УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр (2021.08.20) Сонгинохайрхан дүүрэгт Ахмадын өдөр өнжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төвийн нээлтэд оролцлоо.
Энэ үеэр тэрбээр “Сонгинохайрхан дүүрэгт "Тэмүүжингийн андууд” нэртэй тусгай хэрэгцээт цэцэрлэг байгуулагдаад, гурван жил өнгөрсөн байна. Тус цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй 87 хүүхэд хамрагддаг. Өнгөрсөн хугацаанд төлбөр, мөнгө авахгүйгээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ар гэрт өрхийн орлого нэмэгдүүлэхэд маш том түлхэц болж өгсөн.
Зарим эцэг, эхчүүд энэ цэцэрлэгт багшаар ажиллаж байна. Хүүхдээ давхар цэцэрлэгт өгөөд, ажил эрхэлнэ гэдэг нь ар гэрт нь тулгамдсан олон асуудлыг шийдэж байгаа болов уу. Өнөөдөр "Тэмүүжингийн Андууд" цэцэрлэгийг түшиглэн Сонгинохайрхан дүүргийн ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөр өнжүүлэх төвийг нээж байна.
Өдрийн цагаар ахмадууд цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мөн сэргээн засах бүх төрлийн бариа заслын үйлчилгээ авах боломжтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй бүх насны иргэдийг өдөр өнжүүлэх төвд хамруулна. Тус төвд нөхөн сэргээх үйлчилгээ авах боломжтой. Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг бүх иргэн бүртгүүлэх боломжтой. Өглөө 08.00-18.00 цаг хүртэл цэцэрлэг болон өдөр өнжүүлэх төв ажиллана. Иргэдийнхээ амьдралын төлөө энэ ажлыг санаачлан хийж байгаадаа сэтгэл хангалуун байна" гэж онцоллоо.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