Наадмын өмнө Замын-Үүдэд ЦЕГ, АТГ сүр дуулиантай баривчилгаа хийж, авлига албан тушаалын хэргээр зургаан албан тушаалтныг баривчилсан. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, түүний орлогч дарга болон тус сум дахь Авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн Замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул, Онцгой комиссын штабын нэр бүхий зургаан хүнийг АТГ, ЦЕГ-аас хойшлуулашгүйгээр баривчиллаа” гэж мэдэгдэж байв.
Үүнтэй холбоотой Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог мөн АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан юм.
Тэгвэл Д.Зоригоо өөрийн цахим хуудастаа энэ нь ташаа мэдээлэл болохыг мэдэгджээ.
Энэ тухайгаа “Миний бие Замын-Үүдийн гаалийн даргаар ажиллаж байгаад, дээд шатны шийдвэрээр албан ажлаа хүлээлгэж өгөөд, хоёр сар болж байна. Энэ хугацаанд намайг 37 тэрбум төгрөгийн оффшор хадгаламжтай, АТГ-д шалгагдаж байгаа гэх мэтээр удаа дараа ул үндэсгүй гүтгэж, нотлох баримтгүй мэдээллүүдийг зарим сайт, нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацлаа. Би өөрөө ч хуулийн байгууллагад шалгагдаж байгаагаа мэдээгүй байж сайтуудааc уншдаг болов. Энэ нь миний хувь хүний болон албаны нэр хүндэд ноцтой халдаж байгаа учраас өөрийн байр сууриа илэрхийлэх нь зөв гэж үзлээ. Д.Зоригоо надад ямар нэг оффшор данс, авлига албан тушаалын хэргээр АТГ болон бусад хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэг ч хэрэг байхгүй. Хэрэв тийм зүйл байвал хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэжээ.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