“Оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийн хүсэлтийг хүлээж авахгүй”

Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

“Оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийн хүсэлтийг хүлээж авахгүй”

“Оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийн хүсэлтийг хүлээж авахгүй”

Монгол Улсын их, дээд сургуульд жилд дунджаар 30-40 мянган суралцагч элсэн ордог. Тэдгээрийн 25-30 хувь нь оюутны хөгжлийн зээл буюу сургалтын төлбөрийн зээл авч суралцах шаардлагатай байдаг аж. Цар тахлын нөхцөл байдлын улмаас тус зээл санхүүжилтгүй болж, голч оноо, дүн хүрсэн ч квотоос хэтэрсэн шалтгаанаар тэнцэж чадахгүй олон оюутан бий.

Энэ жил их сургуульд элсэн орж буй оюутнууд Боловсролын зээлийн сангийн лавлах утас болон төв байрны холбогдох албаныханд тасралтгүй хандсаар буй. Учир нь элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч, элсэн орох сургуулиа сонгож буй хүүхдүүдэд сургалтын төлбөр юу юунаас илүү чухал. Жил бүрийн намар асуудал дагуулж, нэхэл дагал болдог зээлийг энэ жил олгох эсэх нь тодорхойгүй байна.

Учир нь цар тахлын нөхцөл байдлаас хамаарч улсаас боловсролын салбарт хуваарилах санжүүжилт багассан. Мөн Боловсролын зээлийн сангийн мөнгөөр суралцаж төгссөн 14 мянга гаруй төгсөгч зээлээ эргэн төлөөгүйгээс санхүүжилт царцжээ. Дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад төрөөс хоёр төрлийн дэмжлэг үзүүлдэг. Нэг нь буцалтгүй тусламж, нөгөө нь оюутан хөгжлийн зээл.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТИЙН 15 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАДААДАД СУРАХ 100 ОЮУТАНД ЗАРЦУУЛАГДДАГ

Дэлхийн улсууд боловсролд мөнгө зарцуулахаас татгалздаггүй. Монголд байдал өөр. Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламж болон бусад тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудад зайлшгүй хэрэгцээ, шаардлага байгаа учраас дээрх төлбөрийн нөхцлийг сонгож, өргөдөл хүсэлтээ бүрдүүлэн өгдөг. Салбарын сайд нь "Хавар оюутнуудаас гомдол, санал их ирж байна. Тиймээс Боловсролын зээлийн санд санхүүжилт олголтыг өөрчлөх шаардлагатай. Нэгдүгээрт, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй 100 гаруй оюутны сургалтын төлбөрт жилд 11-15 орчим тэрбум төгрөг зарцуулагддаг. Тэдгээр 100 хүүхдийг санхүүжүүлснээс болж дотоодод суралцаж буй оюутнуудын 5-7 хувьд л тус зээлийн санхүүжилт хүрдэг" гэсэн юм. Өндөр өртгөөр олон улсын их, дээд сургуулиудад суралцаж байгаа цөөнхийн эрх ашиг мөн л яригдана.

СУРГАЛТЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН МӨНГӨ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙХАД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ САНХҮҮЖҮҮЛСЭН

Боловсролын зээлийн санд жилд дунджаар 30-35 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байдаг аж. Гэтэл 7-13 тэрбум төгрөг л санхүүжилтээр олгодог байна. Энэ жил Covid-19-тэй холбоотойгоор эдийн засгаа дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэ онд хүүхдийн 100 мянган төгрөгт татагдсан болохыг Л.Энх-Амгалан сайд зургадугаар сард өгсөн мэдээлэлдээ дурдсан. Ингэснээр 2020-2021 оны хичээлийн жилд батлагдсан төсвийн 11 тэрбум төгрөг зээлийнхээ санд байхгүй болжээ. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгөний эх үүсвэр болчихсон гэсэн үг. Тиймээс санхүүжилт гацаж, нөхцөл байдал хүндэрсэн байна.

Өнгөрсөн жилийн буцалтгүй тусламж, зээлээр суралцсан оюутнуудын төлбөрийг төлж чадахгүй байгааг ч оюутнууд хэлж буй. Харин 2021-2022 оны хичээлийн жилд зээлийн санд хандаж байгаа хүүхдүүдэд тус байгууллага төсөв батлагдаагүй, яамнаас шийдвэр гаргаагүй учир аль ч сургуулийн оюутны өргөдөл, хүсэлтийг хүлээж авахгүй гэсэн тайлбар өгч байгаа юм. Зээлээр суралцсан оюутнууд, боловсролын салбарт хангалттай төсөв тусгаж чаддаггүй төр засгийн аль аль талд буруу байгаа нь лавтай. Хэрэв өмнөх жилүүдэд суралцаж төгссөн хүмүүс төлбөрөө төлж, дипломоо авчихвал дараагийн зээл горилж буй оюутанд том тус болно. Харамсалтай нь, үүнийг ойлгодоггүй төгсөгч олон байдаг бололтой. Учир нь зээлийн сангийн архивт 1997-2019 оны төгсөлтийн 15 мянган диплом эзнээ хүлээж буй аж.

2020-2021 оны намрын улирлын 5028 суралцагч, хаврын улирлын 6635 суралцагч буюу нийт 11663 суралцагчид зээл олгохоор баталсан байна. Эдгээр суралцагчийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, баталгаажуулан, санхүүжилтийг бүрэн шилжүүлсэн гэдэг тайлбарыг тус сангийн захирал хэлсэн. Бодит байдал дээр энэ намрын хичээл сонголтоо зээлийн санхүүжилтээс болж хийж чадахгүй олон оюутан байгаа юм.

Оюутны хөгжлийн зээлийн тухайд ямар нэг эд хөрөнгө барьцаанд авдаггүйгээрээ онцлог. Гэлээ ч хариуцлагагүй байдал их гарч байгаа учир цаашид оюутны хөгжлийн зээлийг хариуцлагажуулах буюу хүүтэй, хугацаатай болгох ёстой гэж үзэж байгаа аж. Олон оюутанд зайлшгүй шаардлагатай байдаг дээрх дэмжлэг өнгөрсөн оноос нийгэм, эдийн засгийн байдал хүндэрснээр төсөвт мөнгөн дүн нь танагдсан. Харин энэ жил санхүүжилт нь багахан ч болтугай нэмж батлагдаасай гэж хүссэн оюутнууд олон байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж