Кабул хотыг эзлэн авч, ялалтаа тунхагласныхаа дараа талибууд Афганистаныг Исламын шашны Шариатын хуулиар удирдана хэмээн мэдэгдсэн билээ.
АФГАНИСТАНД ЮУ БОЛЖ БАЙНА?
Удирдлагыг гартаа авсны дараах анхны хэвлэлийн хурал дээр Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч “Эмэгтэйчүүдийн эрхийг Шариатын хуулийн хүрээнд хамгаалан удирдах болно” хэмээн хэлсэн ч илүү нарийн мэдээлэл өгөөгүй билээ.
Харин 15 настайдаа Пакистанд охидын боловсролын төлөөх ажилд оролцож явахдаа талибуудад буудуулж байсан Нобелийн шагналт Малала Йёсафзайн анхааруулж байгаагаар талибууд Шариатын хуулиар эмэгтэйчүүдэд хандана гэдэг нь афган эмэгтэйчүүд, охидын хувьд аймшигтай ирээдүй байж болзошгүй гэнэ.
Тэрбээр “Надад Афганистан дахь зарим идэвхтнүүдтэй, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч нартай ярилцах завшаан олдсон. Харин тэд ирээдүйд нь чухам юу тохиолдох талаар ямар ч таамаглалгүй байгаагаа ярьсан гэнэ. Гэхдээ бид бүгд 1996-2001 онд талибуудын удирдлага доор эмэгтэйчүүдийн амьдрал хэр байсныг сайн санаж байна. Тиймээс бүх хүн өдгөө афган эмэгтэйчүүдийн ирээдүйд асар ихээр санаа зовж байна” хэмээжээ.
ШАРИАТЫН ХУУЛЬ ГЭЖ ЮУ ВЭ?
Шариатын хууль бол Исламын шашны бошиглогч Мухаммед болон түүний туслахуудын хэлсэн үг, хийсэн үйлдэл, Коран судар дээрх үлгэр жишээ, шүлгүүдийг тайлбарласан тэмдэглэл агаад мусульманчуудын амьдралыг зохицуулан чиглүүлдэг дүрмүүд юм. Гэвч тус тэмдэглэлд далд, олон утгатай олон зүйл байдгийг шашны удирдагчид өөр өөрөөр тайлбарлан мөрддөг аж.
Чухамдаа “Усанд хүргэх тодорхой, найдвартай зам” хэмээх утгатай Шариат хэмээх нэртэй тус хуульд мусульманчуудыг хэрхэн амьдарч, мөргөл үйлдэж, ядууст тусалж, ядарсныг дэмжих тухай заадаг аж. Цаашлаад уг хуулийн гол зорилго нь мусульманчуудыг бурхны хүслийн дагуу бүх талаар үлгэр жишээ, зөв амьдрахад туслахад оршдог гэнэ.
БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ХЭРХЭН ХЭРЭГЖДЭГ ВЭ?
Шариатын хууль зарим мусульманчуудын хувьд өдөр тутмын амьдралын бүх зүйлийг нь зохицуулдаг. Жишээлбэл тус хуулийг мөрддөг мусульман хүн ажлаа тараад хамт олонтойгоо гадуур суух урилга авахдаа хэрхэх ёстой тухай хүртэл Шариатын хуульд тусгасан байдаг аж. Түүнчлэн мусульман гэр бүлүүд өрхийн санхүү, бизнесээ хэрхэн зохицуулах тухай ч гэсэн тус хуульд дэлгэрэнгүй байдаг ажээ.
ШИЙТГЭЛ
Шариатын хуулинд гэм нүглийг хоёр төрөлд ангилж үздэг. Тухайлбал, Хадд буюу хүнд ноцтой гэмт хэрэгт нэн дариу, ямар ч найраагүй тохирсон шийтгэл оноож, гүйцэтгэх ёстой бол Тазир буюу харьцангуй хөнгөн гэмт хэрэгт хэрхэн шийтгэхийг шүүгчийн мэдэлд үлдээдэг аж.
Хадд буюу хүнд гэмт хэрэг гэдэгт нь хулгай, завхайрал гэх мэт багтах агаад хулгайчийн гарыг тайрч, завхайрагчийг олон янзаар залхаан цээрлүүлж шийтгэдэг аж.
Шариатын хуульд гэмт хэрэгтнүүдийг олон харгис аргаар шийтгэдэг хэдий ч шүүгч бүрийн шийтгэлүүд өөр хоорондоо харилцан адилгүй, хүнд хөнгөн байдаг гэнэ.
ШҮҮХ ТОГТОЛЦОО
Бусад бүх хуулийн шүүх тогтолцооны адил Шариатын хуульд ч гэсэн тусгай бэлтгэгдсэн хүнийг шүүгчээр томилдог гэнэ.
Шариатын хуулийн таван өөр сургалтын хөтөлбөр байдаг нь Ханбали, Малики, Шафи, Ханафи, Шиа Жаафари нар юм. Эдгээр таван урсгал Шариатын хуулийг өөр өөрсдийнхөөр тайлбарлаж, ялгаатай мөрддөг аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