Сурвалжлага: Эхний өдөр 22 мянган шалгуулагчаас 16 нь 100 оноо авав

Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Эхний өдөр 22 мянган шалгуулагчаас 16 нь 100 оноо авав

Сурвалжлага: Эхний өдөр 22 мянган шалгуулагчаас 16 нь 100 оноо авав

Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өчигдөр (2021.08.19) Монголын түүх, англи хэл гэсэн хичээлүүдээр эхэллээ. Энэ жилийн хувьд нийтдээ 40 мянга гаруй сурагч, өмнөх оны төгсөгчид улс орон даяар 82 шалгалтын байранд шалгалтаа өгч байна. Өнгөрсөн жилүүдийн тухайд улсын хэмжээнд нийтдээ 48 шалгалтын байранд ЭЕШ зохион байгуулдаг байсан бол цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ тоог 82 болгон нэмэгдүүлжээ.

Замын-Үүд сумын онцгой комиссын саналын дагуу тус суманд анх удаагаа ЭЕШ зохион байгуулж байна.

Нийслэлийн II, III, V сургуулиуд дээр очиход англи хэлний шалгалт эхэлсэн учир гадаа нам гүм, хүүхдээ хүлээн зогсох эцэг эх, багш нар мэр сэр харагдаж байв. Шалгалтын байрууд ч халдвар хамгааллын дэглэмийг сайн баримталж, нэвтрэх хэсэг болон гарах хэсгийг тусад нь шийдэж, бөөгнөрөл үүсгэхээс сэргийлсэн байгаа нь анзаарагдлаа.

Улс даяар нийт 9250 багш, Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн ажилчид, боловсролын байгууллагын ажилтнууд ЭЕШ дээр ажиллаж байна. Тэдгээрийн нэг төлөөлөл болох, V сургууль дээр хяналт тавьж буй БҮТ-ийн мэргэжилтэн Э.Номинзултай ярилцлаа.

Тэрбээр ярихдаа "Түүхийн хичээлээс илүү англи хэлээр олон хүүхэд шалгалт өглөө. Хүүхдүүдийн хувьд шалгалтад ирэхдээ бичиг баримтаа дутуу авчирч буй тохиолдлууд гарч байна. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхээ орхин ирж байна. Бид аль болох асуудлыг шийдэж, хүүхдүүдийг шалгалтад оруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Манай шалгалтын төв дээр хоцорч ирэх тохиолдол байсангүй. Харин шалгалт өгөх байраа андуурч ирсэн тохиолдол бий. Ялангуяа өмнөх оны төгсөгчид ийм төрлийн алдаа гаргаж байна. Суудлын хуваарийг долдугаар сарын 10-наас хойш дахин шинэчлэн хэвлэж авах байсныг мэдээгүй ирж байна. Буруу байранд ирсэн хүүхдийн шалгалтын цаг тулсан үед бид протокол хөтлөөд, шалгалтыг нь өөрсдийн байран дээрээ авч байна. Халуурсан, шинж тэмдэг илэрсэн сурагч байсангүй. Бид бүх үйл ажиллагааг дүрэм журмын дагуу зохион байгуулж байна. Шалгалтын дүн маань шууд гарч байгаа тул шалгуулагчид дүнгээ харах боломжтой" гэв.

Гэрээсээ, эмнэлгээсээ гарах боломжгүй Covid-19 авсан сурагчид есдүгээр сарын 2-ноос 5-ны хооронд ЭЕШ-аа өгнө. Ингэхдээ шинжилгээний хариу, эмчийн магадлагааг үндэслэх аж.

II сургуулийн үүдэнд хүүхдээ хүлээн зогсох иргэн Д.Энхжаргалтай ярилцав. Тэрбээр "Манай охин гэнэт харааны бэрхшээлтэй болсон ч өөрөө хүсээд ЭЕШ-аа өгье гэсэн. Гэтэл өнөөдөр шалгалт өгөх байсан ч шалгалтын байран дээр нь анги бэлдээгүй байна. Боловсролын үнэлгээний төвийн албаны хүмүүстэй утсаар ярьж, учир байдлаа хэлж, сая л шалгалтдаа орлоо. Уг нь би аль хэдийнэ хүсэлтээ тавьж, өргөдлөө өгсөн юм. Миний охин шиг хүүхдүүд зөндөө байгаа шүү дээ. Баррель үсэг сурчихсан хүүхдүүд ондоо. Манай хүүхэд баррель үсэг анхнаасаа сураагүй учир хажууд нь чиглүүлэх, асуултыг нь уншиж өгөх багштай байгаа гэсэн" гэв.

БҮТ-ийн Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.ЦЭРЭННАДМИД:

-Монголын түүх хичээлийн шалгалт улсын хэмжээнд 74.1 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа. Англи хэлний ирц хараахан гараагүй байна. Шалгалт авах байрууд нэмэгдэж, тов нь өөрчлөгдсөн тул хүүхдүүд суудлын хуваариа дахин хэвлэх ёстой байсан. Үүнийгээ мэдээгүй, хуучин хуваарийнхаа дагуу шалгалт өгөх гэж очсон тохиолдол гарсан. Хугацаа байвал бид шинэ хуваарийг нь хэвлэж өгөөд, шалгалтын байр руу нь явуулна. Харин хугацаа давчуу байвал тухайн байранд нь шалгалт авна. Одоогоор эцэг эх, сурагчдаас санал гомдол ирүүлсэн зүйл алга. Нийтийн тээврийн үйлчилгээний төвийнхөн шалгуулагчдын бичиг баримтыг үндэслэн үнэгүй тээвэрлэж байгаа бол "Цахилгаан түгээх сүлжээ" компани маань шалгалтын байруудын цахилгааныг таслахгүй байх тал дээр анхаарч байна. Мөн Тээврийн цагдаагийн албаныхан замын хөдөлгөөний зохицуулалт хийж, шаардлагатай тохиолдолд шалгуулагчийг замын цагдаагийн автомашинаар хүргэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Халуунтай, сэжигтэй байж болохуйц хүүхдүүдийг тусгай ангид оруулж, шалгалт авна.

Шалгалтын материал задарсан хойно хоцорсон хүүхдийг ангид оруулах боломжгүй.

Шалгуулагчид маань амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутган, хүн хоорондын зайгаа барьж, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг албаны хүмүүс анхааруулж байна. Үүнээс гадна эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, цаг агаар, хувцаслалт, хоол унд зэрэгт нь анхаарал хандуулахыг зөвлөж байна.

ЭЕШ-ын эхний өдөр англи хэл, Монголын түүх хичээлүүдийн шалгалт амжилттай болж өнгөрлөө. Англи хэлний хичээлийг 24868 шалгуулагч сонгож, тэдний 22385 нь шалгалтад орлоо. Ирц 90 хувьтай байна. Хамгийн өндөр буюу 100 оноо авсан 16 шалгуулагч байна. Тэдний 5 нь орон нутгийн, 11 нь нийслэлийн сурагч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж