Олон хүний хөл дарж, хот, хөдөөгөөс хүмүүсийн зорин очиж үйлчлүүлдэг газар бол "Нарантуул" олон улсын худалдааны төв. Дөрвөн улирлын алинд ч хүн ихтэй байдаг тус зах хичээл эхлэхийн өмнөх долоо хоногт нам гүн угтлаа. Өдийд хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж байдагсан.
Худалдаа эрхлэгчид хичээлийн хэрэгсэл болон дулаан хувцасаа лангуун дээрээ дэлгэжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хөл хорионоос болж хаалгаа барьсан тус захын худалдагчид эдийн засгийн хувьд ашиг орлого муутай байж үзээгүй гэв. Учир нь Covid-19 цар тахал дэгдсэний улмаас импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, төгрөгийн ханш унаж, юанийн үнэ нэмэгдэн, бензиний үнэ ч гэнэт огцом өссөн зэрэг нь худалдан авалтад нөлөөлж, бараа бүтээгдэхүүн нь гүйхээ больжээ.
Дотоодын болоод импортын дэвтэр, үзэг харандаа, хайч, цавуу гээд цэцэрлэгээс их сургууль хүртэлх бүхий л насны сурагчдад зориулсан хичээлийн хэрэгсэл үнэ болоод сонголтын хувьд тус захад олон янз байна. Тухайлбал: “Улаанбаатар принт” үйлдвэрийн дэвтэр
- 12 хуудастай нь 250,
- 24 хуудастай нь 500,
- 36 хуудастай нь 625,
- 48 хуудастай нь 840,
- 60 хуудастай нь 1050,
- 96 хуудастай нь 1680 төгрөгөөр зарагдаж байв.
Харин Польшийн болон бусад импортын дэвтэр дотоодын дэвтрээс хямд үнээр худалдаалагдаж байв. 12 хуудастай нь 200-230 төгрөг, 24 хуудастай нь 400-450 төгрөг, 32 хуудастай нь 500-550 төгрөг гэх мэтчилэн үнэтэй байв. Худалдаа эрхлэгчидтэй уулзаж, иргэдийн худалдан авалт, энэ жилийн наймаа хэр сайн гүйж байгааг сонирхлоо.
ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ Ч ХУДАЛДАН АВАЛТ МАШ МУУ БАЙНА
ХУДАЛДАГЧ Н.ЦОГБАДРАХ:
-Манайх жил бүр үзэсгэлэн худалдаа хэлбэрээр бичиг хэрэгслийн бараагаа зардаг. Иргэдийн худалдан авах чадвар өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад муу байна. Дэвтэр, бал, өнгийн цаас, харандаа гээд олон төрөл байна. Харандаа гэхэд 200-3500 төгрөгийн хооронд 10 гаруй төрөл. Гэтэл хүмүүс ихэвчлэн хямдыг нь сонгож байна. Хүн бүрийн худалдан авах чадвар харилцан адилгүй. Мэдээж хүн өөрийн боломждоо тааруулж сонголт хийх нь зөв. Карго, ачаа тээврийн үнэ их нэмэгдсэн. Одоо улирал нь дуусахаас өмнө хичээлийн хэрэгслээ үзэсгэлэн хэлбэрээр дэлгээд байж байна. "Баялаг-Ундраа"-гийн хажуу тал буюу нүүрний эгнээнд үзэсгэлэнгийн талбайг бид 60 мянган төгрөгөөр түрээсэлдэг. Нэг сарын хувьд боломжийн. Нүүрний эгнээнд байсан ч худалдан авалт хийх иргэд цөөхөн хэвээрээ л байна. Хичээл орох болчихсон юм чинь хүн ихсэх байх гэсэн ч нэмэгдэхгүй хэвээр л байна. Хэрэв цаашид хөл хорио тогтооно гэвэл худалдаа эрхлэгчдэд маш хүнд байдал үүснэ.
