Бундестагийн сонгуулийн өмнөх Герман орон | News.MN

Бундестагийн сонгуулийн өмнөх Герман орон

Бундестагийн сонгуулийн өмнөх Герман орон

Хэдхэн долоо хоногийн дараа Герман шинэ парламентаа сонгоно. Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Бенедикт Ивановс Германы хөгжлийн хэтийн болон өнөөгийн төлөв байдлын талаар мэдээлж байна.

Энд нэг л зүйл тов тодорхой байна: 16 жилийн турш Германы канцлерын алба хашсан Ангела Меркел халаагаа өгнө. Тэрбээр Герман болон Европт маш их нөлөөтөй улстөрч. Түүний нэр хүнд дэлхий дахинд ч жилээс жилд өссөөр байлаа.

Меркель амар амгалан, тогтвортой байдлыг өөрийн брэнд болгож чадсан юм. Тэрбээр хүмүүст жижиг хямрал төдийгүй өнөөгийнх шиг том хямралын үед ч найдвартай байдлыг мэдрүүлж чаддаг. Түүний улс төрийн энэхүү хэв маяг нь их дэмжлэг хүлээсэн юм. “Меркелийн дуу хоолой”-г хүмүүс сонгуулиас сонгуулийн хооронд дэмжсээр “Меркель гэхээр Герман, Герман гэхээр Меркель ямар нэгэн байдлаар төсөөлөгддөг” болсон байна.

Есдүгээр сарын 26-нд сонгуулийн үр дүн нэгэн шинэ үеийг эхлүүлэх болно. Германд анх удаа засгийн эрхийг баригч канцлер дахин сонгогдохоор нэр дэвшихгүй. Тиймээс түүний давуу байдал нь сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүй. Шинэ динамик бий болно. Бундестагийн сонгуулиас зургаан долоо хоногийн өмнө гарааны нөхцөлийг тольдон харах нь зүйтэй юм.

Зураг: fantareis, www.pixabay.com

Нэр дэвшигчдийн талбар

Германд канцлерын төлөөх өрсөлдөөн хоёр нэр дэвшигчийн (дуэл) хооронд явагддаг уламжлал тогтсон байдаг. Нэг талаас Германы Социал демократ нам, нөгөө талаас Христосын ардчилсан холбоо/Христосын нийгмийн ардчилсан холбоо эвслийн нэр дэвшигчдийн хооронд канцлерын төлөөх өрсөлдөөн дуэл хэлбэрээр явагддаг.

Энэ хооронд улс төрийн системд явагдсан шилжилтийн нөлөөгөөр энэ удаад хоёр талт өрсөлдөөн гурван талт (триэл) болон өөрчлөгдөөд байна. Христосын эвсэл, ГСДН, Ногоон намууд өөр өөр хувилбараар канцлерын албан тушаалыг авах боломжтой хэмээн үзэж байна.

Сүүлийн жилүүдэд явуулсан санал асуулгын дүнгээс харахад Ногоон намын дэмжлэг ихээхэн нэмэгдэж байна. Хүрээлэн буй орчин ба цаг уурын хамгааллын төлөөх энэ улс төрийн хүчин муж улсуудын төвшинд амжилтаа ахиулсаар засгийн газрын хариуцлагыг хүлээх хэмжээнд хүрчээ. Энэ амжилтаа бататгахын тулд Ногоон нам тавдугаар сард Ханноверийн уугуул Анналена Баербокийг өөрийн намаас канцлерт нэр дэвшигчээр тодруулсан. Удаан хугацааны туршид ногоон нам хэнийг канцлерт нэр дэвшигчийн өрсөлдөөнд илгээх гэж байгаа нь тодорхойгүй байлаа. Түүнтэй Ногоон намын даргын албыг хамтран хашигч Роберт Хабект канцлерт нэр дэвших боломж бас хүсэл ч байгаа хэмээн ярьцгааж байлаа.

