"Талибан" хөдөлгөөний дайчид АНУ, НАТО-гийн хүчинтэй холбоотой афганчуудыг хайх ажиллагаагаа идэвхжүүлсэн талаар НҮБ-ын нууц баримт бичгээс иш татан “New York Times” мэдээлжээ.
Баримт бичигт дурдсанаар, талибанчууд айлуудаар "зочилж", өөрсдөө бууж өгөхгүй байгаа, тэдний жагсаалтад буй хүмүүсийн гэр бүлийн гишүүдийг баривчилж, эсвэл хүйс тэмтэрнэ хэмээн сүрдүүлж байгаа аж. Энэхүү жагсаалтад Кабулын нисэх онгоцны буудалд, нүүлгэн шилжүүлэхийг хүлээж буй олон хүн багтсан болохыг тэмдэглэжээ.
Дээрх мэдээлэл нь “Дайснуудаасаа өшөө авахгүй” гэж мэдэгдсэн талибанчуудын байр суурьтай зөрчилдөж буй аж.
Афганистан улсад сүүлийн долоо хоногт нөхцөл байдал улам хурцадсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон эх сурвалжууд өнгөрсөн Ням гаригт зэвсэгт этгээдүүд хилийн бүх боомт болон Кабул дахь Ерөнхийлөгчийн ордныг хяналтдаа авсан талаар мэдээлсэн билээ.
Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани “аллага үйлдэгдэхээс сэргийлж” эх орноо орхин гарч буйгаа мэдэгдсэн бол “Талибан” бүлэглэлийн төлөөлөгч Мухаммед Наим өнгөрсөн Даваа гаригт “Афганистаны дайн дууссан” хэмээн мэдэгдсэн юм.