Хятадын үндэсний хууль тогтоох байгууллага Баасан гаригт эрх баригч Коммунист намын дэвшүүлсэн “Нэг айл-гурван хүүхэд” бодлогыг албан ёсоор дэмжлээ. Тодруулбал, хятад хосуудад гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн “Хүн ам, гэр бүл төлөвлөлтийн тухай хууль”-ийг Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооноос баталжээ.
Өсөн нэмэгдэж буй зардлаас шалтгаалан олон хүүхэдтэй байхыг төдий л сайшаахгүй байгаа хятад эцэг, эхчүүдэд таатай сонсогдож мэдэх саналуудыг ч хуульд тусгасан байна. Тухайлбал, шинэ хуульд хүүхэд өсгөж бойжуулах, боловсрол эзэмшүүлэхтэй холбоотой зардлыг бууруулахын тулд санхүү, татвар, даатгал, боловсрол, орон сууц, ажил эрхлэлтийг төрөөс дэмжих тухай заалтуудыг ч мөн оруулж өгчээ.
Хятад улс 2016 онд гэр бүлүүдэд хоёр хүүхэд төрүүлэхийг зөвшөөрч, улс орны хүн ам зүйн хямралд ноцтойгоор нөлөөлж байсан нэг хүүхдийн бодлогыг цуцалсан юм. Улмаар энэ оны тавдугаар сараас эрх баригч Хятадын Коммунист нам хоёр хүүхэдтэй байх бодлогоо зөөлрүүлж, бүх хос гурав хүртэл хүүхэдтэй байж болохыг зөвшөөрсөн билээ.
БНХАУ-ын албаны хүмүүс 30 жилийн турш хэрэгжүүлсэн нэг хүүхдийн бодлогоор 400 сая гаруй төрөлтөөс урьдчилан сэргийлж чадсан гэж мэдээлжээ. Гурав дахь төрөлтийг зөвшөөрсөн нь арван жилд нэг удаа явуулдаг тооллогын дараа гаргасан шийдвэр бөгөөд тус тооллогоор ирэх оноос хүн ам буурах төлөв ажиглагдсан байна.
Хүн амын тооллогын шинэ тоо баримтаар 60-аас дээш насны хүмүүс 264 сая болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Ингэснээр тэтгэврийн насныхан их, төрөлт багатай Хятад улсад хүн ам зүйн хямрал улам гүнзгийрэх байдал мэдрэгджээ. БНХАУ-ын нийт хүн амын тоо 1.412 тэрбумд хүрсэн аж.
С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: THE HINDU
Холбоотой мэдээ