Засгийн газрын хуралдаан наймдугаар сарын 4-нд болж, Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон.
Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх “ТТЗ” нь Монголын анхны төмөр замын инженерингийн компани бөгөөд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын төслийн доод бүтцийн ажилд чанарын хяналт үзүүлэн, төлөвлөгөө, технологи зэрэгт заавар зөвлөгөө өгч ажилласан. Өдгөө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 1-р зэрэглэлийн, уулзваргүй 240 км төмөр замын цогцолбор төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж, 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумд, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин, нийт 135,8 км үргэлжлэх юм. Төсөл 6 зөрлөг, 3 өртөө, нийт 16,6 км хоёр хонгил, 1520 мм өргөн царигтайгаар баригдана.
"БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ БОЛ ХОТ, ХӨДӨӨГИЙН ЗОХИСТ ТЭНЦВЭРИЙГ ШИЙДВЭРЛЭХ ТОМООХОН ҮНДСЭН ШИЙДЛҮҮДИЙН НЭГ ЮМ"
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Богдхан төмөр замын нээлтийн ёслолд оролцож үг хэллээ. Тэрбээр "Өнөөдөр Засгийн газар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай горимоор эхлүүлж, 3 жилийн хугацаанд ашиглалтад оруулж дуусгахаар төлөвлөж байна.
“Богдхан төмөр зам” нь Монгол Улсын дэд бүцийн болон тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хотууд бодитоор бүрэлдэн бий болж, автозамын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг юм.
1954 оны Сайд нарын зөвлөлийн 435 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг баталж, нийслэл Улаанбаатар хотод 500 мянган хүн оршин суухаар тооцсон ч өнөөдөр энэ ачаалал төлөвлөснөөс 3 дахин нэмэгдсэн байна.
Нийслэл Улаанбаатар хотын замын даац 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байна. Энэ байдлаас улбаалж өнөөдөр Нийслэлийн автозамын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед 8 км цагийн хурдтай болжээ. Нэг үгээр хэлбэл, оргил ачаалалтай үеийн дундаж хурд бараг явган хүнтэй адил түвшинд очсон байна.
Монголд жил бүр 80-90 мянган автомашиныг бид шинээр худалдан авч байна. Өнөөдрийн нөхцөл байдал цаашид үргэлжилбэл 1-2 жилийн дотор нийслэл Улаанбаатар хот тэг зогсолт хийх нөхцөл байдал бодитоор үүсчээ.
Тиймээс ч Ерөнхий сайдаар томилогдоод, УИХ-ын чуулганд “Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирлагад даатган орхихгүй ээ. Нийслэлчүүдтэйгээ сэтгэл гарган бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно.Улаанбаатар хотын төвлөрлийг багасгана. Нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ. Хэлсэн үг, дэвшүүлсэн зорилтоо бодитой ажил болгохын тулд Ерөнхий сайд өөрөө биечлэн удирдах 5 Үндэсний хороо байгуулсны нэгд Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлийн түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөө багтаж байгаа юм.
Автозамын түгжрэлтэй холбоотой давс мэт шийдвэрүүд гаргах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байгаа нь үнэн. Зарим амаргүй шийдлүүдийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх шууд ардчиллын аргыг хэрэглэхийг ч үгүйсгэхгүй юм.
Богдхан төмөр замын төсөл бол хот, хөдөөгийн зохист тэнцвэрийг шийдвэрлэх томоохон үндсэн шийдлүүдийн нэг юм.
Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумд, Улаанбаатар хотын Баганхангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин, нийт 135.8 км үргэлжлэх 6 зөрлөг, 3 өртөө бүхий бүтээн байгуулалт юм. Мөн 16.6 км 2 туннелийг Монгол Улсад анх удаа бүтээн байгуулж байгаагаараа онцлог бөгөөд цаашдын олон томоохон шийдлийн суурь болох юм.
Богдхан төмөрзам баригдсанаар
- Улаанбаатар хотын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минут зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар буурна гэсэн тооцоо бий. Улаанбаатар төмөр замын дагуух дуу чимээ тоосжилт, бохирдол эрс багасч, цаашид бензин, шатах тослох материалын агуулах, нүүрс тээвэрлэлт, хүнсний болон барааны агуулахыг хүн ам төвлөрөн суурьшдаг газраас үе шаттай холдуулах боломж нээгдэх юм.
- Энэхүү төмөр зам баригдсанаар Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалт эхэлж, тус хөндийд тээвэр логистикийн гурван шинэ терминал байгуулагдаж, экспорт нэмэгдэж, цаашид эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах суурь нөхцөл бүрдэж, Төв аймаг цаашид улсын зэрэглэлтэй хот болон тэлэх боломж бүрдэх учиртай.
- Төмөр зам ашиглалтад орсноор дагуул, хаяа хотууд хөгжиж, төр хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчдын түншлэл идэвхищжиж, цаашид Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймаг хотжих үйл явцыг хурдасгасан загвар, сэтгэлгээний болон соёлын өөрчлөлт болж чадах юм.
- Богдхан төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин, хөрш орнууд болон Ази, Европын бүс нутагтай холбох “Эдийн засгийн коридор”-ын хөгжил, түүн дотроо Улаанбаатар төмөр замын тээврийн оролцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.
Монгол ахан дүүс ээ! Нийслэлчүүд ээ!
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн нэн хүнд үеийг та бид хамтдаа туулж байна. Цаг үе хүнд байгаа ч бид нэгдэн нягтарч, хамтран ажиллаж, энэ сорилтыг даван туулахын төлөө энгийн үеэс илүү хичээх шаардлагатай.
Нийслэл Улаанбаатар хотын шийдэл ч зөвхөн Нийслэлийн Засаг даргаас шалтгаалахгүй, иргэн, аж ахуйн нэгж бүхний идэвхитэй оролцооноос хамаарна гэдгийг Ерөнхий сайдын хувьд онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Богдхан хайрханаа тойрсон Богдхан төмөр замын түүхэн бүтээн байгуулалт ийнхүү эхэлж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон Зэвсэгт хүчний бие бүрэлдхүүн, Тавантолгой-Гашуунсухайтын төслийг амжилттай удирдан хэрэгжүүлж ирсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-д хариуцуулахаар Засгийн газраас шийдвэрлэснийг дуулгахад таатай байна.
Бүтээн байгуулалтын ажилд нь амжилт хүсье!" гэлээ.
Холбоотой мэдээ