Covid-19-ийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.08.20) ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 14 хоногт улсын хэмжээнд дельта вирусийн тохиолдол нэмэгдэж байна. Иргэдийн хувьд зуны улиралд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байх тохиолдол гарч байна. Хичээл сургууль эхлэх гэж байгаа эгзэгтэй үед хариуцлагатай байхыг зөвлөлөө.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭЛТСИЙН ДАРГА Д.БАЯРБОЛД:
-Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал өчигдөр (2021.08.19) батлагдаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх журмыг баталсан. Цар тахлын улбар шар түвшинд байгаа үед ямар арга хэмжээ авахыг зохицуулсан. Цэцэрлэгт 4-5 насны хүүхдийг хамруулж, 20-25 хүүхэд нэг ангид хичээллэнэ. Цахимаар болон танхимаар хичээллэнэ. Хүүхдийг харах хүнгүй бол танхимаар хичээллүүлж болно. Амны хаалттай хичээллэх боломжгүй биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг онолоор заана. Сургуулийг 5/9 зарчмаар хичээллүүлж, 20-25 хүүхэд нэг ангид хичээллэнэ. Сургуулийн анги дүүргэлтийн асуудал тулгамдсан асуудал байдаг. Сургалтын хэлбэр цахимаар болон танхимаар хичээллэнэ.
Цар тахлын улбар шар түвшинд сургууль, цэцэрлэг танхимын болон цахимаар хичээллэнэ. Бид боломжоороо танхимаар хичээллэх зөвлөмжийг өгч байна. Сургууль, цэцэрлэг нэг сар хичээллээд хаагдана, хаагдахгүй гэж хэлэхэд хэцүү. Бид цар тахлаас сэргийлэх дэглэмийг сайтар баримталж, ажиллавал хүүхдүүддээ танхимаар хичээллэх боломжийг олгоно. Эцэг, эх нь олон нийтийн газраар явж, орой үдэш баар, цэнгээний газраар яваад байвал хүүхдээ эрсдэлд оруулна. Аль болох олон хүүхэд өвдөж, тухайн хүүхэд танхимаар хичээллэх эрсдэл багасна.
Сургууль, цэцэрлэгт халдварын тохиолдол батлагдвал цахимаар хичээллэж, зургаа дахь хоногт шинжилгээ авна. Ойрын хавьтлуудын PCR шинжилгээг үнэ төлбөргүй авдаг. Эцэг, эхээс шинжилгээний мөнгө авахгүй. Аль болох хүүхдэд хүндрэл багатай байх хэлбэрээр шинжилгээ авна.
Монгол Улсад 12-17 насны 290 мянга гаруй хүүхэд бий. Эдгээрээс 245 мянган хүүхэд вакцинд хамрагдсан. Бусад хүүхдүүд удахгүй вакцинд хамрагдана. Гурав дахь тунг хариу арга хэмжээнд ажиллаж буй ажилчдад хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 2585 хүн нэмэлт тунд хамрагдаад байна. Вакцины нөөц хангалттай байгаа. Эхний хоёр тун нь нэг үйлдвэрийн вакцин байх ёстой. Харин гурав дахь тунд өөр вакцин байх уу, адил байх уу гэдэг дээр хангалттай тооны үндэслэл байж сайдын тушаал гардаг. Тэгэхээр сайдын тушаал гараагүй байгаа. Одоо судалгааны үндэслэл хэрэгтэй. Тэгэхэр хоёр тунгаа “Спутник-V” хийлгэсэн бол дараагийнх нь ямар үйлдвэрийн вакцин байхыг судалж байна.
Даваа гаригт халдвар авсан хүүхэд байлаа гэхэд 4-5 хоногтоо бусдад халдвар тараах эрсдэлээс хамгаална гэсэн үг.
Дельта вирусийн тархалт нэмэгдвэл 4/10 зарчмаар буюу дөрвөн хоног танхимаар хичээллэж, 10 хоног зайнаас хичээллэнэ. Сургууль, цэцэрлэгт халдвар гарвал тухайн ангийг долоо хоног цахимаар хичээллүүлж, шинжилгээ авч танхимаар хичээллэх эсэхийг шийднэ. Харин гурваас дээш бүлэгт хоорондоо хамааралгүйгээр халдвар гарсан тохиолдолд долоо хоног цахимаар хичээллэнэ. Цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны ангид нэг хүүхэд халдвар авбал ангиар нь долоо хоног цахимаар хичээллүүлнэ. Харин 12-оос дээш настай ангиудад нэг ангиас гурван тохиолдол бүртгэгдвэл зайн хэлбэрт шилжинэ. Сургууль, цэцэрлэгийн бүх хаалгыг ашиглана. Аль болохоор хүүхдүүдийг уулзуулахгүй.
