Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн ;ельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгааг анхааруулж байгаа. Орон нутагт тэр дундаа Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Хэнтий, Завхан аймгуудад хоногт бүртгэгдэх халдварын 35-75 орчим хувь нь мутацид орсон ;ельта вирус илрээд байна. Одоогийн байдлаар дотоодод дельта, альфа, гамма хувилбарын тархалт бүртгэгдсэн байгаа ч дельта хувилбарын тархалт өндөр хувийг эзэлж буй аж.
Цар тахлын тархалтын эрсдэл нэмэгдэх тусам дархлаажуулалттай бүлэг рүү чиглэж байна. Хэдийгээр вакцины хоёр тундаа хамрагдсан ч халдвар авсан хүн олон бий. Хүн бүрийн дархлааны тогтолцоо өөр учраас вакцин хийлгэсэн хүмүүс халдвараар өвдсөн ч хүндрэх магадлал бага гэдгийг ЭМЯ-наас мэдээлсэн.
Яамнаас гаргасан мэдэгдэлд “Монгол Улсын хүн амын дунд SARS-CoV-2 вирусийн анхаарал татсан дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа учир Covid-19 халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс “Гэрээсээ гарахгүй байх”-ыг зөвлөж байна. Дотоод орчинд амны хаалт авч үйлчлүүлдэг газраар “Үйлчлүүлэхгүй байх”-ыг уриалж байна” гэжээ. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөр “Халдварын тархалт мутацилагдсан хэлбэрээр тархаж, орон нутагт тохиолдлын тоо өсч байна. Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхээс өөр сонголт байхгүй.
12-оос дээш насны дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийн өвчлөх магадлал бага. Өвдсөн ч хүндрэх эрсдэл их биш. Харин 11-ээс доош насны вакцин хийлгээгүй хүүхдүүдэд анхаарал сайн хандуулах шаардлагатай” гэсэн юм.
Монгол Улсад тархаж байгаа халдварын мутацийг илрүүлэх тал дээр ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар улаан бүсэд ажиллаж байгаа алба хаагчдад гуравдугаар тунг хийж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар нийт бүртгэгдсэн тохиолдол 191904 болсон. Цаашид мутацилагдсан хэлбэрээр тархсаар байвал эрсдэл хүндэрч магадгүйг анхааруулж байна. Иймд иргэд та бүхэн халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтална уу.
Холбоотой мэдээ