Хууль зүйн байнгын хорооны дарга, хуулийн хэрэгжилтийг хянах шалгах ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогтын хэлснээр, Шүүхийн сахилгын хороог нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар тодорхой бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа гэлээ. УИХ-аас томилох нийт 10 орон тоон нээлттэй сонгон шалгаруулалтад 50 гаруй хүний материал хүлээн аваад байгаа аж.
Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээс үүдэн Сахилгын хорооны гишүүдийг сонгон шалгаруулах ажил саатаад байгаа аж. Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны дээрх дүгнэлтийг УИХ хүлээн аваагүй тул дээд суудлын хуралдаан болох ёстой бөгөөд эл хуралдааныг хүлээж байгаа гэв.
Монгол Улсын хэмжээнд анхан шатны болон давж заалдах шатны 116 шүүхэд 500 шүүгч ажиллаж байгаа ба үүнд 41 шүүхийн Тамгын газар хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд мэдээлэл судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн ажиллаж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр УИХ-ын даргатай хийсэн уулзалтын үеэр танилцуулав.
Холбоотой мэдээ