Эхлээд Месси, харин одоо Роналдо

Хуучирсан мэдээ: 2021.08.23-нд нийтлэгдсэн

Эхлээд Месси, харин одоо Роналдо

Эхлээд Месси, харин одоо Роналдо

Саяхан Лионель Месси Барселона багаасаа явж, дэлхий дахиныг гайхашруулсан билээ. Тэгвэл энэ удаад түүний мөнхийн өрсөлдөгч Кристиано Роналдог багаасаа явах тухай шуум дэгдэв.

Хөлбөмбөгөөр дагнан бичдэг итали сэтгүүлч Фабрицио Романогийн мэдээлж буйгаар Кристиано Роналдо өчигдөр (2021.08.22) Удинезе багийн эсрэг гараанд гаралгүй, өөрийн хүсэлтээр сэлгээнд суусан аж.

Роналдо ирэх өдрүүдэд багаасаа явна гэдэгтээ итгэлтэй байгаа боловч одоогоор Ювентус багт албан ёсны санал тавьсан баг алга.

Ювентусын дэд ерөнхийлөгч Павел Недвед Роналдог сэлгээнд суусан талаар ярихдаа “Бид энэ шийдвэрийг Роналдотой ярилцаж байж гаргасан. Бүх зүйл хэвийн. Тэр багтаа 100 хувь үлдэнэ” гэжээ. Харин тус багийн дасгалжуулагч Аллегри “Роналдогийн бүх зүйл хэвийн. Тоглолтын өмнө би түүнтэй ярилцаж, сэлгээнд суулгах шийдвэр гаргасан. Гэхдээ хоёрдугаар үед талбайд гаргана гэдгээ хэлсэн. Тэр хоёрдугаар үед сайн тоглосон” хэмээн ярив.

Удинезе-Ювентус багуудын тоглолт 2-2 гэсэн харьцаатай өндөрлөсөн бөгөөд Роналдо 60 дахь минутад талбайд сэлгээгээр гарч, 94 дэх минутад гоол оруулсан ч VAR түүний гоолыг хүчингүйд тооцсон юм.

Өдгөө 36 настай Роналдог эгнээндээ элсүүлэх боломжтой хэд хэдэн Европын баг бий. Тухайлбал, Английн Манчестер Сити, Манчестер Юнайтед, Испанийн Реал Мадрид, Францын ПСЖ гэх мэт.

Гэхдээ Роналдо Реал Мадрид дахь өөрийн түүхээ аль хэдийнэ биччихсэн тул эргэн очихгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Манчестер Сити Роналдо гэхээсээ илүүтэйгээр Харри Кэйнийг багтаа элсүүлэх чин хүсэлтэй яваа. ПСЖ Роналдог худалдан авч, Месси, Неймар, Мбаппе нарыг түүнтэй хамт тоглуулах боломжтой ч санхүүгийн шударга өрсөлдөөний дүрэм тэдэнд саад болно. Магадгүй Мбаппег Реал Мадрид руу явсан тохиолдолд бид Месси-Роналдо гэх хоёр эрхмийг хамтад нь нэг багт харж болох юм.

Европын хөлбөмбөгийн солилцоо наймааны цонх хаагдахад найман өдөр үлдлээ.

Кристиано Роналдо 2018 оны зун 100 сая еврогоор Реал Мадридаас Ювентуст ирж байв. Тэрбээр Италийн багт гурван улирлыг өнгөрүүлэхдээ дотоодын бүхий л цомд түрүүлж, 134 тоглолтод 101 гоол оруулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж