Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан Үндэсний сурын аварга шалгаруулах харваа “Хүй долоо худаг”-т өнөөдөр /2021.8.22/ болж байна. Монголын залуучуудын холбоо, монголын үндэсний харваачдын холбоотой хамтран зохион байгуулж буй хоёр өдөр үргэлжлэх харваа өчигдөр эхэлсэн бөгөөд нийт 780 эрхий мэргэн харваачид цэц, мэргэнээ сорьж байгаа аж.
Харвааг Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссын тусгай “Хариуцлагын гэрээ”-ний дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахин үзэгчгүйгээр зохион байгуулж байгаа. Тус харваан нээлтийн үеэр харваачдыг монголын залуучуудын холбооны шагналаар шагнаж, мөн сурын спортын мастерууд шинээр тодорчээ.
Хүй долоон худагт энэ сарын 16, 17-нд улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдаан болсон. Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадаа талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын дотоодын тэмцээнийг оролцогчдын тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр зохион байгуулах, спортын холбоо нь халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлага бий.
Энэ дагуу зөвхөн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан тухайн орон нутаг дахь аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн хариуцлагын гэрээ байгуулан, зөвшөөрөл авч зохион байгуулна гэж УОК-оос мэдэгдээд байгаа.