…Зуун жилийн дараа өөрсдийн эрх ашгаа хамгаалах гэсэн МАН доторх бүлэглэлүүдийн дотоод тэмцэл ид өрнөж байна. Тэдэнд үзэл баримтлалаас ашиг сонирхол илүү чухал билээ. Эрх мэдлийн шинэ хуваарилалтын тохиролцоогоо далд хийж эс чадвал ил "зодолдоно". УИХ дахь АН-ын бүлэг ч үүнд татагдан оролцлоо. Тэд улс орны нөхцөл байдлыг бодитоор дүгнэсэн, болохгүй бүтэхгүй байгааг эрх баригчдад сануулсан эсвэл сөрөг хүчний байр сууриас зүгээр ч нэг засгийг огцруулах гарын үсэг цуглуулсан юм биш. Энэ нь, МАН-ын эрх мэдлийн хуваарилалтад гаднаас оролцож буй хүний явуулга бөгөөд сануулга өгч буй хэрэг. Буусан хүний АН-ын бүлгээр дамжуулан огцруулах бичигт МАН-ын зарим гишүүд гарын үсэг зурсан, зурах гэж буй мэтээр мэдээлэл цацаад буй нь ч учиртай. Түүгээр "хувирч мэдэх сэтгэл шүү, хайрандаа аргамжаарай" гээд сануулаад буй хэрэг. Нөгөө талаар МАН-д ч түүний хүмүүс шаггүй эрх мэдэлтэй буй. Энэ хэргийг цааш үргэлжлүүлэх үү эсвэл засгаа огцруулж, намын эрх мэдлийг дахин хуваарилах уу гэдэг нь энэ долоо хоногт болох уулзалтуудаар илүү тодорхой болно.
Алсын хараа, авлига, Эрдэнэт, Оюутолгой, 400 сая жуулчин, төрийн албаны цомхотгол гэхчилэн сүртэй мэдэгдэл хийж асан Ерөнхий сайд өнөөдөр сурагчдын хоол, бэлтгэл ажил гэлчихлэнтэй танилцаж, ил гарч, элдэв тулгамдсан асуудалд байр суурь илэрхийлэхээс зугтаад буйн шалтгаан энэ. Өөрөө ойлгохоор, өрөөл бусад гайхмаар нэг асуудал бол "Андлалын хөшөө"-г тойрсон мэдээлэл. Түүгээр бас нэг талынхан чонын ходоодонд оров доо гэж сануулга өгсөн хэрэг.
САЛХИ ЭРГЭСЭН НЬ
Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгад “зүтгэсэн” У.Хүрэлсүх дэмжлэгийг нь авч, “60 тэрбумын схем” гэх хэргээр шалтаглан М.Энхболдын эрх мэдлийг авахаар зүтгэж, УИХ-ын даргаас нь зайлуулж, Ж.Эрдэнэбатын засгийг унагаснаар санасандаа хүрсэн. У.Хүрэлсүх намын даргаа, Ерөнхий сайдаа авч Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамжин МАН, АН доторх эсрэг талынхнаа шоронд хийхийг нь хийж, сануулга өгөхөд нь сануулга өгч, тэр тоолондоо олны дэмжлэгийг авсаар Ерөнхийлөгч болов. Энэ хооронд Засгийн газраа огцруулж, Х.Баттулгатай муудалцаж жүжиглэсэн. Олон нийт итгэсэн ч жүжиг гэдгийг нь өөрсдөө мэднэ. Намын үе үеийн хүчтэй лидерүүдийг дэмжин алга ташиж, араас нь хутгалж явсаар гэрлийн хурдаар эрх мэдэлд хүрсэн Л.Оюун-Эрдэнийн хөл одоо тарьсан өвсөндөө орооцолдож эхэлжээ. Н.Энхбаярын үед "Number one" хөдөлгөөн, М.Энхболдын үед хөгжөөн дэмжигчээс огцрохыг шаардагч болсныхоо төлөө У.Хүрэлсүхийн гал тогооны хүн болсон тэрбээр өнөөдөр өөрөө оройд нь гарчихлаа. Тэд Хойд хөршийн Путин, Медведев нар шиг хорших мэтээр төсөөлж, өөдрөг мөрөөдөн, давхар нүүдэл хийж явсан нь ардчилсан Монголын бодит хөрсөн дээр нутагшсангүй. Намдаа нэртэй, нөлөөтэй Н.Энхбаяр нь буцан ирж, бутарсан саналыг нь нэгтгэснийхээ хариуг авах гээд хүлээж сууна. М.Энхболдын ч инээд нь хүрээд алгаа үрээд сууж байна. Товчхондоо У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болохын тулд нам доторх бүлэглэлтэйгээ тохиролцсон бөгөөд одоо тэд өрөө нэхэж байна. Тэд бүгд нэг л зүйлийг хэлж буй нь "Хэлсэндээ хүр эсвэл зай бол".
ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ…
Асуудлыг нударгаар шийддэг, дургүй хүргэвэл элэгдээд унагаачихдаг У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод шууд намын ажилд оролцох боломж нь хуулиар хориглосон. Намын даргаа Л.Оюун-Эрдэнэд шилжүүлэхэд хэн ч эсэргүүцээгүй нь айсандаа биш. Авах зүйлсээ тохиролцсондоо байсан билээ.
У.Хүрэлсүх: -Ард түмний төлөөх ардчилсан нам байлгаарай.
Л.Оюун-Эрдэнэ: -Хүний төлөө, тусгаар тогтнолын төлөөх түүхэн уламжлалыг үргэлжлүүлнэ.
Д.Амарбаясгалан: МАН дотооддоо эв нэгдлээ сахин, амлалтаа биелүүлэх чиглэл рүү онцгойлон анхаарах үүднээс МАН-ын даргаа санал нэгтэйгээр сонголоо.
Л.Оюун-Эрдэнэ намын даргын тамгаа авахад тэд ийн хэлжээ. Үгэн дотор үг, үхэр дотор гяван гэж энэ. Учрыг нь мэдэж буй нэгэнд маш ойлгомжтойгоор л хэлжээ. Намын дүрмээрээ бол даргыг Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгодог. Их хурал болоогүй учраас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын даргыг орлох ёстой. Гэтэл Бага хурлаараа Л.Оюун-Эрдэнийг сонгоход Д.Амарбаясгалан дэмжсэн нь чоно цатгалсан, сүрэг бүтэн үлдсэн хэрэг. Дүрмийн бус даргатай болгохдоо Д.Амарбаясгалан хотыг авах тохироо хийжээ. Сонгуулийн өмнө Их хурал зарлавал жоомоо устгах гээд гэрээ шатаав гэгч болох учраас аль аль тал нь болгоомжтой хандсан юм. Сонгууль ч болсон. У.Хүрэлсүх ч намаасаа явав. Үүнтэй зэрэгцээд нэгэн чухал хуулийг УИХ ногоон гэрлээр баталсан. Тохироогоо хийчихсэн учраас Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, хотын даргын эрх мэдлийг Ерөнхий сайдаас дутахааргүй хэмжээнд аваачив. Хот улс доторх улсаас ялгаагүй болов. Орлогынхоо 40 хувийг захиран зарцуулах эрх мэдэл хуулиар бий болов.
Үндсэн хуулийн шинэчлэлээр хууль тогтоохоос өөр эрх мэдэлгүй болсон УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, хотын дарга болсон Д.Сумъяабазар өөрийн биеэр биечлэн энэ хуулийг батлуулахын төлөө УИХ-ын гишүүдийг лоббидсон ч маш хурдан хугацаанд батлуулсан нь Д.Амарбаясгалангийн нөлөө байв. Д.Амарбаясгалан болоод түүний ашиг сонирхол нэг цэгт ийнхүү давхцав. Нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлсэн Д.Амарбаясгалан одоо хэлсэндээ хүрэхийг шаардаж байна.
Хэлсэндээ хүрэхгүй бол засгийг огцруулах, Их хурлаа зарлах, дараагийн даргын яриа гээд дүрмийн бус даргыг дарамтлах, шалаанд оруулах олон нүүдэл түүнд бий.
Л.Оюун-Эрдэнэ хэлснийг өгье гэх нь Сү-гийн талынхан өмнө нь хөндөлсөв. Тэдний сонирхол Д.Сумъяабазараар дамжин Х.Баттулгатай нийлжээ. Өөрсдийн эрх мэдэл, бизнесээс болж тэд биенээ байнга харлуулж ирсэн бол одоо харин түүнийгээ тэлэхээр нэгдэж байна. Сү-гийн фракцынхан ГЕГ-аас эхлээд өөрсдийнхөө авна гэснээ үргэлжлүүлэх авах сонирхолтой байгаа. Замын-Үүдийн сүр дуулиантай баривчилгаа замхрах шатандаа орсон нь эрээ цээрээ алдсан авлига, хүнд суртал тэнд нүүрлэсэндээ биш дараагийн ээлж хоолондоо орох болсоныг илтгэнэ. Удахгүй ГЕГ, Замын-Үүдэд өөрчлөлт хийх нь тодорхой болжээ. Гэхдээ хэн нэгний бус хуваан эзэмших байдлаар хүмүүсээ томилно. Энэ зодооноор Увс фракцийнхан жийгджээ. Ч.Хүрэлбаатарын багын найз Замын-Үүдийн Гаалийн даргаас буусан явдал үүнийг батална. Улс төрийн том зодоон буйг мэдэхгүй "АТГ-д би шалгагдаагүй" гэж мань дарга зарлаад байгаа ч түүнийг тоох хүн одоо алга.
