COVID-19 цар тахлын улмаас дэлхий даяар хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулаад 2 жилийн нүүрийг үзлээ. Монгол Улсын хувьд ч өнгөрсөн хугацаанд халдварын тохиолдлыг бууруулах гэж шат дараатай ажлуудыг зохион байгуулсан ч, тус болсон зүйл ховор эсрэгээрээ эдийн засаг нь элгээрээ мөлхөх дээрээ тулаад байна.
Инфляц энэ оны зургаадугаар сард улсын хэмжээнд 6.6 хувь гарсны 3.6 нэгж буюу тал нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс үүджээ. Үлдсэн хоёр нэгж нь махны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Инфляцад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлд мах, ундаа, усны үнэ, тээврийн зардлын өсөлт багтдаг. Харин эдгээр бүтээгдэхүүн өнөөдөр бүгд өсөлттэй гараад байна.
Энэ сарын 18-ны өдрийн байдлаар Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 23 нэрийн барааны үнэ тогтвортой, 8 нэрийн барааны үнэ буурсан, 5 нэрийн барааны үнэ өсчээ. Цагаан сарын өмнө нэг кг хонины ястай мах 7700 төгрөгийн үнэтэй байсан ч үүнээс хойш үнэ нь өссөөр 9500-11500 болсон бол нэг кг цагаан будаа өмнөх оны мөн үед сортоосоо хамааран 3000-4050 байсан бол одоо 3500-4050 төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн нэг, хоёрдугаар гурилын үнэ жилийн хугацаанд килограмм тутамдаа 200-400, ургамлын тос литр нь 400-600, сүү сүүн төрлийн бүтээгдэхүүн 100-200, дизель түлш 400-490, АИ92, 93 шатахуун 600, автогаз 670 төгрөгөөр тус тус үнэ нь нэмэгджээ.
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний яагаад ингэж огцом өсөх болов гэж бодоход хамгийн түрүүнд Ковид-19 цар тахал гэх боловч, үүнээс илүүтэйгээр улс төрийн бодлогогүй шийдвэр, бодитоор хэрэгжиж эхэлдэггүй гүйцэтгэл хамгийн их нөлөөлж байгаа гэхэд буруудахгүй болов уу? Учир нь энэ 2 жилийн хугацаанд хэдэн ч хөл хориотой нүүр тулж байгаагаа сүүлдээ тоогоо алдсан. Үүнээс болоод олон компани хаалгаа барихдаа тулж, олон хүн ажилгүй болоод байна. Мөн энэ хугацаандөөрсдийн бизнесийг авч үлдэх амь тариагаа залгуулах байсан бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон сарын турш хил гааль дээр гацааж, дорвитой шийдвэр гаргалгүй өнөөдрийг хүргэсэн хил гаалийн асуудал ч үүнд хамааралтайг хэлэх нь илүүц биз. Хээл хахууль, авлигалдаа баригдсан гаалийн асуудлыг шийднэ гэсэн хэдэн нөхдүүд хүртэл усанд хаясан чулуу шиг аниргүй байгаа нь байдлыг улам дордуулсаар байна. Энэ бүхний цаана нөгөө л үндэсний үйлдвэрлэгч компани, аж ахуй нэгжүүд хохирсоор. Цаашлаад ард иргэд нь хоморгонд нь өртсөөр.
Баялаг бүтээгч, дотоодын үйлдвэрлэгчид улс эх орныхоо эдийн засгийг нуруун дээрээ үүрч, цэнхэр бөмбөрцөгний цээжинд орших энэ жижиг улсаа хэрэглэгч биш үйлдвэрлэгч, импортлогч биш экспортлогч болгохын тулд дор бүрнээ сэтгэл зүрхээрээ зүтгэж байна. Эх орондоо ажилтай, орлоготой нэг ч гэсэн иргэнийг байлгахын тулд тэд хичээнгүйлэн ажиллаж байхад тэднийг төрөөс татвар татаасаар дарамталж, олон талын үүрэг чиглэлээр шахалтад оруулдаг нь харамсалтай. Энэ нь эсрэгээрээ сайн сайханд хөтөлнө гэсэн баг зүүж, далдуур ард түмнийхээ халаасыг тэмтэрч, байгаагаас ялгаа юу байна. үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй нэгж гэдэг бол эх орны ундардаг баялаг гэдгийг тэд төдийгөөс өдийг хүртэл үл тоосоор…
Эх орныхоо алтан хөрсөнд байгаа эрдэс баялагаа ухуулж дууссаны дараа эх орныхоо төлөө өдөр шөнөгүй үйлдвэрлэж, байгаа баялаг бүтээгчдээрээ субодник хийлгэхээр зэхэж байгаан илрэл биш гэж үү. Энэ байдал хэзээ дуусч, хэрэглэгч, ажилчдынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн тогтолцоо хэзээ бий болох бол. Бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж чадвал, ажилтай орлоготой сэтгэл хангалуун иргэнтэй, цаашлаад улс орны мөнгөний урсгал гадагшаа биш дотогшоо болж, тогтвортой эдийн засагтай улс гүрэн болох боломж байгаа юмсан.
Ээ халаг Ээ халаг…
Холбоотой мэдээ