Хүмүүс нэгнийхээ хөл дээр гишгэчихгүй "бүжиглэж" сурна

Хуучирсан мэдээ: 2021.08.23-нд нийтлэгдсэн

Хүмүүс нэгнийхээ хөл дээр гишгэчихгүй "бүжиглэж" сурна

Хүмүүс нэгнийхээ хөл дээр гишгэчихгүй "бүжиглэж" сурна

Олон улс цар тахалтай танилцаад хоёр дахь намрын нүүр үзэх гэж байгаа ээдрээтэй цаг үед бид амьдарч байна. Нэг талаас харахад, нөхцөл байдал өнгөрсөн оны мөн үеийнхээс сайжирсан байна. Тухайлбал, 2020 оны намартай харьцуулахад бидэнд одоо олон янзын вакцин бий. Зарим буурай орнуудаас бусад ихэнх орнууд хүн амынхаа багагүй хувийг вакцинжуулалтад хамруулж, вакцинууд ч клиник туршилтаар батлагдсан үр дүнгийнхээ хүрээнд ажлаа сайн хийж байна.

Гэвч нөгөө талаас харвал байдал улам дорджээ. Өнгөрсөн онд олон улсад зонхилж байсан цар тахлын вирусийн альфа хувилбар дахин дахин хувьссаар, өдгөө дэлхийд улам илүү халдвартай, хөнөөлтэй дельта хэмээх хувилбар тарж, зарим оронд голлох болжээ. Жишээлбэл, өдгөө АНУ-д тархаж байгаа халдварын 99 хувийг дельта хувилбар дангаар эзэлж байна. Эл аюултай хувилбар олон улсад, ялангуяа вакцинжуулалт удааширч буй орнуудад асар их хохирол учруулж, иргэдийг өвчлүүлэх, өвчинг улам хүндрүүлэх, цаашлаад үхэлд хүргэх эрсдэлийг эрс нэмж байгаа нь санаа зовоож буй. Түүгээр ч зогсохгүй цар тахлаар хүнд өвчилж, нас барж байгаа хүмүүсийн багагүй хувийг эрүүл чийрэг залуучууд, хүүхдүүд эзлэх болсон нь харамсалтай.

Ирээдүйд байдал чухам хаашаа эргэх тухай ойлголт, таамаг бүрхэг хэвээр байгаа ч нэг зүйл нэн ойлгомжтой болсон гэвэл хилсдэхээргүй болжээ. Хүн төрөлхтөн хэзээ ч биш юм гэхэд мөддөө Covid-19 хэмээх өвчнөөс салж амрахгүй бололтой. Салбарын мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар цар тахал хэзээ ч дуусахгүй, харин цаашид улирлын ханиад томууны шинжтэй бусад гурван төрлийн коронавирустэй ижил болж үлдэх магадлал өндөр байгаа аж.

Энэ талаар Виржиниагийн эрдэмтэн Линдси Марр “Өдгөө олон улсыг айдаст автуулж байгаа Covid-19 өвчин ирээдүйд салхин цэцэг шиг байдаг л нэг өвчин болно. Гэхдээ илүү улирлын чанартай ханиад, томуу гэх мэттэй ижил өвчин болж үлдэх байх. Яг одоо бол энэ өвчин шинэхэн хэвээрээ байгаа учир хүчтэй байна. Учир нь хүн төрөлхтөнд энэ өвчний эсрэг хангалттай дархлаа тогтож амжаагүй байна. Одоогоос таван жилийн дараа гэхэд хүн төрөлхтний дийлэнх нь вакцин болон байгалийн жамаар илүү хүчтэй дархлаатай болсон байх болно. Өөрөөр хэлбэл удахгүй бид SARS-cov2 вирустэй дасан зохицож, хамтран амьдарч, бие биенийхээ хөл дээр гишгэчихгүйхэн шиг "бүжиглэж" сурна гэсэн үг” хэмээн ярьжээ.

Covid-19 өвчинтэй эвтэй найртай амьдрах нь

Үүний тулд хүн төрөлхтөн цар тахлыг бусад өвчний адил хяналтдаа авч, аль болох тархаахгүй, бага хүрээнд барьж байх шаардлагатай. Өнгөрсөн оны өвлийнх шиг замбараагаа алдаж, асар олон хүний амь насыг эрсдэлд оруулж болохгүй.

