Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн санхүүжилтээр барьж байгуулах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр (2021.08.20) Сонгинохайрхан уулын зүүн бэлд болж, үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ.
Шав тавих ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ:
-Одоогоос гурван жилийн өмнө миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн дарга Майкл Помпеогийн хамт Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг албан ёсоор баталж, хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурж байлаа. АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын хувьд амин чухал ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх болсон билээ. Ирээдүйн тогтвортой хөгжлийг тэтгэх эрхэм зорилго маань ийнхүү бодит ажил болон хөрсөнд бууж, өнөөдөр бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байна.
Та бидний хуран цуглаад буй энэ газар, Сонгинохайрхан уулын бэлд ирээдүйд Улаанбаатар хотыг, цаашлаад дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр сүндэрлэн босно. Ус бол амьд бүхний оршин тогтнох үндэс, хүний амьдрал болоод улс орны хөгжилд амин чухал гэдгийг хүн бүр мэддэг ч усгүйн зовлон, усны хомсдолтой хараахан нүүр тулаагүй болохоор үнэ цэнэ, ач холбогдлыг нь бид төдийлөн мэдэрч, ойшоохгүй байж магад. Гэтэл манай улсын нийт хүн амын тал хувь нь оршин суудаг, эдийн засгийн гуравны хоёрыг дангаараа бүрдүүлдэг Улаанбаатар хотын усны хэрэглээ ойрын ирээдүйд буюу 2023 он гэхэд одоогийн боломжит нөөцөөсөө давж, улмаар усны хомсдолд орж болзошгүй нөхцөл үүссэнийг бид Мянганы сорилтын корпорацтай хамтран хийсэн судалгаагаар тогтоосон.
Өнөөдөр Улаанбаатар хотын нийт усны хэрэглээний тавны нэгийг эрчим хүчний салбар дангаараа эзэлдэг. Тиймээс Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн уснаас авч, дахин боловсруулсан усыг хамгийн түрүүнд дулааны цахилгаан станцуудад техникийн зориулалтаар эргүүлэн ашиглана. Ингэснээр бид жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр усаа хэмнэнэ. Энэ бол дахин боловсруулсан усыг цаашдаа аж үйлдвэрлэлийн бусад олон салбарт ашигладаг болох, ундны цэвэр усаа бие засах өрөөндөө урсгадаг хэрэглээнд цэг тавих томоохон эхлэл юм.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд МАЙКЛ КЛЕЧЕСКИ:
-АНУ нь ардчилал хөгжиж буй улс орнууд, тэр дундаа Монгол Улсын эдийн засгийг аль болох өрийн дарамт үүсгэхгүй буцалтгүй тусламжаар дэмжихийг эрмэлзэж ирсэн. АНУ-ын Элчин сайдын яамны нэрийн өмнөөс энд би та бүхэнтэй хамт байж, 93 сая ам.долларын ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил эхэлж буйг тэмдэглэхэд таатай байна. Энэхүү байгууламж нь Шувуун фабрик, Биокомбинатын гүний давхаргаас татаж авсан усыг дэвшилтэт технологи ашиглан цэвэршүүлнэ. Компакт гэрээ нь усны тухай учир цэвэр ус нэн тэргүүнд яригдана. Мөн эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах зорилготой.
Усны сайн хангамжтай хот цаашид оршин тогтнох, хөгжин дэвших учиртай. Эцсийн дүндээ Улаанбаатарын усан хангамжийг бүхэлд нь нэмэгдүүлснээр хотыг хэрэгцээт усаар бүрэн хангаж, улмаар Монгол Улсын өсөн нэмэгдэж буй хүн ам, үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих юм. Миний хувьд би энэхүү байгууламжид үнэхээр баяртай байна. Хоёр жил гаруй хугацаанд энэ хотод амьдрахдаа өөрийн төрсөн гэр мэт л санаж явдаг. АНУ-ын Засгийн газар Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжих чин хүсэлтэй. Тиймээс энэхүү тусламж зээл биш, буцалтгүй тусламж юм.
АНУ-ын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирлын орлогч Алексиа Латорю мөн видео мэндчилгээ илгээж, амжилт хүссэн юм. Тэрбээр мэндчилгээндээ “Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон АНУ-ын Элчин сайд ноён Клически, Монгол дахь Мянганы сорилтын сангийн суурин төлөөлөгчийн орлогч Эрик Гүтшоф нарт баяр хүргэе. Мөн энэхүү хөтөлбөрийг маш нухацтай бодож, хэрэгжүүлсэн Монгол дахь Мянганы сорилтын санд талархал илэрхийлье.
Өнөөдөр бид Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын санхүүжилттэй усны Компакт гэрээний нэгэн чухал хэсэг болох дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх барилгын ажлыг эхлүүлэх шав тавих ёслолд оролцож байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь Улаанбаатар хотын амин чухал усны хэрэгцээг хангах болно. Үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын усны хангамж жилд 50 сая шоо метр хэмжээгээр буюу одоогийнхоос даруй 65 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байна.
Мянганы сорилтын корпорацтай байгуулсан энэхүү усны Компакт гэрээг монгол хүмүүс монголчууддаа зориулж боловсруулсан ба цаашдаа хөтөлбөрийн хэрэгжилтийн алхам бүрийг өөрсдөө хариуцах юм. Цаашид биднийг илүү их хариуцлага, хүчин чармайлт шаардсан жилүүд хүлээж байна. Монгол Улсын Засгийн газар болон энэ хүртэл хамт байсан түнш байгууллагууддаа дахин баяр хүргэе, баярлалаа.
Шав тавих ёслолд оролцсон Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.ЧОЙЖАМЦ:
-Монголын ард түмнээ жаргааж, эрүүл энх, саруул сайхан байхад нь тус болох ийм сайхан үйл эхэлж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа АНУ-д айлчиллаа гэж сонссон. Улаанбаатар хотын усыг цэвэрлэж, хүн ардыг урт удаан жаргалтай, цэнгэлтэй байх ажилд их нэмэр болжээ. Ажил нь эхэлж буй энэ үед миний бие ном уншиж байгаадаа их баяртай байна.
АНУ-ын Элчин Сайд болон ардчилсан сайхан төрд нь би баярлаж явдаг. 1944 онд Гандан хийдийг нээх ажил АНУ-аас улбаатай байдаг. АНУ-ын дэд ерөнхийлөгч Уоллс гэдэг хүн Монголд айлчилж, сүм хийдээр орж үзнэ гэсэн учир тэр хэцүү үед тэр хүнд үзүүлэх гэж Гандан хийдээ дахин нээж байсан түүхтэй. Тэр цагаас хойш дахиж хааж чадаагүй. Ингэж явсаар 1990 онд ардчилалтай золгосон билээ.
Ус сувгийн удирдах газрыг төлөөлөн тус газрын ажилтан, "Токио-2020″ олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатар үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “УИХ, Засгийн газрын хүмүүстээ намрын налгар сайхан өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн газруудыг өдөр бүр ахуйн усаар хангаж, бохир усыг нь татан зайлуулах эрхэм хүндтэй ажлыг УСУГ-ын нэгэн эд эс болж, хамт ажиллаж буйдаа миний бие туйлын их баяртай байдаг. Манай хамт олон цар тахлын үед хүлээсэн үүргээ биелүүлж, нийслэлчүүдийг нэг ч хором усаар таслаагүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Усаа дагасан, түүнийг эрхэмлэн дээдэлсэн хүний амьдрал улам өөдлөн дээшилдэг гэдэгт би итгэж явдаг.
Монголын айл бүрийн тэргүүн мянга мянган аав дээлний минь захыг мушгиж, ээж бүхэн цагаан сүүний дээжээ өргөж, залуу хүн бүр эрч хүчээр тэтгэж, хамт олон минь уухайн түрлэгээр дэмжсэний ачаар миний бие Токиогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, энгэртээ олимпийн хүрэл медаль зүүлээ. Өнөөдөр шавыг нь тавьж буй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг санхүүжүүлсэн АНУ-ын татвар төлөгч иргэн бүрт нийт монголчуудын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлж байна" гэв.
Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.СОДОНТОГОС:
-Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх, Монголын усны Компактыг 2018 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоёр том усны үйлдвэр байгуулагдана. Мөн Улаанбаатар хотын ус хангамжийн тогтвортой байдлыг хангах дэд төслүүд хэрэгжинэ. Хоёр үйлдвэрийн тухайд нэг нь ус гүн цэвэршүүлнэ, нөгөө нь ус дахин боловсруулах байгууламж. Өнөөдөр шаваа тавьж байгаа нь Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр. Энэ үйлдвэрээс гарах ус нь унд ахуйн зориулалттай. Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын гүнээс 30 худаг гарган, 45 км усаа дамжуулан энэ Ус гүн цэвэршүүлэх үйлдвэртээ авчирч, цэвэршүүлээд, унд ахуйн шугам сүлжээнд нийлүүлнэ. Зөвхөн унд ахуйд зориулна. Өдөртөө 75 мянган м.куб ус цэвэршүүлнэ.
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлэх Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд нийслэл хотын өсөн нэмэгдэж буй усны эрэлт хэрэгцээг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр хангах газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэр болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр (УГЦҮ)-ийг холбогдох шугам хоолойн хамт барьж байгуулна.
Биокомбинат, Шувуун фабрик орчимд шинээр байгуулах газрын доорх усны хоёр эх үүсвэрээс жилд 50 сая хүртэл метр куб ус олборлох боломжтой бөгөөд олборлосон усыг Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт уламжлалт болон дэвшилтэт хосолсон технологиор Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн гүн цэвэршүүлж, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.
УГЦҮ-ийн талбай Улаанбаатар хотоос баруун зүгт 20 км, Шувуун фабрикийн талбайгаас зүүн хойд зүгт 20.4 км, Биокомбинатаас баруун хойд зүгт 2.5 км-ын зайд монголчуудын тахин шүтдэг Сонгинохайрхан уулын зүүн бэлд далайн төвшнээс дээш 1295 м өндөрлөгт, 13 га газрыг хамран байршина.
УГЦҮ нийт 5 байгууламжаас бүрдэнэ. Үүнд:
- Уламжлалт цэвэрлэгээний байгууламж
- Урвуу осмосын мембраны байгууламж
- Усан сан, насосны станц
- Лаг тунадас боловсруулах байгууламж
- Цахилгааны барилга
УГЦҮ-ийн барилгын ажлын хүрээнд цэцэрлэгжүүлэлт, автомашины зогсоол, түүнчлэн үйлдвэрийн зүүн хэсэгт байрлах Хэлмэгдэгсдийн хөшөө хүртэлх хайрган хучилттай зам барих зэрэг гадна талбайн тохижилтын ажил багтана.
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга, байгууламжийн инженерийн нарийвчилсан зураг төслийг АНУ-ын "АЭКОМ" компани, үндэсний зөвлөх "Престиж инженеринг" ХХК-ийн хамт боловсруулжээ. Турк улсад төвтэй олон улсын тэргүүлэх барилга угсралтын компаниудын нэг "МАПА" тус үйлдвэрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгаран, ажлаа эхлүүлж байна.
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр 2024 оны сүүлчээр ашиглалтад орж, туршилт тохируулгын ажил нэг жил орчим хугацаанд үргэлжлэх юм.
Холбоотой мэдээ