Г.Ган-Очир: МАН-ын 11 гишүүнийг яллах ёстой

Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

Г.Ган-Очир: МАН-ын 11 гишүүнийг яллах ёстой

Г.Ган-Очир: МАН-ын 11 гишүүнийг яллах ёстой

Сонгуулийн санал тоолох хар машины программыг шинэчилж, хүссэн нэр дэвшигчээ ялуулах боломжтой болгон хакердсан тухай маш ноцтой мэдээллийг иргэн Г.Ган-Очир 2021 оны тавдугаар сард дэлгэж байв. Түүнтэй ярилцсанаа хүргэе.


-2020 оны УИХ-ын сонгуулиар МАН хар машиныг луйвардаж, төрийн эрхийг хууль бусаар авсан гэх хэргээр олон улсын байгууллагад та хандсан. АНУ-ын Элчин сайдын яамнаас танд Нэгдсэн үндэстний байгууллагад хандахыг зөвлөсөн гэсэн үнэн үү. Яагаад олон улсын байгууллагад хандах болов оо?

-АНУ-ын Элчин сайдын яаманд “УИХ-ын 2020 оны сонгууль хууль бус болсон. Би үүний цорын ганц гэрч нь. Надад нотлох баримт байгаа. Тиймээс Монгол Улсад улс төрийн дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн асуудлаар хандсан. Тус улсын Элчин сайдын яамнаас "Эхлээд НҮБ-д хандсаны дараа тусалж чадах үгүйгээ хэлнэ. Монгол Улстай дипломат харилцаатай учраас улс төрийн ажиллагаанд оролцох боломжгүй. Хамгийн түрүүнд өөрийнхөө аюулгүй байдлыг бодоод, Тайландын Бангкокын Элчин сайдын яаманд хандаж улс төрийн орогнол хүсч болно” гэж зөвлөсөн. Монголд хүчин мөхөсдсөн учраас олон улсын байгууллагад хандсан нь энэ.

-Хар машины программыг өөрчилж, хакердсан тохиолдолд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах гэх зүйл ангиар 16-20 жилийн ял авахаар хуульчилсан.  Та хэвлэлээр МАН-ын генсек Д.Амарбаясгалан, хотын дарга Д.Сумъяабазар нарын нэрийг цохож, зарласан. Энэ бүхнийг нотлох баримт байгаа гэж найдъя. Та хүн гүтгээгүй биз дээ?

-Би иргэн хүнийхээ хувиар хохирогч, МАН-д ажилласнаараа хэрэгт холбогдогч. Одоо бол тус хэрэгт яллагдагчаар татагдсан. Надаас бусад хүмүүс ч гэсэн нотлох баримт цуглуулсан мөртлөө хав дарсан. Өөрсдийнхөө хийсэн хэргийг юу гэж илчлэх вэ дээ. Гэтэл хэрэгт хамт оролцсон хүмүүсээс би ганцаараа гэрчээр яллагдагчаар татагдсан. Намайг анх энэ ажилд зуучилж, санал тавьсан хүн бол өдгөө Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа Б.Сэмжидмаа юм. Би МАН-аас хакердуулахаар өгсөн хүмүүсийн нэрсийг Сонгуулийн Ерөнхий хорооны IT инженер Мөөгий, Мөнхбат гэх хоёр залууд өгдөг байсан.

Тэд IT залууст МАН-ыг олонх болгож, АН-д бүлэг үүсгэх хэмжээний суудал өгнө. Гэхдээ ганц хоёр бие даагч гарга гэж хэлдэг байсан. Үүний ч дагуу болсон.

Сонгуулийн хар машиныг хакердаж, хүмүүсийн нэрийг оруулахад 15-20 хоног шаардагддаг гэж сонссон. Нэг дүүргийг нэг тэрбумаар хакердсан. Өөрөөр хэлбэл, би МАН-ыг төлөөлж нууц мэдээллүүдийг нь өгдөг байсан. Түүнээс биш хакердах ажилд оролцоогүй. Улмаар 2020 оны есдүгээр сард нотлох баримт болох зураг, видео, флаш, хэрэгт холбоотой хүмүүсийн нэрсийг цагдаа болон Тагнуулын байгууллагад өгсөн. Гэвч дээрх хэргийг 2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд хохирогчгүй хэрэг гэх нэрийдлээр хаасан. Угтаа бол хохирогч нь Монголын ард түмэн шүү дээ. Хуулийн байгууллагад өгсөн баримтууд эх хувиараа надад байгаа. Нийгэмд дэлгээгүй маш олон баримт, мэдээллүүд ч бий. Удахгүй олон нийтэд дэлгэнэ. 

-Нотлох баримтуудыг цуглуулах шалтгаан явцын дунд үүссэн хэрэг үү. Таныг олж авсан баримтаа дэлгэнэ гэж АН, МАН-ыхныг шантаажилсан гэх мэдээлэл гарч байсан. Харсан л байлгүй.

-Тэр бол худал мэдээлэл. Би Д.Сумъяабазарын хэлснээр 500 сая төгрөгийг Тусгаар тогтнолын ордноос аваад явсан бол, Д.Пүрэвдаваагаас мөнгө аваад, Баянзүрхийн сонгуульд ялуулчихсан бол өнөөдөр энэ хэргийг битгий илрээсэй гээд залбираад сууж байх байсан биз. Харин ч би энэ гэмт хэргийг илчлэх зориг гаргаж, ардчилсан сонгуулийн тогтолцоог хадгалахын тулд шүгэл үлээсэн.

Хэрэв шантаажилсан нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол би өнөөдөр энд биш шоронд байх байлаа. Би нэгэнт том асуудалд орооцолдсон гэдгээ мэдсэн учраас хэргийг илчлэх нотлох баримтыг цуглуулж эхэлсэн.

Ард иргэдийн үзээгүй утасны яриа, мөнгө төгрөг солилцож байгаа бичлэг, Д.Сумъяабазарын надад 500 сая төгрөг амалсан бичлэг, хар машинд хийх хүмүүсийн нэртэй флашууд болон өөр бусад бичлэгүүд надад бий.

-Тэгээд хар машиныг хэн хакердсан юм бэ. Хакердах боломжтой гэж үү?

-2012 онд сонгуулийн санал хураалт тоолох машиныг АНУ-аас авчирсан. Тухайн үед лиценз нь зургаан жилийн хугацаатай байсан. Харин 2018 оноос санал тоолох хар машины үндсэн программыг ашиглах боломжгүй болсон учраас СЕХ-ныхон Мөнхбат, Мөөгий гэх хоёр инженерээр программыг шинээр бичүүлсэн. IT-гийн инженер гэж нэр нь дурдагдсан уг хоёр залуу программ шинээр суулгахдаа ямар ч цаасыг уншдаг болгон, үндсэндээ хар машиныг өөрсдийнхөө хүссэнээр удирддаг болгочихсон гэх үү дээ. Ингээд тэр хоёр МАН-ын генсекийн шууд удирдлагад ажиллаж эхэлсэн. Явцын дунд намынх нь нөлөө бүхий албан тушаалтан болон Д.Сумъяабазар нарын хооронд зөрчил үүссэн. Тиймээс Д.Сумъяабазар намайг дуудаж уулзаад, "Намайг жийх гээд байна. Чи л ахдаа тусла. Нийслэлд би заавал ялах ёстой. Хоёр IT залууг ятгаад өг. 500 сая төгрөг өгье” гэсэн. Би мөнгийг нь авалгүй нотлох баримтыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн.

-СЕХ-ноос хар машиныг хакердах ямар ч боломжгүй гээд байгаа.  Сонгууль болохоор л хар машинд хакердуулсан гэх шүүмжлэлийг улстөрчид гаргадаг. Гэтэл та улстөрч биш. Тэгэхээр худлаа ярих шаардлагагүй мэт. Нөгөө талаасаа  таныг шоудаж байна гэх хүмүүс бий?

СЕХ болон улсын бүртгэлийн систем хоёрт олон улсын IT аудитын компани оруулж, шалгалт хийгээд өгөөч гэдэг хүсэлт тавиад жил боллоо. Тэрхүү шалгалтаар хар машиныг хакердаж болдоггүй гэвэл би гүтгэсэн байна гэж үзээд, хэргээ хүлээгээд шоронд оръё. Угтаа бол олон улсын аудитын компани оруулж ирэхэд л бодит үнэн илэрнэ. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон. Монгол Улсад ашиглагддаг сонгуулийн техник хэрэгсэл үйлдвэрлэгч АНУ-ын “Dominion Voting” компанийн зүгээс "Сонгуулийн хар машинд гуравдагч серверээс 30 минут тутамд нөлөөлж, тодорхой хэмжээний сонгогчийн саналыг өөрчилсөн” гэх албан бичиг ирсэн.

-Таныг баривчиллаа, саатууллаа гэдэг. Байнгын мөрдлөг, шалгалт дор амьдрах хэцүү байна уу. Эргээд бодоход шүгэл үлээсэндээ харамсдаг уу?

-Энэ хэрэг өнөөдөр илрэхгүй юм аа гэхэд 2024, 2028 онд илэрнэ. Төрийн эрхийг хууль бусаар авна гэдэг нь хамгийн хүнд ялтай хэрэг. Би ийм хууль бус ажиллагаанд оролцохыг хүсээгүй учраас эртхэн гэм буруугаа хүлээгээд, хуулийн байгууллагад хандсан нь дээр гэж бодсон. Үүндээ ч харамсдаггүй.

Энэ хэргийг шүүхээр шийдүүлж, МАН-ын нэр бүхий 11 гишүүнд хариуцлага хүлээлгэмээр байна байна. Би ч өөрөө ял авна. Үүнийг л шударга ёс гэнэ. Бусдаар бол би шоронд орохоос айж зугтахгүй.

-Та гэнэт 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтэд хандсан. Энэ нь таныг нийгэмд хоёр дахь Г.Доржзодов боллоо гэсэн ойлголт төрүүлээд байх шиг?

-Харин би худал зүйл зохиож яриагүй. МАН-ын талаас “Олон юм ярьж байхаар ирж уулз. Мөнгө аваад чимээгүй бол” гэх саналыг олон удаа тавьж байсан. Би хэзээ ч МАН-ын саналыг хүлээж авахгүй. Хэрэв тэр мөнгийг авсан бол би энэ хэрэгт гэрч биш, хэрэгт оролцогч, хамсаатан болж хувирах байсан. Хэзээ нэгэн цагт энэ хэргийн бодит үнэн илэрч, гэмт хэрэгтнүүд хариуцлага хүлээж л таарна. Тиймээс би шударга бус сонгуулийн золиос болсон сөрөг хүчин, бие даагч нартай хамтарч олон нийтэд хандах замыг сонгосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
119
ЗөвЗөв
24
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
11
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж