Меркель: “Хойд урсгал 2”-ыг Украины эсрэг ашиглахгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.23-нд нийтлэгдсэн

Меркель: “Хойд урсгал 2”-ыг Украины эсрэг ашиглахгүй

Меркель: “Хойд урсгал 2”-ыг Украины эсрэг ашиглахгүй

Украин 2024 он хүртэл жилд 40 тэрбум шоо метр хий Оросоос Европ руу тээвэрлэх билээ. Үүнээс жилд олох ашиг 1.5 тэрбум ам.доллар байгаа нь тус улсын ДНБ-ий нэг орчим хувийг эзэлдэг аж. Гэвч Орос улс 2014 онд Европын эрчим хүчний компаниудтай хамтран жилд 55 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай, 1200 км үргэлжлэх шинэ хийн хоолой барихаар болсон нь Украинд хүнд цохилт болж байна. Ашиг орлогоо алдах эрсдэлээс гадна үүнээс улбаалан Орос улсаас ирж болох дарамтаас болгоомжилж буй нь ийн санаа зовох шалтгаан болжээ.

Германы канцлер Ангела Меркель байгалийн хийг геополитикийн зэвсэг болгон ашиглахыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдэг өөрийн байр суурийг наймдугаар сарын 22-нд Киевт хийсэн айлчлалынхаа үеэр илэрхийлэв. Тэрбээр ирэх сард Германд болох сонгуулийн дараа 16 жил хашсан үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх бөгөөд энэ нь түүний Киевт хийх сүүлчийн айлчлал болжээ. Меркель уг айлчлалаас хоёр хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар Москвад мөн айлчилсан юм.

Ням гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Хойд урсгал 2” төслийг “Кремлийн геополитикийн зэвсэг” гэж харж байгаагаа илэрхийлж, Украин төдийгүй Европт аюултай байж болохыг анхааруулжээ. Энэхүү төслийн хүрээнд Балтийн тэнгисийн доогуур урсах Оросын байгалийн хийн экспорт хоёр дахин нэмэгдэх юм. Тиймээс Москва бүс нутгийн эрчим хүчний салбарт өөрийн хяналтыг чангатгаж, нөлөөгөө бэхжүүлэхэд ойрхон байгааг Зеленский онцлов. Харин Меркель “Хэрэв байгалийн хийг "зэвсэг” болгон ашиглавал Герман, АНУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу Москвад хориг арга хэмжээ авна" гэжээ.

Зеленский Украины хоолойгоор Оросын хий дамжуулах гэрээ гурван жилийн дараа дуусгавар болсноор тус улсын эдийн засаг хэрхэн хүнд байдалд орж болохыг санаа зовнин хэлэв. Харин Меркель Украины сэргээгдэх эрчим хүчний салбарыг өргөжүүлэхэд тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлэхээ илэрхийлж, байгалийн эрчим хүчний асуудлаар ОХУ-д хэт түшиглэхгүй гэдэг амлалт өгсөн байна. ОХУ өнөөдрийн байдлаар Европын холбооны байгалийн хийн 40 орчим хувийг хангаж байгаа бөгөөд тус зах зээлд тодорхой байр суурь эзэлдэг Норвеги улсыг ардаа орхижээ.

С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: RFERL, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж