Музейн бүтээн байгуулалтын ажил санхүүжилтээс болж удаашрав уу?

Хуучирсан мэдээ: 2021.08.23-нд нийтлэгдсэн

Музейн бүтээн байгуулалтын ажил санхүүжилтээс болж удаашрав уу?

Наадмаар ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан "Чингис хаан" музейн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Одоо гадна засал, чимэглэл болон музейн дэглэлтийн ажил үлдсэнийг мэргэжилтнүүд хэлж буй. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бүтээн байгуулалтын ажил хойшилж, музейн барилгыг наймдугаар сарын 20-нд Улсын комисст хүлээлгэн өгнө гэж Соёлын дэд сайд М.Батбаяр хэлж байв.

Тэрбээр “Чингис хаан музей нь нийт 20.500 метр квадрат талбайтай. Үүнээс 7600 метр квадрат талбай нь үзүүллэг дэглэлтийнх. Энэ музей нь Хүннү гүрнээс эхлээд XX зууны эхэн үе хүртэлх 2000 гаруй жилийн түүхийн үзмэрийг дэлгэнэ. Музейн барилгыг наймдугаар сарын 20-нд Улсын комисс хүлээж авахаар ажиллаж байна. Музейн дэглэлтийг төлөвлөх нь барилга дотор дахин барилга барих хэмжээний ажил болдог” гэв.

Чингис хаан музейн дэглэлтийн төлөвлөгөөнд туссанаар 15 танхимд нийт 6033 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэглэхээр төлөвлөжээ. Үүнээс 5927 ширхэг буюу нийт үзмэрийн 98.2 хувийг нь дотоодын эх үүсвэрээс, 106 ширхэг буюу 1.8 хувийг нь гадаадын музей, номын сан, архив зэрэг байгууллагын эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцсон байна.

Тодруулбал, дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэх нийт 5927 ширхэг үзмэрийн 5741 ширхэг үзмэрийг төрийн болон орон нутгийн өмчийн музей, номын сан, архив, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, Эрдэнэсийн сан зэрэг 27 байгууллагаас татан авах бол 154 ширхэг үзмэрийг шинээр, 18 дурсгалын хуулбар, 10 дурсгалын макетыг хийлгэх аж. Мөн хөдөө орон нутгаас дөрвөн чулуун дурсгалыг татан авч байрлуулах нь. Хувь хүний цуглуулгад байгаа дурсгалт зүйлийг хуулийн хүрээнд худалдан авч, музейд дэглэх талаар судалж байгаа аж.

Харин гадаадын 11 орны музей, номын сан, архив зэрэг байгууллагаас 106 ширхэг үзмэрийн хуулбарыг авч музейг дэглэхээр төлөвлөсөн байна. Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгад Чингис хаан музейд татан авах үзмэрийг түр хадгалах зориулалтын сан хөмрөгийн байр танхим бэлтгэж, түр хадгалж байгаа ажээ.

Монголын урчуудын эвлэлийн захирал Б.Төмөрбаатараас музейн гаднах чимэглэлийн ажил хэр явцтай байгааг тодруулахад “Музейн чимхлүүр хэсэг болох засал, чимэглэлийн ажлыг 50 гаруй урчууд урлаж байна. Уран барималчид хаадын тамганы загварыг хийж, дархчуул зэс хөөмлөөр урлаж байна. Музейн ханан дээр овог аймгийн 1000 гаруй тамга урлана. Энэ ажилд маш их цаг зарцуулж байгаа. Мөн санхүүжилтээс болж энэ ажил удааширч байна” хэмээн хэлсэн юм.

Барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн юм. Музейн есөн давхар барилгын ажлыг "Билгүүн Монгол констракшн" компани гүйцэтгэж байна.

"Чингис хаан" музейн захирал С.Чулуун тендер шалгаруулалтын ажлаар завгүй яваа сурагтай. Музейн оффисыг тохижуулахаар наймдугаар сарын 16-нд нийт 580 сая төгрөгийн хоёр тендер зарлажээ. Үүнд, компьютер, техник хэрэгсэл худалдан авахаар 250 сая төгрөг, тавилга, эд хогшил худалдан авахаар 330 сая төгрөгийн тендер тус тус зарласан байна.

Мөн музейн үзмэрийн шилэн хорго, тоног төхөөрөмжийг хийх таван тэрбум төгрөгийн нээлттэй тендерийг 2021 оны зургадугаар сарын 16-нд зарласан. Уг тендерт хоёр компани оролцсон ч тендерийн бичиг баримт шаардлага хангаагүйгээс долдугаар сарын 22-нд дахин нээлттэй тендер зарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж