ОХУ-д Төрийн думын сонгууль ирэх есдүгээр сарын 17-ноос 19-ны хооронд болно. Нийт 450 суудалтай Төрийн дум засаглалын хувьд ерөнхийлөгчөөс бага эрх мэдэл эдэлдэг боловч шинээр батлагдсан Үндсэн хуулийн дагуу эдийн засгийн салбар дахь үүрэг оролцоо нь нэмэгдсэн юм. Энэхүү байгууллага хүн амын янз бүрийн хэсэг болон засгийн газар хоорондын харилцааг нягтруулах гол үүрэгтэй. Гэвч иргэдийн гомдол санал улам бүр нэмэгдэж, төрөөс үзүүлэх дэмжлэг туслалцаа багасч байгаа нь Төрийн думын 336 суудлыг бүрдүүлж буй Нэгдсэн Орос намын нэр хүндийг унахад хүргэж буй. Гэвч Ерөнхийлөгч Путины эрх мэдлийг бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг тус намыг ирэх сонгуульд ялагдал хүлээнэ гэж үзэхгүй байгаа юм.
Кремлийн шүүмжлэгч, өдгөө шоронд ял эдэлж буй Алексей Навальный ирэх сонгуульд эрх баригч намыг ялах хэмжээнд ухаалаг сонголт хийхийг Оросын ард иргэдэд өчигдөр уриалав. Өнгөрсөн зун Навальный болон түүний холбоотнуудыг ОХУ-аас хэт даврагчид хэмээн албан ёсоор тодорхойлж, сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм. Тиймээс тэдний эцсийн найдвар ухаалаг нэр дэвшигчдийг олноор төрүүлж сонгуулах явдал аж.
Навальный энэ талаар инстраграм хуудастаа "Тэд хүчтэй нэр дэвшигчдийг сонгуульд оролцохыг зөвшөөрөөгүй … Тэд ухаалаг өрсөлдөгчдөөс айж байна" гэж бичсэн юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд Оросын шүүхээс түүнд бэлгийн гаж буруу харьцааг сурталчилсан хэргээр хоёр жил хагасын ял оноосон. Тиймээс тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлдэг байна.
Өдгөөгөөс нэг жилийн өмнө хүчтэй хордож байсан тэрбээр Оросын засгийн газрыг буруутгадаг. Харин засгийн газрын зүгээс түүнийг барууны дэмжлэгтэйгээр Оросыг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна гэж харддаг. Өдгөө Навальныйн зохион байгуулж буй, Нэгдсэн Орос намыг ялах магадлал өндөртэй нэр дэвшигчийг бүртгэж, хуваарилах ажиллагаа засгийн газрын дарамт шахалтад өртсөн байна. Тухайлбал, Навальныйн вэбсайтад нэр дэвшигчээр бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл алдагдсаны улмаас энэ долоо хоногт 300 гаруй дэмжигчийн гэрт цагдаа нар “морилсон”-ыг “OVD-Info” мэдээлжээ.
Навальныйн холбоотон Леонид Волков “Reuters” агентлагт хэлэхдээ “Эрх баригчид боломжит нэр дэвшигчдийг бүртгэх кампанит ажил зохион байгуулахад ашигладаг вэбсайтыг хааж магадгүй” гэсэн байна. Түүний хэлснээр, тэдний эсрэг эрх баригчдын зүгээс хэрэгжүүлж буй алхмууд хийрхэлийн хэмжээнд хүрч байгааг онцолжээ. Өмнө нь сонгуульд ялах магадлалтай хэмээн Навальныйн дэмжлэгийг хүлээсэн 20 нэр дэвшигч хотын хууль тогтоох байгууллагад суудал авч байв. Тиймээс энэхүү ажиллагааг эрх баригчдын зүгээс, ялангуяа Моска хотын бүсэд туйлын анхаарч байгаа аж. Нэгдсэн Орос нам 2016 онд болсон парламентын сүүлийн сонгуулиар олонхийн суудал авсан ч энэ наймдугаар сарын эхээр рейтинг нь 27 хувьтай гарсан нь өнгөрсөн 13 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт болжээ.
С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: REUTERS