Сангийн яамнаас мэдээлснээр оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын өрийн үлдэгдэл 27.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр өссөн дүн юм.
Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн хувь хэмжээ II улирлын байдлаар 60.4 хувь болсон байна. Урьдчилсан тооцооллоор, 2021 оны хэмжээнд Засгийн газрын нийт өр 30.9 их наяд төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 61.3 хувь болох нь.
Засгийн газар оны эхний зургаан сарын байдлаар нийт 1.2 их наяд төгрөгийн өр төлбөр төлсөн. Үүнд “Мазаалай” бондын үлдэгдэл болох 132.6 сая ам.доллар, “Credit Suisse” банкны зээлийн үлдэгдэл 60.0 сая ам.долларын төлбөрүүд багтаж буй юм.
Гүйцэтгэх засаглал өнгөрсөн зургадугаар сард ирэх онуудад төлөгдөх 799 сая ам.долларын үлдэгдэл төлбөртэй “Чингис” болон 2023 онд төлөх 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэхээр нэг тэрбум ам.долларын “Century” төсөл гаргасан билээ.
Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн “Century” төслийн хүрээнд арилжаалсан нэг тэрбум ам.долларын бонд нь манай улсын ирэх хоёр жилд хүлээгдэж байсан гадаад өрийн үндсэн төлбөрийг хойшлуулж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн богино хугацааны эрсдэлийг багасгаж, хөрвөх чадварыг сайжруулж байгааг Монголбанкнаас мэдээлсэн.
Энэ дахин санхүүжилт нь цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг түргэсгэх бодлогыг хэрэгжүүлж буй үед Монгол Улсын гадаад төлбөрийн чадвар, валютын урсгалд дэмжлэг болж байгаа аж. Олон улсын хөрөнгө оруулагчид түүхэн бага хүүгээр гаргасан урт хугацаатай бондоор “Чингис”, “Гэрэгэ” бондыг дахин санхүүжүүлэх хэлцэлд орсон нь хөрөнгө оруулагчид Монгол Улсад итгэх итгэл өндөр байгааг илтгэж байгаа юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