Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
512 БӨХИЙН БАРИЛДААН Б.БАТ-ӨЛЗИЙ ТҮРҮҮЛЭВ
Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдааныг Хүй долоон худагт наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан.
Хүмүүсийн дунд маргаан дагуулсан 512 бөхийн барилдаанд улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий аймгийн арслан Э.Ууганбаяраар ес давж түрүүлсэн юм. Хүчит бөхийн барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх хүч үзсэн. Барилдааны тавын даваанд улсын аварга Э.Оюунболд аймгийн арслан Э.Нямаа нарын барилдаан маргаан дагуулж, бөх сонирхогчдыг талцуулав.
“МОНГОЛБАНКНААС ХӨГЖЛИЙН БАНКИНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА”
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Лхагва гаригт /2021.08.18/ танилцуулсан. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газарт Төрийн банк болон Хөгжлийн банкны хөгжлийн концепц чиг үүргийг нэмэлтээр эрчимжүүлэх танилцуулгыг хийлээ. Товчхон дурдвал, Төрийн банкийг нийгмийн дундаж давхаргад илүү үйлчлэх бага орлоготой хэсгийг бойжуулж тэдгээрт шаардлагатай санхүүгийн үйлчилгээг үзүүлэх банк болгоно. Ингэснээр Төрийн банкнаас үзүүлж байгаа үйлчилгээний цар хүрээ илүү тэлнэ. Төрөөс Төрийн банктай хамтарч ажиллана. Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоос шалтгаалж өөр, өөр байдаг. Монгол Улсын хувьд 1-3 сая төгрөг хүртэлх өрхийн дундаж орлоготой хэсгийг нийгмийн дундаж давхарга гэж үздэг.
Нийгмийн дундаж давхаргыг шинээр бойжуулах, энэхүү санхүүгийн эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулж биелүүлэхээр төлөвлөж байна. Тиймээс тус банкны үйл ажиллагааны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж байна. Харин Хөгжлийн банкыг цаашид экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлнэ.
Учир нь, Монгол Улсад худалдааны санхүүжилт дутагдалтай байна. Ингэхдээ Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна. Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван их наяд төгрөг байгаагаас нэг их наяд төгрөг нь чанаргүй зээл. Иймд шинэ зээл өгөх чадамжгүй. Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан. Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ. Чанаргүй зээлээ хурдан эргэн төлүүлэхэд илүүтэй анхаарна” гэв.
САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ГУРАВДУГААР ТУНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын эрдэмтдийн зөвлөлөөс Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гуравдугаар тунг хийж эхлэхтэй холбоотойгоор Лхагва гаригт мэдээлэл хийсэн.
Энэ үеэр Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлэхдээ “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Монгол Улсад тархаж байгаа халдварын мутацийг илрүүлэх тал дээр ажиллаж байна. Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Хэнтий, Завхан аймгуудад хоногт бүртгэгдэх халдварын 35-75 орчим хувь нь мутацид орсон дельта вирус байгаа юм. Одоогийн байдлаар дотоодод дельта, альфа, гамма хувилбарын тархалт бүртгэгдсэн байгаа ч дельта хувилбарын тархалт өндөр хувийг эзэлж байна.
Гуравдугаар тунгийн асуудлыг дэлхий нийтэд судлаж байгаа. Зарим улс орны хувьд нэг үйлдвэрийн вакцин хийх эсэх тал дээр судалгааг хийсэн. Цар тахлын эрсдэл нэмэгдэх тусам дархлаажуулалттай бүлэг рүү чиглэж байна.
Эрүүл мэндийн яамнаас эхний ээлжинд улаан бүс буюу халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, онцгой байдал болон цагдаагийг алба хаагчдыг сайн дурын үндсэн дээр гуравдугаар тунд хамруулж эхэлсэн” гэв.
ЦАР ТАХЛЫН УЛМААС ЭЕШ-ЫГ АНХ УДАА НАЙМДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАВ
Цар тахлын улмаас энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн шалгалт энэ сарын 19-ний өглөөний 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлээр эхэлсэн. Цар тахалтай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтыг нийслэлд 40, орон нутагт 42 шалгалтын төвд зохион байгуулах ба нэг ангид 1.5-2.0 метрийн зайтай 12-15 сурагчид суухаар шалгалтын анги танхимыг бэлтгэсэн. Шалгуулагчид шалгалтад өөрийн суудлын хуваарьт заасан цаг, орох хэсгийн дагуу хамрагдаж буй.
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 40420 суралцагч бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд арванхоёрдугаар ангийг 34811 сурагч төгсч байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргасан байна. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй шалгуулагч байв.
С.БАЯРЦОГТЫГ ШҮҮХИЙН ЗАХИРАМЖААР СУЛЛАВ
Гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцогдож, 4.8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Сангийн сайд асан С.Баярцогтыг Баасан гаригт суллав. Түүний өмгөөлөгч Г.Орхоны мэдээлснээр, үйлчлүүлэгчийг нь шүүхийн захирамжаар суллаж буй гэсэн юм.
Улсын дээд шүүхийн хоёр шүүгч "С.Баярцогтод оноосон ял үндэслэлгүй байна” хэмээн тусгай санал гаргаснаар түүнд холбогдох хэргийг дахин хэлэлцэж, улмаар прокурорт буцаасан билээ.
Эргэн сануулахад УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө С.Баярцогтыг баривчлан саатуулж, 10 тэрбумын дэнчинг шүүхээс нэхэж байсан удаатай. Прокуророос түүнийг Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгасан боловч шүүхээс түүнийг нотлож чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн 10 жилийн ял оноож байлаа.
Харин 2021 оны долдугаар сарын 19-ний өдөр Улсын Дээдэд шүүх С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хуралдаан болсон. Уг хуралдаанаар С.Баярцогт нарт холбогдох хэргийн гомдлыг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд С.Баярцогтод холбогдох хэргийг тусад нь салгаж, хэргийг дахин шалгахаар прокурорт буцааж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг.
Холбоотой мэдээ