Афганистан дахь хямрал улам бүр даамжирч, өдгөө тус улсын 12.2 сая хүний хоол хүнсний асуудалд аюул учраад байгааг НҮБ-ын мэргэжилтнүүд өчигдөр мэдэгдлээ. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар (OCHA)-ын мэргэжилтнүүд ган гачигийн улмаас оны хоёрдугаар хагаст хүнсний аюулгүй байдлын асуудал Афганистанд улам дордохыг анхааруулав.
Хүмүүнлэгийн ажилтнуудын хэлснээр, хурц хоол тэжээлийн дутагдал 16 хувиар өсч, 900 мянган хүнийг хамарсан бол дунд зэргийн тэжээлийн дутагдал 11 хувиар өсч, 3.1 сая хүүхэд өртжээ.
Улаанбуудайн ургац хураалтын түвшин дунджаас доогуур байх төлөвтэй байгаа аж. Мөн бэлчээр муу, тэжээл дутмаг байдлаас болж малын гарц ч доогуур байхыг анхааруулжээ. Зэвсэгт мөргөлдөөн, ган гачигийн улмаас хөдөө аж ахуйн үйл ажиллагаа 28 хувиар буурч, зах зээлийн эмзэг байдал улам бүр нэмэгдсэн байна.
Мөргөлдөөн үүссэнтэй холбогдуулан хөл хорио тогтоосон нь гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ. Улаан буудай, будаа, элсэн чихэр, хүнсний тосны үнэ Covid-19-ийн өмнөх үеийнхтэй харьцуулахад сар бүр 1-4 хувиар өссөөр, өдгөө 50 гаруй хувиар нэмэгдээд байгаа аж.
НҮБ-аас Афганистанд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн ердөө 37 хувийг санхүүжүүлсэн талаар OCHA мэдээлэв. Мөргөлдөөний улмаас орон гэргүй хүмүүс нэмэгдсэнтэй холбогдуулан яаралтай хоргодох байр, тусламжийн хэрэгслүүд нэн шаардлагатай байгаа ч хандивлагчид шаардлагатай хөрөнгийн дөрвөн хувийг л олгосон байна.
Эх сурвалж: XINHUA
Холбоотой мэдээ