Санал асуулгын дүн ногоон намын канцлерт нэр дэвшигчээ тодруулах шийдвэр зөв байсныг баталж байна. Зарим хүрээлэнгээс явуулсан санал асуулгаар Ногоон нам эвслээс илүү дэмжлэгтэй байгаа нь харагдаж байлаа. Ногоон намаас эмэгтэй канцлер сонгогдох сценари биелэгдэх боломжтой хувилбар бололтой.

ХАХН\ ХНАХН-ын эвслийн хүрээнд Меркелийн залгамжлагчийг тодруулах өрсөлдөөн Ногоон намтай зэрэгцэн өрнөсөн. Нордрайн-Вестфален муж улсын ерөнхий сайд Армин Лашет тун цөөхөн саналын илүүгээр ХАХН-ын даргын төлөөх өрсөлдөөнд ялалт байгуулсан. Харин тэрыээр канцлерт нэр дэвшигчийн эрхийг олж авахын тулд ХНАХН-тай зөвшилцөлд орох шаардлагатай болсон юм. Христосын Ардчилсан Холбоо Нам ба Христосын Нийгмийн Ардчилсан Холбоо Нам нь Бундестагт нэг эвсэлд багтдаг.

Христосын Нийгмийн Ардчилсан Холбоо Нам нь Христосын Ардчилсан Холбоо Намын эгч нам бөгөөд зөвхөн Бавари мужид нэр дэвшигчээ дангаараа дэвшүүлдэг. ХАХН ба ХНАХН канцлерт нэр дэвшигчээ хайж байх явцад Армин Лашет ба Баварийн ерөнхий сайд Маркус Зоедер нар консервативуудын өмнөөс канцлерт нэр дэвших боломжийн төлөө хоорондоо тэмцэлдсэн юм. Удаан хугацаанд сөрөн зогсож үзэлцсэний эцэст Армин Лашет нэр дэвших эрхээ олж авсан. Зоедер удаан зөвшилцөж, зөвлөсний эцэст нэрээ татсан ч Лашетийн улс төрийн өрсөлдөгчидтэйгээ хийх хэлэлцүүлгийг гараан дээр нь хүндрүүлсэн юм.

Зураг: clareich, www.pixabay.com

Канцлерын төлөөх өрсөлдөөний гуравдагч өрсөлдөгч нь ГСДН-аас нэр дэвшигч одоогийн дэд канцлер, холбооны Сангийн сайд Олаф Шолц юм. ГСДН их эвслийг бүрдүүлэгч нэг талын хувиар ХАХН/ХНАХН-тай удаан хугацаанд хамтран засгийн эрхийг барьсан. Меркелийг халаагаа өгсний дараагаар засгийн эрхийг барих арвин туршлагатай гэдэг нь хүчтэй аргумент боловч ГСДН, Их Эвслийн засгийн газрын нэгэн түншийн хувьд Меркелийн дараах шинэ эхлэлийг эхлүүлж чадна гэдэг нь хэр үнэмшилтэй вэ? гэдэг асуулт зайлшгүй гарч ирнэ.

Хэвлэл мэдээллийнхэн урт хугацаанд Олаф Шолцийг канцлерийн төлөөх өрсөлдөөний итгэл даах өрсөлдөгч мөн гэдгийг үл тоомсорлож байлаа. Олон талаас нь авч үзэхэд  канцлерын төлөөх өрсөлдөөний сонгуулийн кампанит ажил Лашет ба Баербокийн хооронд өрнөх дуэлээр төгсөж болзошгүй мэт харагдаж байна. Гэхдээ Лашет ба Баербокийн дэмжлэг тогтмол буурч харин Шолцийн дэмжлэг удаан ч гэсэн найдвартайгаар нэмэгдсээр байна.

Сонгуулиас долоон долоо хоногийн өмнөх Германд найдвартай хэлэх юм тун ховорхон байна.

Өрсөлдөөний талбар дээрх өрсөлдөөн сул байгаа учраас л Шолцийн боломж нэмэгдээд байгаа юм. Анналена Баербок сонгуулийн кампанит ажлын эхэн үеэс л дарамтад ороод эхэлсэн. Том, жижиг ялих шалихгүй алдаа Ногоон Намын нэр дэвшигчийг хамгаалалтад ороход хүргэсэн юм. Тэрбээр нэмэлт орлогоо хэтэрхий хожуу ил болгож түүний намтарт толгой эргүүлсэн юу хийсэн нь тодорхой бус хугацаа гарч хэвлүүлсэн номонд нь оюуны өмчийн хулгайн асуудал дэгдсэн нь Ногоон Намын санал асуулгын дүнг бүхэлд нь доош татсан юм.

Мөн Лашетийг канцлерт нэр дэвшигчээр тодруулах гараан дээр үүссэн маргаан тус намын санал асуулгын дүнг нийтэд нь  доош татаж мордохын хазгай болсон юм. Нэр дэвшигч сонгуулийн кампанит ажлынхаа гараан дээр олон алдаа хийж үндсэн дүрдээ орж чадахгүй хугацаа алдсан. Нэн ялангуяа долоон сард болсон үерийн гамшгийн үеэр хэдийгээр “түүний муж улс” Нордрайн-Вестфален гол хохирол амссан нь үнэн ч төрийн хүний дүрийг олигтой бүтээж чадаагүй юм. Магадгүй үүнээс болоод Лашет төрийн тэргүүнд тэнцэх үү? гэдэг асуулт тавигдаж магадгүй юм. Өнөөгийн байлаар түүнийг дэмжих олон түмний дэмжлэг түүхэн доод хэмжээнд оччихоод байна. Эвслээс нэр дэвшигч ирэх хэдэн долоо хоногийн хугацаанд хамгаалалтаас гарч чадах уу? гэдгийг харах л үлдлээ.

Харин Олаф Шолцийн хувь улс төрчийн дэмжлэг, ард түмэнд таалагдах байдал өрсөлдөгчдөө бараадуулахгүй өндөр хэмжээнд байна. Түүний аливаад үл тэвдэх, ямар ч нөхцөлд тайван байдлаа хадгалж чаддаг, ажил хэрэгч байдал нь улс төрчийн стилийн хувьд Ангела Меркелтэй тун төстэй. Гэхдээ түүний хувь нэр дэвшигчийн дэмжлэг намдаа нөлөөлж намынхаа рейтингийг нийтэд нь өөд татаж чадахгүй байна. Гэхдээ ГСДН канцлерт нэр дэвшигч нь намынхаа зүтгэгч хүч болж ирэх долоо хоногуудад намынх нь рейтинг эрс дээшилнэ хэмээн тооцоолж байна. Учир нь германд канцлер шууд бус харин Бундестагаас сонгогддог. Иймээс намуудын авсан саналын тоо тухайн намын парламент дахь бүлэг хэр хүчтэй байх бэ? гэдэгт шийдвэрлэх үүрэгтэй байдаг.

Хэдийгээр эвслээс нэр дэвшигч Лашет нь ард түмний дэмжлэгийг төдийлөн хүлээхгүй байгаа ч эвсэл санал асуулгад хол түрүүлсэн хэвээр байна. Эвслийн дэмжлэг канцлерт нэр дэвшигчдээ өрсөлдүүлж байгаа намууд дундаа хол түрүүлж байгаа ч ердийнхөөсөө маш доогуур төвшинд байна. Эвслийн дараагаар хоёрдугаарт ГСДН орох уу? Ногоон Нам орох уу? гэдэг нь одоогоор тодорхой биш байна. Энэ тодорхой бус байдлаас болоод санал асуулгын дүнгээр ирэх дөрвөн жилд ямар эвсэл засгийн эрхийг барих бэ? гэдгийг урьдчилан таамаглахад илүү хүндрэлтэй болчхоод байна. Дайран дээр давс гэгчээр Германд коронавирусийн халдвар авагсдын тоо дахин нэмэгдэж эхэлсэн тул засгийн газар хэр хэмжээнд хязгаарлаж хэр хэмжээнд нээлттэй байлгах вэ? гэдэг хэцүү шийдвэрийн өмнө ирчхээд байна.

Дэлхий дахины нэгэн адил корона сонгуулийн гол сэдвүүдийн нэг хэвээрээ байх нь

Өнгөрсөн жил хагасын хугацаанд ковид-19 хамаг хүчээрээ Германыг нэрвэлээ. Герман дэлхийн бусад орнуудын адил эрүүл мэндийн хамгаалал ба эдийн засгийн үр дагаврыг тэнцвэртэй хэмжээнд байлгах гэсэн оролдлогуудыг хийж байгаа нь утсан дээр тэнцвэрээ олохтой адил амаргүй даваа байлаа. Дунд сургуулиуд, цэцэрлэг удаан хугацаанд хаалттай байж компаниуд боломжит дээд хэмжээнд хоум оффис буюу гэрээсээ ажиллах горимд шилжлээ. Харин аж үйлдвэрт коронагаас шалтгаалсан хязгаарлалт бараг хийгдсэнгүй.

Цар тахалт сар бүр татварын орлого буурсан ч төр өрх бүрд, компани бүрд тулгарч буй сөрөг үр дагаврыг өргөн хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэх замаар аль болох зөөллөхийг хичээсээр ирлээ. Сангийн сайд Олаф Шолц германы эдийн засгийн хөлөг онгоцыг коронагийн давалгаат усан дундуур газардуулчихгүй жолоодохын тулд эдийн засгийн бодлогын өргөн хүрээт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн юм. Германд өргөн хүрээтэй төрийн хөрөнгө оруулалт хийх замыг чөлөөлөхийн тулд үндсэн хуулиар тогтоосон “Өрийн тааз”-ыг коронагийн хямралтай холбоотойгоор дээшлүүлсэн.

Коронагийн хямралын үед төрийн туслалцааг олон салбарт тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэх замаар олгосон. Энэ хөтөлбөрүүдийн хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний заримыг нь дурдвал: жижиг компаниудыг дампуурлаас аврахын тулд хямралыг гэтлэхэд нь туслах санхүүгийн дэмжлэг олгосон. Холбооны өмчийн Сэргээн Босголтын Банк компаниудын зээлийн эрсдэлийн 90% хүртэлх хувийг дааж ингэснээрээ тэдний төлбөрийн чадвартай байх баталгааг хангаж чадсан юм.

Коронагийн хямралын улмаас төлөгдөх боломжгүй болсон орон сууцны болон үйлдвэрлэлийн ба йрны түрээсийн гэрээг тодорхой цаг хугацаанд хүртэл цуцлахгүй байх зохицуулалтыг хийсэн.

Ресторан, зочид буудлууд хаагдсантай холбоотойгоор төрөөс зарим нэг тогтмол зардлыг нь дааж хямралын үр дагаврыг зөөллөсөн. Жишээлбэл: Орлого нь 50 ба түүнээс дээш хувиар буурсан нь батлагдсан гэдэг шалгуураар компаниудад санхүүгийн дэмжлэг олгож байлаа. Хүүхдийн мөнгөн дээр нэмээд хүүхдийн бонус олгосон. Нэмэгдсэн өртгийн татварын хувь хэмжээг түр хугацаагаар бууруулсан. Татварын орлого буурсантай холбоотойгоор хот, тосгодын санхүүгийн байдлыг эрс доголдуулахгүй байхын тулд төрөөс дэмжлэг үзүүлсэн.

Төрөөс цалингийн тодорхой хувийг олгох замаар ажлын байрыг хадгалж үлдэн нийгмийн даатгалын систем дээр ирэх дарамтыг бууруулж чадсан нь хамгийн оновчтой арга хэмжээ болсон.