ХОТЫН ФРАКЦ ИДЭВХИЖИВ
М.Энхболд УИХ-ын даргаасаа буусан ч түүний талынхан ямар нэгэн хэмжээгээр албан тушаал, эрх мэдлээ хадгалсаар байсан. Одоо бүр ч илүүг авахаар зүтгэж эхлэв. Өнгөрсөн долоо хоногт болсон Хөшигтийн хөндийн томилгоо үүнийг гэрчилнэ. Дээр нь Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуульд фракцийнхаа гол санхүүжүүлэгчийг дэвшүүлэхээр зүтгүүлж байна. Тэд асуудлаа шийд гэх хоёрхон үгээр намын даргыг шахаж байна. Ердөө хоёрхон жилийн өмнө "түгжилдсэн" Л.Оюун-Эрдэнэ одоо М.Энхболдтой хүн чанар, улс төрийн мөн чанар ярих эрх байхгүй . Өөрөө ямар хүний үнэргүй зан гаргаснаа, улс төрийн мөн чанар юунд оршиж байгааг хэн хэн нь мэдэж байгаа учраас айдаггүй юмаа гэхэд болгоомжилж, болж өгвөл найр тавихыг хичээн, тал засаж, Хөшигийн хөндийд төлөөлөгчөөр хүнийг нь томилж байна. Амьдрал баян ажээ. Дээр нь Н.Энхбаяр бахдалтайгаар эргэн ирсэн. Ингэхдээ хоосон ирээгүй. Эрх мэдлийн тохироо хийсэн. Одоо бас л амласнаа биелүүлэхийг шаардаж байгаа. Түүнтэй, түүнгүй рейтинг өндөр байж түүхэнд ялалт байгуулсан гэж У.Хүрэлсүх хэлж болох ч Л.Оюун-Эрдэнэ болохгүй. Тиймээс ч хүүд нь НАМЗХ-ныхоо дэд ерөнхийлөгчийг бэлэглэв. Авлага ингээд дуусаагүй. Хэнтийд хэнийг дэвшүүлэхээс эхлээд олон яриа бий. Аль аль нь хэцүү. Монголын, МАН-ын улстөрд нөлөөтэй хэвээрээ байгаа билээ.
АЦАН ШАЛАА
Чимээгүй хэр нь Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн авралын элч, амилсан чөтгөрийн аль алиных нь байр суурь дээр байна. Хэрэвзээ амалснаа биелүүлэхгүй бол Л.Оюун-Эрдэнийг хамгийн түрүүнд хэнтэй ч хамаагүй нийлж байгаад зайлуулчих, эсвэл аврах бүх хөзөр нь түүний гарт бий. Тиймээс асуудлаа хурдан шийдээд засагтаа өөрчлөлт оруулаад ашиг сонирхлоо хангаад яв эсвэл огцор гэх ганц л зүйлийг хэлж буй. Гэтэл өөрийг нь энэ суудалд суулгахад багагүй хувь нэмэр оруулсан ах нарын хуурай ах бас өөр сонирхолтой байдаг. Тэдийгээ бодьё гэхээр Д.Амарбаясгалан өөрийг нь ядах юмгүй амлаад шидчих гээд байдаг. Ийм л ацан шалаан дунд Л.Оюун-Эрдэнэ оржээ.
Тиймээс дараагийн эрх мэдлийн хөзөр Д.Амарбаясгалангийн гарт байна. Цар тахлаас илүү эрх мэдлийн хуваарилалт өнөөдөр МАН-ын толгойны өвчин болжээ. Зуун жилийнхээ ойгоороо засгийн эрхийг бүрэн утгаар нь авсан МАН-ын, Л.Оюун-Эрдэнийн зовлон одоо л эхэлж байна. Бэлэгдлийн шинжтэй парламентын дарга тус болох нь юу л бол. Бүх талын ашиг сонирхлыг хангаад явна гэдэг амаргүй л болов уу? Энэ долоо хоногт эхний уулзууд болно. Юу тарина, түүнийгээ л хураана. Зовлонгоо өөрсдөө тарьсан болохоор үр жимсийг нь хүртэж таараа.
Холбоотой мэдээ