Мөн түүнээс гадна эрх баригчид хөл хорио тогтоож, ард түмнийхээ сэтгэл санаа, улс орныхоо эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхгүй, гэхдээ вируст зоргоороо тархах эрх чөлөө олгохгүйгээр тунг нь тааруулж, дундуур нь эвтэйхэн зохицуулж сурах шаардлагатай. Тэгж гэмээнэ бид гэр бүлээрээ цуглаж, амьд тоглолт, тэмцээн үзэх, аялах, гадуур хооллох, болзоонд явах зэрэг амьдралын сайхан амтыг энгийн үе шигээр мэдэрч амьдрах боломжтой болно. Гэхдээ иргэдийн зүгээс шаардлагатай үед вакцин хийлгэх, амны хаалт зүүх гэх мэт ялихгүй зөвлөмжүүдийг сайтар биелүүлэх шаардлага гарч магадгүй юм.

Тиймээс CNN агентлаг сүүлийн хэдэн долоо хоногийн турш салбарын мэргэжилтнүүдтэй ярилцаж, энэ намар, мөн цаашид хүмүүс вирустэй хэрхэн дасан зохицож амьдрах хэрэгтэй талаарх зөвлөгөөнүүдийг цуглуулжээ. Түүнчлэн ярилцсан эрдэмтэд хувь хүнийхээ хувьд яг л бидэнтэй адилаар энгийн амьдралдаа аль болох түргэн орохыг мөрөөдөн хүсч, вакцин тариулаагүй балчир хүүхдүүддээ санаа зовж, эрсдэлүүдийг тооцоолж, дельта хувилбараас түгшиж амьдарч байгаа учир зөвлөгөөнүүд нь амьдралд ойр байх аж.

Хамгийн чухал нь вакцин

Бүх эрдэмтэн, судлаач нарын санал нэгдэж байгаа хамгийн чухал зүйл бол вакцин юм.

Миннесотагийн их сургуулийн халдварт өвчин судлах төвийн захирал Майкл Остерхолм “Бид аль болох түргэн, аль болох олон хүнийг вакцинжуулах хэрэгтэй. Одоохондоо 12-оос доош хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахгүй байгаа. Гэхдээ хэрвээ хүүхдүүдийн эргэн тойронд буй бүх хүн вакцин тариулчихвал хүүхдүүдэд учрах эрсдэл олон дахин багасна. Тиймээс нэн тэргүүний хамгийн чухал алхам бол вакцинжуулалт” хэмээн ярьжээ.

Бороо орж магадгүй гээд шүхрээ базаадаг шиг амны хаалтыг үргэлж бэлэн байлга

Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар амны хаалт вакцинаас дутахааргүй чухал зүйл юм. Ялангуяа дельта хувилбар тархаж буй энэ үед амны хаалтаас хэрэгтэй юм гэж үгүй аж. Тухайлбал, дельта хувилбар өмнөх хувилбаруудаас ялгаатай нь вакцин тариулсан, тариулаагүй ялгаагүй ямар ч хүний хамрын хөндий, хоолойн хэсэгт тогтож үлдэх чадвартай бөгөөд улмаар ярих, амьсгалах төдийд илүү олноороо агаарт тархах чадвартай гэнэ.

Линдси Маррын хэлснээр хүн бүр амны хаалт зүүвэл агаар дахь вирусийн ширхэгүүдийн тоо дарагдаж, эрсдэл буурах үр дүнтэй аж.

Амны хаалт+ агааржуулалт= аюулгүй сургууль

Сургуулиудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр шийдсэн зарим улс оронд хүүхдүүдийн дунд халдвар эрчимтэй тархаж, сургуулиудыг эргээд хаахаас өөр сонголтгүй болсон жишээ олон байна. Учир нь, хүүхдүүдийн сургуульд явах замдаа, сургууль дээрээ харилцаж буй олон хүн, багш нар, ангийнхных нь эцэг эхчүүд өөрсдөө ч мэдэхгүйгээр вирус тээгч болсон байх аюултай юм.

Тиймээс л амны хаалт зүүх нь сурагч хүүхдүүдэд нэн чухал гэдгийг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Францис Коллинс, Сан Францискогийн ерөнхий эмнэлгийн Халдварт өвчний салбарын дарга Моника Ганди нар санал нэгтэйгээр тайлбарлажээ. Тэдний үзэж байгаагаар, сургууль дээр халдвар тараахгүй байх дараагийн чухал хүчин зүйл бол тогтмол, чанартай агааржуулалт аж.

Мөн эрдэмтдийн тайлбарласнаар, хүмүүс шинж тэмдэггүйгээр халдвар авч, вирус тээгч, тараагч болох тохиолдол олон гарч байгаа гэнэ. Тиймээс тогтмол шинжилгээ өгч, ойр дотны хүмүүсээ хамгаалж байх нь нэн чухал юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж