Монгол Улсын хэмжээнд наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 2.227.072 хүн, хоёрдугаар тунд 2.053.676 хүн хамрагджээ. Гэвч вакцинжуулаагүй хүн амаар дамжин халдвар тархах эрсдэл өндөр гэдгийг албаныхан дуулгах болсон. Улсын хэмжээнд Covid-19 авсан нийт хүүхдүүдийн 44 хувь нь 5-11, 0-17 насны 30 мянган хүүхэд байна. Тиймээс вакцинд хамрагдах боломжгүй 0-11 насны хүүхдүүдийг цаашид яах вэ гэдэг нь эцэг, эхчүүдийн анхаарлын төвд байна. Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн Биобэлдмэлийн үйлдвэрт 0-11 насныханд имммуноглобулин буюу халдвараас сэргийлэх уургийг тарихаар үйлдвэрлэлийн ажил ид өрнөж байна.
Иммуноглобулин нь Covid-19 үүсгэгч бичил биетүүдийн эсрэг хүний биед өвөрмөцөөр үүсэх дархлааны хамгаалалтын уургууд юм.
НЭМҮТ-өөс энэ талаар тодруулахад “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийн үйл ажиллагаа 2010 оноос нь зогссон. Өнгөрсөн зургадугаар сард Засгийн газрын хуралдаанд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан асуудлыг танилцуулснаар үйлдвэр хэвийн ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар иммуноглобулин үйлдвэрлэх ажил дунд шатандаа явж байна. Цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд халдвараас урьдчилан сэргийлэх, дархлааг нь дэмжих байдлаар хийнэ. Товчхондоо эмчийн заавраар булчинд тарих тарилга юм. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчийн заавраар хийнэ. Янз бүрийн насны хүмүүст туршилтаар тарихад гаж нөлөө үзүүлээгүй. Үр дүн сайтай байгаа. Хүний биед байдаг имммуноглобулин уургийг буцаагаад өөрт нь тарина гэсэн үг. 0-11 насны хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүний Covid-19-ийн эмчилгээнд шууд хэрэглэх боломжтой. Хүндэвтэр шатны эмчилгээнд эрт оруулахад хүндрэлээс маш сайн сэргийлэх чухал ач холбогдолтой” гэж онцлов.
Тус үйлдвэр нь иммунноглобулиныг 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх хүчин чадалтай юм байна.
Монгол Улсын хувьд иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагатай аж.
Харин Эрүүл мэндийн яамны зүгээс “Засгийн газраас 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг танхимын болон цахим хосолсон хэлбэрээр есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргасан. Тиймээс бид вакцинд хамрагдаагүй хэсгээ тодорхой хэмжээнд хамгаалах ёстой. Хэдийгээр 11-ээс доош насны хүүхдэд имммуноглобулин уураг тарина гэсэн шийдвэр албажиж гараагүй ч гэсэн үйлдвэрлэлийн ажил эхэлсэн. Бүтээгдэхүүнээ гаргасан. Эхний туршилт амжилттай болсон. Хоёрдугаар шатны судалгааны ажил хийгдэж байна” гэлээ.
Монгол Улсад өнгөрсөн долдугаар сарын эхээр дельта вирус бүртгэгдсэн. Ирэх есдүгээр сарын 15-наас эхлэн дельта вирусийн халдвар оргил үедээ хүрнэ гэдгийг ЭМЯ-наас анхааруулсан. Тиймээс есдүгээр сарын эхээр имммуноглобулин уургийг 0-11 насныханд тарих болов уу гэсэн хүлээлттэй байна.
Учир нь албаныхан дээрх уургийг хэдий хэр хэмжээгээр үйлдвэрлэсэн, хэзээ тарьж эхлэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
"Нийтийн буюу сүргийн дархлаа хэзээ тогтох вэ гэсэн асуулт иргэдийн дунд байна. Нийт хүн амын 60-90 хувь нь вакцин хийлгэж байж сүргийн дархлаа тогтоно гэж үздэг. Манай улсын хувьд насанд хүрсэн иргэдээ 100 хувь вакцинжуулбал хүн амын 65 хувьд хүрнэ. Монгол Улсын нийт хүн амын 35 хувь нь 0-17 насны хүүхэд. Хүүхдүүдээ вакцинд хамруулахгүйгээр нийтийн дархлааны талаар ярих боломжгүй" гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр мэдэгдсэн юм.
Холбоотой мэдээ