“Монгол Улс хазара ахан дүүсээ авъя” гэв

Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

“Монгол Улс хазара ахан дүүсээ авъя” гэв

“Монгол Улс хазара ахан дүүсээ авъя” гэв

Афганистан улсад террорист “Талибан” хөдөлгөөн зэвсгийн хүчээр засгийн эрхийг булаан авсантай холбогдуулан “Монгол хүн монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс “Монгол Улс хазара ахан дүүсээ авъя” хэмээн мэдээлэл хийв. Тэд олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, Монгол Улс цаг алдалгүй хазара ахан дүүсээ хүлээн авах шаардлагатай байна” гэлээ.

Энэ үеэр Ч.Мөнхбаяр хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Афганистанд хазарагийн эсрэг Абдуррахман хааны геноцид, 2001 онд талибануудын Бамиан мужийн Якауланг тойрогт үйлдсэн хядлага зэрэг олон харгислал үйлдэгдсэн. Хазара нар байнгын дарамт, ялгаварлан гадуурхалт, террорист халдлагын золиос болж ирсэн хүмүүс. Ийм аймшигт явдал дахин давтагдах боломжтой нөхцөл байдал одоо үүсээд байна. Тиймээс монгол цустай, бид бүхний элгэн садан хазара түмний дүрвэгчдийг үндэсний юм уу, олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, Монгол Улс цаг алдалгүй хүлээн авах шаардлага байна.

Хазара үндэстэнд хүн амын тооллого явагддаггүй. Судлаачдын үзэж буйгаар 2-6 сая орчим хазара байдаг. Манай улсын тухайд 30 хазара оюутан суралцаж байсан түүхтэй. Үүнээс 10 нь Монгол Улсад ажиллаж, амьдрах хүсэлт гаргасан бол тав нь манай иргэншилтэй болох хүсэлт гаргаж байжээ.

Монгол Улс 2016 онд хазарачуудаас өөрийгөө бүрэн цэвэрлэж, нэг ч хазара хүнгүй гэгдэхээр болсон нь харамсалтай. Үүнийг засч залруулахгүй аваас бид талибуудаас ялгарна гэж үү. Иймд төрийн өндөрлөгүүдэд хандан хазара дүрвэгч нарыг авах талаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, хазара нарын Монгол Улсад ирэх, сурах, ажиллах эрхийг нээж, хазарачуудыг үндэсний аюулгүй байдалд аюултай гэсэн хууль бус зөвлөмжийг хүчингүй болгох, хазара нарыг залилсан ноцтой хэргүүдийг анхааран, хууль ёсоор шийдвэрлүүлэхийг хүсье” гэв.

“Нэг үндэс Дэлхийн монголчуудын зөвлөл”-ийн дарга Б.ГАНБААТАР “2011 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойгоор тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын их хурлын танхимын индэр дээрээс “Олуулаа болцгооё” хэмээн уриалж байснаас хойш арван жил өнгөрсөн байна. Олуулаа болох энэ төм хөтөлбөрөө эхлүүлж, хөдөлгөх цаг нэгэнт боллоо. Энэ хөтөлбөр олон улсын жишигт байдаг. Хамгийн том жишээ нь, Израиль улс сүүлийн 30 жилийн хугацаанд зургаан сая хүн амтай байсан бол үүнийгээ 20 хувиар өсгөсөн” гэлээ.

Мөн хэвлэлийн хуралд оролцсон Тегераны их сургуулийн магистрант Ш.БЭЛГҮН “Би Исламын бүгд найрамдах Иран улсад магистрын хөтөлбөрт хамрагдан, гурван жил суралцсан. Энэ хугацаанд хазаруудтай хамт амьдарсан. Ойролцоогоор 20-30 хазаратай танилцаж нөхөрлөн, найзууд болж амьдарсан. Хазарууд Исламын шит урсгалтай хүмүүс. Үүнийг бид аюул гэж буруу ойлгодог. Исламын шит урсгал нь дэг журамтай, үнэнч, шашныхаа хувьд аливаа нэг зорилготой, тууштай хүмүүс байдаг. Дүрвэж ирсэн хазара хүмүүст Ираны засгийн газар иргэншил олгодоггүй, Афганистанд байгаа иргэд буцъя гэхээр тэдэнд мөн иргэншил олгодоггүй. Иймд эдгээр хүмүүс маань олон улсын дүрвэгчийн статустай тул Монгол түмэн минь чадах бүхнээрээ тусална гэдэгт итгэж байна” гэж хэлэв.

Төрийн өндөрлөгүүдэд хандаж хүсэлт гаргажээ

Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хандан, хүсэлт гаргасан байна. Түүнд:

“2000-аад оноос хазарачууд хэмээх бид бүхний ахан дүү түмэн олны ажиг сураг дуулдаж. Найрамдал нөхөрлөлийн эх тавигдсан. Өнөөдөр Афганистан улсад террорист Талибан бүлэг зэвсгийн хүчээр засгийн эрхийг булааж, харгис дэглэмээ тогтоогоод байна. Хазара нарын ардын баатар Баба Мазаригийн хөшөөг дэлбэлсэн. Эрчүүдийг нь баривчлах, эмс охидыг бүртгэн олзолж авах, эд хөрөнгийг дээрэмдэх гээд балмад явдлуудыг талибууд хазара нарын нутагт үйлдэж байгаа нь дуулдаж байна.

Хазара хүмүүс өөрсдийгөө Монгол, Чингисийн цэргүүдийн хойчис гэдэг, Монголчууд болон Монгол оронд маш их элэгтэй хүмүүс юм. Ийм бидэнд халуун дулаан итгэл сэтгэлээр ханддаг хүмүүстэй бид найрамдал нөхөрлөлийг дээд зэргээр хөгжүүлэх хэрэгтэй нь ойлгомжтой.

Афганистанд хазаруудын эсрэг Абдуррахман хааны геноцид, талибануудын 2001 онд Бамиан мужийн Якауланг тойрогт үйлдсэн хядлага зэрэг олон харгислал үйлдэгдэж ирсэн. Хазара нар байнгын дарамт, ялгаварлан гадуурхалт, террорист халдлагын золиос болж ирсэн. Ийм аймшигт явдал давтагдахгүй гэх газаргүй. Хазара биш хүмүүс Афганистанаас үхэн хатан зугтаж байхад хазара нарт юу тохиолдож болох вэ?

Учир иймд, монгол цустай, бид бүхний элгэн садан хазара түмний дүрвэгчдийг үндэсний юм уу, олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн Монгол Улс цаг алдалгүй хүлээн авах шаардлагатай байна. Хазара хүмүүс ажилч хичээнгүй, манай улсад нэвтрүүлэх хөгжүүлэх шаардлагатай ажил мэргэжлийн дадлагатай, даруу төлөв, монголчуудтай ижилсэн нийгэмших сонирхолтой хүмүүс юм. Тэд манай нийгэм, эдийн засагт маш их эерэг нөлөө үзүүлж чадна гэдэг нь ойлгомжтой.

Монгол Улсад хазарачуудын эрх зөрчигдөх, тэднийг ялгаварлан гадуурхах асуудал байсан. 2016 оноос манай эрх бүхий байгууллага Монгол дахь хазара нарыг үндэсний аюулгүй байдалд (ҮАБ)-д аюултай гэж үндэслэлгүйгээр, хууль бусаар тодорхойлсон гэдгийг дуулсан. Улмаар Гадаадын иргэн харьяатын газарт (ГИХГ)-т хандан, тэднийг магистрт сургалгүй гаргах, цаашид эс хүлээж авах, их дээд сургуулиудад хазара оюутан сургахгүй байх, манай дипломат төлөөлөгчийн газруудад хазара хүмүүст аль болох виз өгөхгүй байх зөвлөмжийгөгч, тэд нь хэрэгжүүлж эхэлжээ. Энэ бол тодорхой угсаатны эсрэг ялгаварлан гадуурхах, расист бодлого гэж харагдахаар байна.

Хазара нарыг хөөж гаргагчид "терроризмын аюултай" гэж аян шалтаг хэлдэг юм билээ. Тэд терроризмын хохирогч болж, түүний эсрэг энхийн тэмцэл хийж ирсэн ард түмэн болохоос, бусдад аюул заналыг, тэр тусмаа терроризмын аюул заналыг учруулдаг ард түмэн биш юм.

Хазара хүмүүс монголчуудтай найрамдал нөхөрлөлөө бэхжүүлэх үйлсэд 150 мянган ам.доллар цуглуулж, хөрөнгө оруулалт хийхэд түүнийг нь манай улсын иргэд залилан үгүй болгосон ноцтой хэрэг 2016 онд гарсан. Хазарачууд үүнд няцаж мохолгүй дахин 600 мянган ам.доллар цуглуулж, хөрөнгө оруулалт хийхэд манай өөр бүлэг иргэд залилж завшсан хэрэг 2017 онд гарсан. Ингээд 750 мянган ам.долларыг хоёр удаагийн үйлдлээр залилаад байгаа ч гэм буруутнууд хариуцлага хүлээсэн, мөнгийг буцааж өгсөн зүйл үгүй. Хазарачуудыг бүгдийг нь хөөж гаргасан нь үүнтэй холбоотой хуйвалдаан биш биз дээ гэж аргагүй бодогдож байна.

Монгол Улс хазарачуудаас өөрийгөө бүрэн “цэвэрлэж”, нэг ч хазара хүнгүй болсон, нэг ч хазара хүн оруулдаггүй, хазарачуудыг хориглосон, хазарачуудын эсрэг бодлоготой анхны улс гэгдэхээр болсон нь харамсалтай. Үүнийг засаж залруулахгүй аваас бид бүхэн талибуудаас ялгарна гэж үү?

Ингээд Монгол Улсын төрийн өндөрлөгүүдэд хандан:

1-рт, хазара дүрвэгч нарыг авах талаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх,

2-рт, хазара нарын Монгол Улсад ирэх, сурах, ажиллах эрхийг нээж, хазарачуудыг үндэснй аюулгүй байдалд аюултай гэсэн хууль бус зөвлөмжийг хүчингүй болгох,

3-рт, хазара нарыг залилсан ноцтой хэргүүдийг анхааран хууль ёсоор шийдвэрлүүлэхийг хүсье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!" гэжээ.

Х.ДАВААХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж