УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.08.19) монгол сарлагийн ширийг боловсруулан, хөлбөмбөгийн бөмбөг үйлдвэрлэж буй “Монгол бөмбөг” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэрийн менежер Б.Эрдэнэбаяр УИХ-ын даргыг угтан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ талаар танилцуулсан.
Монгол малын арьс, ширийг боловсруулж, нэмүү өртөг шингээн, олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гарал үүсэл нь тодорхой, хариуцлагатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтыг тус хамт олон тавьж, 2017 оноос бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна.
Олон улсын зах зээл дэх хэрэглэгчид байгаль орчинд ээлтэй, гарал үүсэл нь тодорхой, хариуцлагатай, тогтвортой нийлүүлэлт бүхий түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн сонгон авах сонирхол өндөр байдаг бөгөөд монгол малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг дэмжих үүднээс Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг хөгжүүлж байгаа юм. Энэхүү системээр бэлтгэгдэж ирсэн түүхий эдээр том хүний болон хүүхдийн гэсэн хоёр төрлийн хөлбөмбөгийн бөмбөг үйлдвэрлэж байгаа талаараа Б.Эрдэнэбаяр менежер танилцуулсан.
Одоогоор ямар ч боловсруулалтгүй, хаягдал болж буй сарлагийн ширийг ийнхүү малчид хоршоогоор дамжуулан стандартын дагуу бэлтгэж, нэмүү өртөг шингээж чанарын өндөр түвшинд, гарал үүслийн баталгаажуулалттай, олон улсын стандартад нийцсэн брэнд бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа “Монгол бөмбөг” үйлдвэрийн хамт олонд УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэж, амжилт хүсэв. Энэхүү үйлдвэрлэл нь малчдын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон ажлын байрыг бий болгож байгаа ач холбогдлыг онцлон тэмдэглээд, үйлдвэрлэлийг нь дэмжих үүднээс 76 ширхэг бөмбөг захиаллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл энэ үеэр хамт ажилласан бөгөөд арьс, ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр салбарын яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зээл олголтын явцын талаар УИХ-ын даргад мэдээлэл өгсөн юм. Арьс шир, ноос, ноолуурын боловсруулалт, үйлдвэрлэл харьцангуй урт хугацаанд үргэлжилдэг онцлогийг харгалзан энэ төрлийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олгож буй зээлийн хугацааг уртасгах шаардлагатай гэдэг саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байлаа. Ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах үеэр экспортын гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ дотооддоо дэмжихгүй байгаагаас импорт өсч, наад зах нь ачаа эргэлтэд ачаалал нэмэх, улмаар валютын эрэлтийг нэмэгдүүлэх гээд сөрөг үр дагаварууд гарч байгааг хэлж байсан хэмээн анхаарууллаа. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ дэмжснээр олон тооны ажлын байрыг бий болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой тул эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг салбарын яамнаас онцгойлон дэмжиж ажиллахыг Г.Занданшатар дарга чиглэл болгосон.
УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Б.Эрдэнэбаяр болон албаны бусад хүмүүс ажиллав.
Малчид “Мон-Ирээдүй” үйлдвэрт арьс, ширээ тушааж, тус үйлдвэрийн боловсруулсан арьсаар “Монгол бөмбөг” үйлдвэр нь хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм байна. “Монгол бөмбөг” үйлдвэрт одоогоор 9 хүн ажилладаг бөгөөд нэг бөмбөгийг нэг өдөрт гараар оёдог аж. Тус үйлдвэр өнөөдрийг хүртэл 500 орчим бөмбөгийг захиалгаар үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