ХОЁР СУРАГЧ, НЭГ ОЮУТНЫХАА ТӨЛБӨРИЙГ ЯАЖ ОЛНО ОО Л ГЭЖ БОДОЖ БАЙНА
ХУДАЛДАГЧ Д.ПҮРЭВЦЭРЭН:
-Би гурван хүүхэдтэй. Covid-19 дотоодод бүртгэгдсэнээс хойш худалдаа эрхэлж байгаа хүмүүст их хүнд туслаа. Өвөл би гутал зардаг. Ноднин жил хөл хорио тогтоосноос болж өвлийн бүх бараагаа "Баялаг-Ундраа"-д цоожлуулчихсан. Бараагаа татаж авав уу, үгүй юү карентин тогтоосон. 20 гаруй сая төгрөгөөр гутал авчхаад нэгийг ч зарж чадаагүй. Одоо эргэлтийн мөнгөгүй болсон. Зээл авч, дүрэмт хувцасны татан авалт хийхэд хил дээр 10 гаруй хонож, өндөр өртөг төлж байж, машинд ачуулж авчирсан. Юань 450 төгрөг болсон. Урд хөршид барааны үнэ ч нэмэгдсэн. Гэсэн ч миний хувьд цэнхэр цамцыг 15-20 мянган төгрөгөөр зарж байна. Өнгөрсөн жил яг л энэ ханшаар байсан. Хүмүүс 15 мянган төгрөгийн цэнхэр цамцыг ямар үнэтэй юм бэ. Өөр газраас л авахаас гээд явж байна. Хүмүүсийн аж амьдрал өдөр ирэх бүр хэцүү болж байна. Хил гаалийн асуудлыг шийдвэрлэнэ гэж өчнөөн амалсан ч өнөөдөр гацаа нь яг л хэвэндээ байна. Худалдан авагч муу байгаа болохоор гурван хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яаж олж төлнө дөө гэж бодож сууна.
ИЖ БҮРЭН ДҮРЭМТ ХУВЦАС АВЧ БАЙГАА ХҮН АЛГА
ХУДАЛДАГЧ Х.ХУРБИЛЭГ:
-Хичээл орох, орохгүй нь тодорхой болоогүй учраас хүмүүс эргэлзээд, худалдан авалт хийхгүй байна. Иргэдийн худалдан авах чадвар өнгөрсөн жилийнхээс 50 хувь буурсан. Дүрэмт хувцасны үнийг огт нэмээгүй. Дотоодод үйлдвэрлэсэн гэж байгаа формын хувьд зузаан бөөсөрдөг материалтай. Харин урдаас орж ирж байгаа дүрэмт хувцас чанартай, үнэ нь хямд байдаг онцлогтой. Бага ангийн эрэгтэй дүрэмт хувцас цамцтайгаа 55-60 мянган төгрөг, эмэгтэй нь 45 мянган төгрөг. Дунд ангийнх нь 65-75 мянган төгрөг байна. Ноосон жлетка 18 мянган төгрөг, цэнхэр цамц дангаараа 15-20 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Энэ жил иж бүрэн дүрэмт хувцас авч байгаа хүн алга. Цахимаар орж магадгүй гээд дан цамц ихэвчлэн авч байна. Эдийн засгийн хувьд цаашид улам муудаж магадгүй. Бидний хувьд түрээсийн үнэ хямд учраас худалдаагаа эрхлээд болоод л байна. Цаашид худалдан авагчгүй болох эрсдэл ойрхон байна шүү дээ. Одоо хөл хорио тогтоох л юм бол хэцүүднэ.
ХОЁР ЖИЛ ДАРСАН ӨВЛИЙН БАРАА МААНЬ ЭЛЭГДЭЛД ОРЖ, ЗАГВАР НЬ ХОЦРОГДСОН
-"Нарантуул" дээр наймаа хийж байгаа бүх хүн амьдралынхаа төлөө зүтгэж байна. Бид бүгдээрээ улиралдаа зохицуулаад барааны татан авалтаа хийдэг. Гэхдээ өмнөх бараагаа зарж дуусаад, тэр мөнгөөрөө татан авалт хийдэг байсан. Одоо нөөцөлсөн бараа дээрээ нэмж нөөцлөөд, дахиж мөнгө зээлээд бараа татаж байна. Худалдаж авах хүн бараг байхгүй. Нэгдүгээр ангид орж байгаа хүүхэдтэй хүмүүс цүнх авч байна. Цүнхний хувьд 15-110 мянган төгрөгийн ханштай байна. Энд цүнх зараад хоёр долоо хоноход дунд, ахлах ангийн хүүхдэдээ цүнх авсан хүн байгаагүй. Тэгэхээр хүмүүс хичээлийн бэлтгэл төдийлөн базаахгүй байгаа харагдаж байна.
300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БЭЛТГЭЛ БАЗААХ ГЭСЭН Ч ЦҮНХ, ФОРМ АВААД ДУУСЧИХЛАА
ИРГЭН И.ДУЛАМСҮРЭН:
-Манай охин дөрөвдүгээр ангид орж байгаа. Өнгөрсөн жил авсан бүх хувцас нь багадчихсан учраас энэ жил шинээр авахаас өөр сонголтгүй болсон. Гэрээсээ 300 мянган төгрөгтэй гарсан ч цүнх, форм, бэлтгэлийн хувцас аваад мөнгө дуусчихсан. Болдог бол хичээлийн хэрэгсэл, цэнхэр цамцтай авчихмаар байсан. Мэдээж танхимаар орвол хэцүү шүү дээ. Тиймээс хамгийн боломжийн үнэтэй гэж бодоод "Нарантуул" захаас ирж бэлтгэлээ базааж байна.
100 МЯНГАН ТӨГРӨГТ ТААРУУЛЖ ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ БЭЛДЭНЭ
ИРГЭН Ц.ИХБАЯР:
-Ажил хийх боломж өдөр ирэх бүрт багасч байна. Юмны үнэ маш их нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа, хувцас гээд үнэ нэмэгдээгүй зүйл алга. Ядарсан хүмүүст гурилын үнэ нэмэгдэх нь хүртэл хүнд. Манай хүүхэд тавдугаар ангид орно. Хэдэн дэвтэр, чадвал цүнх, хямд байвал форм авч өгөх санаатай 100 мянган төгрөгтэй гарсан. Энэ мөнгөндөө тааруулаад эхний ээлжинд хэрэгтэй зүйлсийг авна.
ГУРВАН ХҮҮХДЭД ФОРМ АВАХАД Л 340 МЯНГАН ТӨГРӨГ БОЛСОН
ИРГЭН Н.АЛГИРМАА
-Манайх гурван хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлдэхээр гарч ирсэн. Одоогоор форм авсан. Гурван хүүхдэд форм авахад 340 мянган төгрөг болсон. Цахим хичээл үр дүн бага байсан. Тиймээс хүүхдүүд маань сургуульд явахдаа баяртай байгаа. Өнөөдөр хичээлийн хэрэгслээ бэлдээд, хэд хэдэн газраар орсон. "Нарантуул" сэлүүхэн, хүн бага байна. Үнэ нь ч боломжийн. Тиймээс энэ захаас үлдсэн хэрэгтэй зүйлсээ худалдаж авна гэж бодож байна.
Мөнхийн хөл хөдөлгөөнтэй байдаг "Нарантуул" зах эл хуль байгаад хүмүүс дасахгүй байгаа бололтой. Хаалгаар орсон хүмүүс "Бүтэн сайн өдөр байж хүн яасан бага байна" гэх мэтчилэн хоорондоо ярилцана. Зорьж ирсэн хүмүүс ихэвчлэн гэр бүлээрээ яваа харагдана. Бага насны хүүхдээ тэвэрсэн, хөтөлсөн хүмүүс боолт, трико, хичээлийн хэрэгсэл гээд өөрт хэрэгтэйгээ шилж сонгож авч байлаа. Covid-19-өөс болж эдийн засгийн хувьд уналтад орж, наймааны эрч суларсан талаар тус захынхан бидэнд хэлсэн юм.
Хүмүүс ч хичээл сургалтын бэлтгэлд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа гэлээ. Ямартай ч хүмүүс эхний ээлжинд зайлшгүй шаардлагатай зүйлсээ авч, дараа нь хөл хорио тогтоохгүй гэвэл үлдэгдэл зүйлсээ авна гэж төлөвлөж буй бололтой. Харин захын худалдаачдад хоёр жил дарсан элэгдэлтэй бараагаа үнийг нь бууруулахгүй хэрхэн зарах л том асуудал болж байгаа аж.
Гэрэл зургийг Г.ЭНХЖИН
Холбоотой мэдээ