Израилийн ерөнхий сайд Нафтали Беннетт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентэй Ираны асуудлыг хэлэлцэхээр Вашингтоныг зорих гэж байгаагаа өчигдөр мэдэгдэв. Айлчлалыг наймдугаар сарын сүүлчээр хийхээр төлөвлөж байгаа аж. Тэрбээр айлчлалын ач холбогдлыг “Жо Байдентэй хийх чухал уулзалт байх болно” гэж онцолсон бөгөөд Ираны цөмийн зэвсгийн асуудлыг голчлон хэлэлцэх гэнэ.
Иран улс 2015 оны цөмийн хэлэлцээрээр тогтоосон хязгаарлалтыг зөрчин уран баяжуулах ажлыг хурдацтай явуулж цөмийн зэвсгийн зэрэглэлд хүргэсэн нь Израилийг ийн түгшихэд хүргэв. Тэрбээр “Иран уран баяжуулах хамгийн дээд шатандаа явж байгаа нь Израилийн ард түмний аюулгүй байдалд заналхийлж буй тул асуудлыг нухацтай авч үзнэ” гэсэн байна.
Дэлхийн гүрнүүд “Хамтарсан цогц үйл ажиллагааны төлөвлөгөө” гэж албан ёсоор нэрлэгдэж буй 2015 оны цөмийн гэрээг сэргээхээр Ирантай хэлэлцээр хийж байгаа юм. Харин Ираныг өөрийн гол өрсөлдөгч гэж үздэг Израиль улсын хувьд уг хэлэлцээрийг хүчтэй эсэргүүцсэн юм. Олон улсын атомын энергийн агентлагаас өгсөн мэдээллээр Иран өнгөрсөн дөрөвдүгээр сард 20 хувьтай байсан уран баяжуулалтаа өдгөө 60 хувь хүртэл нэмэгдүүлсэн нь цөмийн зэвсгийн зэрэглэлд хүрэх томоохон алхам болжээ.
Энэ алхам нь Ираны уран цэвэршүүлэлтийг 3.67 хувьтай байхаар заасан 2015 оны цөмийн хэлэлцээрийг сэргээхээр зорьж байгаа Барууныханд таалагдахгүй гэдэг нь тодорхой юм. Харин Иран улсын хувьд Натанз хотхонд дэлбэрэлт болж, цахилгаан тасарсны улмаас газар доорх баяжуулах үйлдвэрийн бүтээмж буурсантай холбогдуулан уг өөрчлөлтийг хийсэн гэжээ. Иран уг халдлагад Израилийг буруутгасан. Баяжуулсан ураны металлыг цөмийн бөмбөг бүтээхэд ашигладаг боловч Ираны хувьд реакторын түлш боловсруулах ганцхан зорилготой гэсэн байна.
Эх сурвалж: Xinhua, The Week
Холбоотой мэдээ