БНХАУ шинэ төрөлтийн тоог нэмэхийн тулд гэр бүлүүдэд гурван хүүхэдтэй байхыг албан ёсоор зөвшөөрч, хуулиндаа өөрчлөлт орууллаа.
Тухайлбал, өчигдөр/2021.8.20/ болсон Хятадын бүх ард түмний их хурлын үр дүнд эрх баригчдын гаргасан шийдвэрүүдийн нэг нь энэ юм. Түүнээс гадна хурал дээр Хонгконгийн маргаантай хоригийн эсрэг хуулийн нарийн асуудлуудыг хэлэлцсэн гэнэ. Гэхдээ Хонгконгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус хуулийг батлах хугацаа хойшилсон талаар мэдээлжээ.
БНХАУ-ын эрх баригч нар энэ оны тавдугаар сард гэр бүлүүд удахгүй дээд тал нь гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрөхөө зарлаж байсан билээ. Тэгвэл өдгөө дээрх амлалт биеллээ олж, албан ёсоор хуулинд тусгагджээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр бүх ард түмний их хурлаар дээрх бодлогыг албан ёсоор зөвшөөрч, түүнчлэн шинэ төрөлтийн тоог нэмэхийн төлөө болон хүүхэд өсгөхөд гардаг хүндрэлүүдийг аль болох багасгах тухай хэд хэдэн арга хэмжээ авахаар хэлэлцсэн байна. Үүнд засгийн газраас заасан хүүхдийн тоог хэтрүүлсэн гэр бүлүүдийн торгуулийг цуцлах, жирэмсний болон шинэ аавын цалинтай чөлөөг уртасгах, эмэгтэйчүүдийн ажил эрхлэх эрхийг дэмжих, хүүхэд хамгааллын газруудыг сайжруулах зэрэг оржээ.
Сүүлийн үеийн мэдээллүүдээс харахад, Хятадын шинэ төрөлтийн тоо эрс багасж, хүн амын тоо буурч эхэлсэн аж. Хэдийгээр Бээжин 2016 онд удаан үргэлжилсэн нэг хүүхдийн бодлогыг цуцалж хоёр хүүхдийн бодлого болгосон ч үр дүнд нь хүн амын тоо шальтай нэмэгдээгүй юм. Учир нь хүүхэд гаргах, өсгөх зардал хэт өндөр байсан нь хосуудыг дахиж хүүхэдтэй болохгүй байхаар шийдэхэд хүргэж байсан гэнэ.
Эх сурвалж: BBC