- Тандалт судалгаа, хавьтал тодорхойлох баг ажиллана
- Угааж цэвэрлэхэд хялбар, цөөн тооны тоглоом ашиглана
- Эцэг, эхчүүд хувцас солих өрөөнд орохгүй, хүүхдийн хичээлийн хэрэгслийг угааж, цэвэрлэх
- Янз бүрийн уралдаан тэмцээн, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй
- Эцэг, эхийн хурлыг цахимаар хийх
- Хичээл эхлэх, тарахын өмнө 10-15 минутын зөрүүтэй зохион байгуулах
- Хүүхдийг унтуулахдаа хөл, толгой гэдэг зарчим баримтлах
- Нэг хүүхэд, нэг ширээ, нэг ангид 20-25 хүүхэд хичээллэнэ
- Сурагчдаар ангийн цэвэрлэгээ хийлгэхгүй
- Ариун цэврийн өрөө ашиглах хуваарь гаргах
- Цонх салхивчийг байнга онгойлгох
- Цэцэрлэгт тусгай дугаарын утас ажиллуулах
- Сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид масктай, цэцэрлэгийн хүүхдүүд маскгүй
- Сургууль, цэцэрлэгийн дотуур байранд хүүхдүүдийг сод, давс, нимбэгний уусмалаар зайлах арга хэмжээг авна
УЛААНБААТАР ХОТОД 535, ОРОН НУТАГТ 1305 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ
Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1841 тохиолдол батлагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 535, орон нутагт 1305 тохиолдол бүртгэгджээ. Харин нэг хүн нас барж, 1591 хүн эдгэрсэн байна. Нас барсан иргэний хувьд 61-80 насны байсан бөгөөд архаг суурь өвчтэй хүн байжээ.
- Хөнгөн-5813
- Хүндэвтэр-3406
- Хүнд-854
- Маш хүнд-180
Сүүлийн 24 цагийн байдлаар 10253 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1607 нь хүүхэд, 314 нь жирэмсэн эх эмчлүүлж байна. Дельта вирусийн халдвартай нэг хүн дунджаар долоон хүнд халдвар тараах эрсдэлтэй. Тийм учраас бид маш хариуцлагатай байх ёстой.
"ХӨДӨӨ ОРОН НУТАГТ 400 ГАРУЙ НАЙР ХУРИМ БОЛСНООС ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ЭРС НЭМЭГДСЭН"
Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.ЭНХСАЙХАН:
-Covid-19-өөр өвчилсний дараа 4-7 сарын хугацаанд зарим хүмүүст шинж тэмдэг илэрч байна. Заримд нь нэг жил хүртэлх хугацаанд шинж тэмдэг илэрч байна. Ингэхдээ ядарч сульдах, толгой өвдөх, анхаарал сулрах, үс унах, нойргүйдэл, гэдэс эвгүйрхэх гэх мэт. Зарим хүмүүст эдгэрсний дараа 50 гаруй төрлийн шинж тэмдэг илэрч байна. Тиймээс та бүхэн энэ халдварт өртөхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Халдвар авахгүйн тулд хүн хоорондын зай барьж, дотоод орчинд заавал маск зүүх, гараа ариутгах хэрэгтэй. Халдвар авсан иргэдийн ихэнх нь ойрын буюу хамт олон, гэр бүлээсээ халдвар авч байна. Дотоод орчинд агаар сэлгэлт сайн хийх хэрэгтэй. Дэлгүүрт 15-20 минутын хугацаанд үйлчлүүлэх хэрэгтэй.
Хөдөө орон нутагт 400 гаруй найр хурим болсноос халдварын тохиолдол эрс нэмэгдсэн. Хамгийн их зорчигч, аялагч хүлээж авсан аймгуудад халдварын тохиолдол нэмэгдээд байна. Баян-Өлгий аймгаас нийт 20 сорьцыг шинжлүүлэхэд 16 тохиолдлоос дельта илэрсэн. Нийслэлд Сонгинохайрхан, Баянгол дүүргээс ирсэн шинжилгээнээс 50 хувьд дельта илэрч байна. Тэгэхээр өнөөдөр илэрч байгаа 1800 гаруй тохиолдлын 50 гаруй хувьд дельта хувилбар байх магадлалтай. Энэ шинжилгээг Солонгос улсын оношлуураар PCR шинжилгээ хийж байна.
ЭМЯ: Covid-19 халдварын нөхцөл байдлын мэдээлэл
ЭМЯ: Covid-19 халдварын нөхцөл байдлын мэдээлэл
Posted by News.mn on Thursday, August 19, 2021
Холбоотой мэдээ