтэй байгааг мэдээлэлд ойр байдаг эх сурвалж хэлжээ. Гэсэн хэдий ч Иран болон Барууны албаны хүмүүсийн аль аль нь энэхүү гэрээг сэргээх багахан ч гэсэн итгэл найдвар бийг онцолсон юм.

С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж