Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 200 хоногийнхоо талаар захиалсан сэтгүүлчтэйгээ буу халсан шигээ тайлагнав. Тайлангаас харахад түүнд ганц л ярих юм байна. Тэр нь вакцин. Өөрийн биеэр вакцин хийлгэж иргэддээ уран зориг өгсөн л гэнэ. “Ковидгүй зуны төлөө” гээд явж байтал вакцин тасарч, хар дарсан зүүд шиг арав хоногийг өнгөрөөсөн юм байх. Цаашлаад Ерөнхий сайд болоод өнгөрүүлсэн шар нар бор хоногууд, мөрөөдөл, зүүд, ээлжит усан онгоцны тухай яриа… Түймэр мэт тархсан тахлаа цурамлаж ч чадаагүй тухай уйтгартай гоншигноон. Иргэд рүүгээ гомдоллосон эрх хүүхэд шиг тунирхал. Гэтэл гуравдугаар сарын 3-ны өдрөөс хойш халдварын тоо мянга давсан нь бодит факт төдийгүй энэ өдөр юу болсныг эргээд бодвол тахлын тархалтын шалтгааныг түвэггүйн мэдэх билээ.
Улс орны засаг удирдаж яваа Ерөнхий сайдын гэхээсээ илүүтэй айлын авгай, хүүхдийн аахар шаахар юм ярив. Гаанс зуучаад пид пид үсэрч, толгойноосоо том том юм ярьж суудаг хөдөөгийн хөөрхөн хүү шиг… Түүнд төлөвлөгөө алга. Нөхцөл байдлыг бодитоор харж, дүгнэн, нарийн тооцоолсон бодлого алга. Түүний засгийн газрын өнгөрсөн хугацаанд хийсэн зүйл нь гал намжаах, цар тахал, эдийн засгийн уналтад бухимдсан иргэдийг тайвшруулахаар тараасан утга учиргүй халамж байв.
Товчхондоо энэ 200 хоногийг Нобелийн шагналтан Милтон Фридман зөгнөөд хэлчихсэн гэлтэй. Тэрбээр “Сүйрүүлэхгүй гээд төсвийн мөнгөөр угжаад байна гэдэг нь ашигтай ажиллаж байгаагаас нь аваад ашиггүй ажиллаж байгаад нь өгч байна гэсэн үг” гэснийг сануулах нь илүүц билээ.
Импортоос 80 хувь хамааралтай улс байж адаглаад ачаа тээврийн асуудлаа шийдэж чадахгүй, сүр дуулиантай баривчилгаа, засан тохинуулагч нэрийдлээр нэгийг нөгөөгөөр сольсоноос бус иргэдийн амьдрал нэмэр тус болохоор бодлогын чанартай алхам тун чиг ховор хийжээ.
Төсөв бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүд нь цөөрч, татвар төлөгчдөө дарамталдаг төрийн бүтэц данхайгаад байдаг. Хариуцлагын гэрээ сэлт зэргээр хааж, боох, дарамтлах зүйлийг л тэд хийж ирэв.
Хамгийн сүүлд гэхэд гоё, гоё нэртэй дөрвөн үндэсний хороог Ерөнхий сайд өөрийн дэргэд байгуулж, ахлахаар болов.
Төрийн алба түмний ажлын байр
-Цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо
-Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо
-Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо
-Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сан бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо
Ийм чиг үүрэг бүхий байгууллагууд нь төрд бий. 202 мянгад хүрчээд буй төрийн албан хаагчдыг 30 хувиар цөөлж, давхардсан чиг үүргийг нь арилгаж, илүү чадавхижуулж гээд байсан нь амьдрал дээр яг эсрэг хэрэгжив.
Цар тахлын хуулиар төрийн албаны халаа, сэлгээ, томилгоог Төрийн албаны зөвлөлийн оролцоогүйгээр шийддэг болсон. Энэ хуулиар хэдэн төрийн албан хаагч ажлаасаа халагдаж, хэдэн хүн шинээр томилогдож байгааг мэдэх боломжгүй болов.
Хагас дутуу, ерөнхий баримжаа ханыг нь харж болох мэдээлэл гэвэл, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэсийн гаргадаг мэдээлэл.
Тэрхүү хэлтсийн мэдээлснээр зөвхөн наймдугаар сарын 9-13-ны тавхан өдрийн дотор нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 274 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 198 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Өмнөх долоон хоногт нь буюу энэ сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 144 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ хүлээн авч шалгасан аж. Ерөнхий сайд төрийн албыг цөөлнө гэж нэг амаараа дуугарч, нөгөө гараараа томилгоо хийсээр. Ам ажил хоёрын зөрүү алд дэлэм.
Гэтэл төрийг жижигрүүлж, татвар төлөгчдийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрийн мөнгө дуусчээ. Эдийн засгаа аврах 10 их наядын хөтөлбөрийн мөнгө нь эзэддээ очоод дуусч буй тухай Сангийн сайд мэдээлсэн.
Сангийн сайд Б.Жавхлан:
–Гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийг энэ жилд хоёр их наядыг гаргах төлөвлөгөөтэй байсан. Гэвч өнөөдрийн байдлаар хоёр их наяд төгрөг гараад дууссан. Үр дүн нь төсөв дээр маш сайн гарч байна. Нийт 5121 ААН, 17 мянган иргэнд тус зээл очсон. Бид 3500 аж ахуйн нэгжид очно гэж төлөвлөсөн. Тэгэхээр энэ зээлд зорилтод хүмүүстээ очихгүй байна гэсэн ойлголт байхгүй. Эх үүсвэр дууссан гэдэг нь үнэн. 200 тэрбум үлдсэн. Одоо банкууд дээр судлагдаж байгаа 400 тэрбумын зээл байна.
Энэ тооны цаана яг хэн зээл авсан, хэдэн ажлын байр нэмэгдүүлсэн, очих ёстой хүндээ очсон уу? ЖДҮ-ийг дэмжих сан шиг найзан дундаа найрлаагүй гэх баталгаа, баримт нь алга.
Монгол Улс эдийн засгийн хувьд 1990-ээд оны уналтын руу уруудаж байгааг эдийн засагчид анхааруулж буй. Азаар Монголыг тэжээж буй нүүрсний үнэ нэмэгдэж байгаа ч манайхан хангалттай хэмжээнд экспортлож чадахгүй байгаа төдийгүй гуймтгай байж голомтгой гэгчээр нүүрсээ ад үзэж шахмал түлш нэртэй шахаа хийж иргэдийнхээ амь насыг эрсдэлд оруулан төр бизнес хийж байна. Юм шатааж л байгаа бол утаа гарах нь зайлшгүй гэдгийг иргэд ойлгодог ч төрд сэхээрэх сонирхол алга. Ерөнхий сайд 200 дахь хоногтоо шахмал түлшний үйлдвэр ажилласан юм. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 202 хоног иймэрхүү л байна. Энэ засгийн газарт Монголын иргэдийн аж байдал, ашиг орлого, амьжиргаанаас илүү эрх мэдэлтэйгээ илүү олон хоногийг өнгөрөөх л чухал билээ. Өвөл айсуй.