Сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд ажлын явц 45 хувьтай үргэлжилж байна.
Дүүргийн хэмжээнд өмнө жилээс 74 мянгаар их буюу 214 мянган шахмал түлш нөөцлөнө. Халаалтын улиралд сайжруулсан түлшний үнийн хөнгөлөлттэй холбоотойгоор түлшний хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41,5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.
Мөн борлуулалтын цэгийн тоог 214 болгон нэмэгдүүлэх саналыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газарт хүргүүлжээ.
Түүнчлэн урьд жилүүдэд сайжруулсан түлшийг буруу ашигласнаас хүний амь нас эрсдэх аюул нүүрлээд байсан бол түлш ашиглахтай холбоотой сургалтыг наймдугаар сарын 27-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгуулж, иргэдийг хамруулахаар болж байна.
Мөн өвөлжилтийн бэлтгэлд анхаарах ёстой гол асуудлуудын нэг бол замын хальтиргаа гулгаа арилгах давс болон давс цацах төхөөрөмжийн асуудал юм. Үүнд 69 тн давс нөөцлөөд байгаа бол өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байсан давс цацах төхөөрөмжийг дүүргээс гаргаж ажиллахаар болж байна.
Эх сурвалж: БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
Холбоотой мэдээ