Экспортод чиглэсэн германы эдийн засгийн өмнө улс орнууд хийлээ хаасан, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан зэргээс болоод томоохон сорилт тулгарсан. Харин 2021 оны зун гэхэд эдийн засагт илт намжмал байдал тогтоож чадлаа. Зургадугаар сарын байдлаар экспортын хэмжээ коронагийн өмнөх үеэс даваад байна. Германы эдийн засгийн үндсэн бүтцийг төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний ачаар харьцангуй хохирол багатайгаар аваад гарчих болов уу? гэсэн найдвар төрөөд байна.

Гэсэн ч канцлер нь Лашет болох уу? Баербок болох уу, Шолц болох уу? гэдгээс үл хамааран шинээр байгуулагдах засгийн эрхийг барих эвсэл коронагийн хямралыг гэтлэх цаашдын шийдлийг олох л хэрэгтэй болно. Харин ямар эвсэл засгийн эрхийг барихаас их зүйл шалтгаалах болно.

Шинэ олонхийг бүрдүүлэх эрэл – Германд гурван талт эвсэл засгийн эрхийг барих уу?

Өнгөрсөн хугацаанд Германы улс төрийн намуудын систем нийтдээ өргөөшөө тэлсэн. Бундестагт илүү олон намууд суудалтай болж намын бүлгүүд хоорондын том жижгийн ялгаа багассан байна. Үүнээс хамааран засгийн эрхийг барих олонхийг бүрдүүлэх шинэ зам-шийдэл хэрэгтэй болсон. Германд анх удаа гурван намын эвсэл засгийн эрхийг барьж магадгүй байна.

Ямар бүрэлдэхүүнтэй эвсэл байгуулагдах бэ? гэдэг асуулт гарч ирэх нь мэдээж. Ланшет канцлер болох нөхцөлд жишээлбэл Эвсэл-Ногоон-Либерал намын эвсэл байгуулагдах боломжтой. (Хар-Ногоон-Шарын эвсэл)

ГСДН хоёрдугаар байрт орсон нөхцөлд Ногоон Нам, Либерал намтай эвсэл байгуулагдаж байж Олаф Шолц канцлераар сонгогдох зам нээгдэнэ. (Улаан-Ногоон-Шарын эвсэл)

Мөн Ногоон Нам хоёрдугаар байрт орвол тус намд канцлертай болох боломж нээгдэх юм.

Сонгуулийн голлох сэдвийн хувьд намуудыг том үүрэг хүлээж байгаа. Тогтвортой эдийн засгийг байгуулах, өөрчлөн байгуулах, дижитал хувьсалд хүрэх бодлого, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, төлж дийлэх хэмжээнд түрээсийн үнийг тогтоох, хүчирхэг европт оруулах германы хувь нэмэр зэрэг нь германы шинэ засгийн газрын шийдэх ёстой асуудлууд юм.

Сонгуулийн дүн гарсан оройноос эхлэн улс төрийн намуудын хооронд эвслийн түншээ сонгох, эвслийн гэрээ байгуулах хэлэлцээр урт хугацаанд үргэлжлэх болно. Засгийн газрын шийдвэрлэх ёстой асуудлууд, хэдэн яамтай байх вэ? зэрэг нь хэлэлцээрээр шийдэх асуудлууд юм. Харин хэт барууны үзэлтэй “Германы төлөөх өөр хувилбар” нам шинэ засгийн газарт аль ч хэлбэрээр оролцохгүй гэдэг нь тодорхой байна.

Шинэ засгийн газар бүрдэх хүртэл хэдэн сарын хугацаа байна. Ямар эвсэл засгийн эрхийг барих нь тодорхой бус байна. Ердийн үед бол ямар эвсэл байгуулагдах нь тодорхой болчихсон байдаг цаг. Энэ удаад тодорхой юм ховор байна. Сонгууль хүртэлх хугацаа их сонирхолтой өрнөх болно. Зөвхөн 9-р сарын 26-ны дараа л олон юм тодорхой болж бид өнөөгийнхээс илүү ихийг мэддэг болсон байх нь тодорхой.

Фридрих-Эбертийн сангийн суурин төлөөлөгч Бенедикт Ивановс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-23 185.220.102.249

–== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж