Оросын эсрэг тавьсан АНУ-ын шинэ хориг арга хэмжээ нь Жо Байдений засаг захиргаа Москва-Вашингтоны харилцааг түншлэлийн үндсэн дээр байгуулах "улс төрийн хүсэл зорилгогүй байгааг" харууллаа гэж ОХУ-ын Гадаад харилцааны яам Бямба гаригт мэдэгдэв. Тодруулбал, Кремлийг шүүмжлэгч Алексей Навальныйг хордуулсан хэрэг болон “Хойд урсгал 2″ хий дамжуулах хоолойн төслийн ажилтай холбогдуулан ОХУ-ын хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд шинэ хориг тавих болсноо АНУ Баасан гаригт зарласан юм.
Яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова энэ “дайсагнасан үйлдэл”-ийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Жой Байден нарын өнгөрсөн зургадугаар сард Женевт хийсэн дээд хэмжээний уулзалтын үзэл санаанд харшилсан хэрэг болохыг онцлов. Мөн уг шинэ хориг арга хэмжээг Афганистан дахь гадаад бодлогынхоо алдааг нуух гэсэн оролдлого гэж үзсэн байна. Захарова "Оросод дарамт үзүүлэх нь утгагүй бөгөөд бид урьдын адил эрс шийдэмгий даван туулах болно" гэжээ.
Дашрамд, Оросын сөрөг хүчин, Путины эсрэг тэмцэгч Алексей Навальный 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр мэдрэлийн системд нөлөөлдөг бодисонд хүчтэй хордсны улмаас Германд эмчлүүлэн үхлийн аюулаас аврагдаж байв. Ийнхүү хордсоноос таван сарын дараа Оросод буцаж ирэх үед нь түүнийг Шереметьево нисэх онгоцны буудал дээр баривчилсан билээ. Учир нь өмнө нь тэрбээр бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт буруутгагдаж, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан ч шүүхийн шийдвэрийг зөрчсөний улмаас ийн баривчлагджээ.
Харин “Хойд урсгал 2″ нь ОХУ-аас Европ руу Балтийн тэнгисээр дамжин өнгөрөх экспортын шинэ хийн хоолой юм. 1200 км үргэлжлэх уг хийн хоолой жилд 55 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай аж. Европт дотоодын хийн үйлдвэрлэл буурч, импортын хийн эрэлт нэмэгдсэн нь уг төсөл хөтөлбөрийг санаачлах эхлэл болжээ. Мөн "Хойд урсгал" хийн хоолойг барьж ашиглалтад оруулсан өмнөх амжилтад тулгуурлан уг төслийг 2017 оны дөрөвдүгээр сард баталсан байна. “ENGIE”, “OMV”, “Royal Dutch Shell”, “Uniper”, “Wintershall” зэрэг Европын эрчим хүчний компаниуд төслийн нийт өртгийн 50 хувийн санхүүжилтийг хариуцахаар болсон билээ.
Эх сурвалж: XINHUA, BBC, GAZPROM
Холбоотой мэдээ