Талибан бүлэглэл өнгөрсөн Ням гаригт Кабул руу дайран орж, зэвсэглэсэн дайчид хотоор гүйлдэж, бие төлөөлөгчид нь Ерөнхийлөгчийн ордон дотроос мэдэгдэл хийснээр Афганистаны засгийн газар нуран унасан нь хэн бүхэнд тодорхой болсон билээ. Талибаны хэвлэлийн төлөөлөгч Сухаил Шахин Ерөнхийлөгчийн ордноос мэдэгдэл хийх үеэрээ тус бүлэглэл Афганистанд нээлттэй, хүртээмжтэй Исламын засгийн газар байгуулахаар ойрын өдрүүдэд хуралдана гэсэн юм. Ийнхүү 2021 оны наймдугаар сарын 15-ны өдөр тус бүлэглэлийн АНУ болон бусад холбоотнуудтай хийсэн 20 жилийн тэмцэл өндөрлөв.
Гэвч “Морин дээрээс дэлхийг дайлах амархан. Мориноосоо буугаад төрөө төвхнүүлэх хэцүү” гэдэг үг байдаг. Шинэ газрын газар байгуулахтай зэрэгцэн тэдний өмнө тулгарч буй цөөнгүй асуудлын дотроос эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хамгийн хурцаар тавигдсан. Тухайлбал, Афганистан дахь нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррис “НҮБ асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулна. Цаашлаад афганчууд, тэр дундаа охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, тэдэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана” гэж мэдэгдсэн билээ.
Талибан үүнээс өмнө буюу 1996 оны есдүгээр сараас 2001 оны арванхоёрдугаар сар хүртэл Афганистаны Исламын Эмират нэртэй засгийн газар бүрдүүлж байв. Энэ хугацаандаа эмэгтэйчүүдэд голчлон чиглэсэн Исламын шашны хамгийн хатуу дэг жаягийг мөрдүүлж байсан гэдэг. Тухайлбал, эмэгтэйчүүдийг эрэгтэй хүнгүйгээр гадагш гарахыг хориглож, сурч боловсрох эрхийг нь шашны боловсролоор хязгаарлаж, бүтэн биеийг халхалсан хувцас өмсөхийг шаарддаг байжээ. Ийнхүү энэ гашуун түүхийг санаж, бас сануулж байгаа тэдгээр хүнд хандан Талибан бүлэглэлийн зүгээс анх удаа нээлттэй хэвлэлийн хурал хийсэн юм. Өнгөрсөн Мягмар гаригт болсон тус хурлын үеэр Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид гурван зүйлийн амлалт өгсний нэг нь эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэнэ гэж мэдэгдсэн явдал байв.
Тодруулбал, талибанчууд Исламын хуулийн хэм хэмжээний хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэх болно гэж мэдэгдсэн билээ. Гэвч Исламын хуулийн хэм хэмжээний хүрээнд гэдэг нь яг юуг хэлсэн болохыг тодорхой тайлбарлаагүй юм. Ийнхүү мэдэгдлийнхээ төгсгөлд эмэгтэйчүүдийг ажилдаа эргэн орохыг уриалж, охидыг сургуульд явахыг зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ. Гэвч Талибан бүлэглэл зөвхөн нийгмийг тайвшруулах зорилгоор уг мэдэгдлийг хийсэн байж болно гэж дэлхий нийт таамаглаж буй. Учир нь ийнхүү мэдэгдэл гаргахаас өмнө буюу Талибан бүлэглэл Кабул хотыг чиглэн ирэх үеэс л эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид, эмэгтэй улстөрчид эмэгтэйчүүдэд учирч болох аюул заналаас айж түгшиж эхэлсэн билээ.
Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, өдгөө 26 настай Зармина Какар наймдугаар сарын 13-ны өдөр Талибаны асуудлаар “Associated Press” агентлагт ярилцлага өгч, түүнийг бага байхад ээжид нь тохиолдож байсан бараан дурсамжийг хуваалцжээ. 1996 онд талибанчууд анх удаа Кабул руу орж ирэхэд Какар нэг настай байж. Ээж нь түүнд зайрмаг худалдаж авахаар дагуулж гарчээ. Гэтэл ээж нь нүүрээ хэдхэн хором ил гаргасны улмаас талибаны дайчинд ташуурдуулсан аж. "Талибанууд засгийн эрхэнд гарвал тэр хар өдрүүд эргэн ирнэ гэхээс эмээж байна” гэж тэрбээр хэлжээ. Харин наймдугаар сарын 14-ний өдрийн Бямба гаригт Афганистаны анхны эмэгтэй хотын захирагч Зарифа Гафари “iNews”-д өгсөн ярилцлагадаа “Тэд над шиг хүмүүсийг олж ирээд хорооно гэдэгт эргэлзэхгүй байна. Гэсэн ч би гэр бүлийнхнээ орхиж чадахгүй. Тэдэнтэйгээ хамт талибуудыг ирэхийг хүлээнэ” гэжээ.
2012 онд “Охид эмэгтэйчүүд сурч боловсрох эрхтэй” гэж үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө Талибан бүлэглэлийн халдлагад өртөж байсан Малала Юсуфзай мөн дуу хоолойгоо өргөв. Пакистаны боловсролын идэвхтэн тэрбээр өнгөрсөн Ням гаригт твиттер хуудастаа "Талибанчууд Афганистаныг эзэлж байгааг бид бүхэн цочирдон харж байна. Юуны өмнө эмэгтэйчүүд, үндэстний цөөнх, хүний эрхийг хамгаалагчдад санаа зовж байна. Дэлхийн, бүс нутгийн, орон нутгийн удирдлагууд нэн даруй гал зогсоох уриалга гаргаж, хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлж, дүрвэгсэд болон энгийн иргэдийг хамгаалах ёстой" гэжээ. Талибан бүлэглэл Афганистаны охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар Мягмар гаригт хэвлэлийн хурал хийсний дараа Афганистаны багш, хүний эрхийн төлөө тэмцэгч Паштана Дуррани мөн байр сууриа илэрхийлэв.
Дуррани хэлэхдээ “Талибан бүлэглэл эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар юу хэлэх болоод юу хийх нь хоёр тусдаа асуудал” гэсэн юм. Цаашлаад тэрбээр “Би айхгүй байна. Яагаад гэвэл хүн бурхнаас эмээх ёстой болохоос хүнээс биш. Зэвсэгт бүлэглэл охид, эмэгтэйчүүдийг сургуульд сурч, гэрээс гарахыг хоригловол би тэдэнд онлайн хичээл орох болно” гэжээ. Түүнийхээр бүх зүйлд шийдэл байдаг бөгөөд хэрэв танхимын хичээлийг хоригловол цахим хичээл явуулж болохыг хэлсэн байна. Ийнхүү Талибан бүлэглэлийн дэглэмтэй зэрэгцэн Афганистаны охид, эмэгтэйчүүдийн боловсрол, эрхийн асуудал эн тэнцүү тавигдах болов.
Өнөөдрийн байдлаар тус бүлэглэлээс эмэгтэйчүүдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн тухай мэдээлэл байхгүй байна. Энэ нь сайны дохио байж болохыг үгүйсгэхгүй. Саяхан олон улсын хэвлэлээр бурка өмсөөгүй эмэгтэйг талибан цэрэг буудан хороосон тухай мэдээлэл зургийн хамт цацагдсан. Гэвч зураг дээрх эмэгтэй 2019 оны хоёрдугаар сард Афганистаны Тахар мужид засгийн газрын цэрэг болон зэвсэгт дайчдын хооронд өрнөсөн буудалцааны үеэр нас барсан нь тогтоогджээ.
С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: AP, NEWSWEEK, INDIA TODAY, YAHOO NEWS, TMZ
Холбоотой мэдээ