“Замын-Үүдийн гацаа мөддөө дуусахгүй нь"

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

“Замын-Үүдийн гацаа мөддөө дуусахгүй нь"

“Замын-Үүдийн гацаа мөддөө дуусахгүй нь"

Замын-Үүдийн гацаа нэг хэсэгтээ арилахгүй нь. Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг тус боомтод ажиллан, ачаа тээврийн саатлыг арилгана гээд албан тушаалтныг чөлөөлж халаа сэлгээ хийсэн ч тусыг эс олов. Өнөөдрийг хүртэл ачаа бараа сааталтай, ачаа тээврийн үнэ өссөн, мөнгөтэй нэгний ачаа нь хурдан хугацаанд ирж, жирийн наймаачдын бараа ирэхгүй удаашралтай байгаа гэх гомдол тасарсангүй. Харамсалтай нь урд хилийн цаана ачаа бараа саатсан хэвээр өдөр хоногийг элээж байна. “Эрээн дэх ачаа бараагаа авч чадахгүй дөрвөн сар боллоо. Арай гэж ирсэн бараа тал нь эвдрэлтэй ирлээ” гэж худалдаа эрхлэгчид, тээвэр ложистикийн газрууд ярьж байна.

Засгийн газар, албан тушаалтнууд Замын-Үүдийн нөхцөл байдлыг сайжруулж, барааны татан авалт хэвийн хэмжээнд орж байгаа гэх тайлбарыг өгч буй. Гэтэл бодит байдал дээр Замын-Үүдэд гацсан бараа яг л хэвээрээ байна. Замын-Үүдийн гацааг Засгийн газар арилгаж чадахгүй нь гэж ярьж суух хүн олон.

Өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн ачаа тээврийн үнэ нэмэгдэж, Эрээн дээр барааны бөөгнөрөл үүссэн гэдгийг иргэд ярьж шүүмжилж байгаа. Тэр хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, ачаа тээврийн үнэ нэмэгдэх болов. Иймээс бид Замын-Үүдийн ачаа бараа хэвийн горимдоо орж, наймаачдын барааны татан авалт ямар байгааг энэ удаагийн сурвалжлагаар хүргэе.

Тус хилийн боомтод өнгөрсөн сарын 1-ний байдлаар 2600 тээврийн хэрэгслийн дараалал үүсч бараа бүтээгдэхүүний эргэлт саатаад байв. Тэгвэл дээрх тоо буурч 1250 автомашин болоод байна. Ачаа тээврийн автомашинуудыг хилээр нэвтрүүлэхдээ 80 хувьд нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, хурдан муудах хүнсний бараа, үлдсэн 20 хувьд барилгын материал, уул уурхайн тоног төхөөрөмж оруулж ирж буй.

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХИЛЭЭР ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ОТГОНСҮХ:

-Есдүгээр сарын 1 болох гэж байна. Хүүхдүүд танхимаар хичээллэж магадгүй байгаа тул бид юуны өмнө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг эхний ээлжид хилээр оруулахаар хилийн боомтын Зөвлөл шийдэн ажиллаж байна. Тодруулбал, эдийн засгийн голлох чиг үүрэг болсон барилга, уул уурхайн тоног төхөөрөмж , техник хэрэгслийг хамгийн түрүү нэвтрүүлж байна. 170 автомашин орж ирлээ гэхэд 100-120-д өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнс, үлдэх 60-70-д нь тоног төхөөрөмж, материал оруулж байхаар мөрдөн ажиллаж байна.

Худалдаа эрхлэгчдийн байр суурийг сонслоо. Тэд захиалсан бараагаа цаг хугацаанд нь авч чадахгүй, ачааны үнэ нэмгэдсэн талаар хэлж байна.

ЗАХИАЛСАН БАРАА ДӨРВӨН САР БОЛЖ БАЙЖ ИРСЭН

ОБОЙН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ Б.ЧИМГЭЭ:

-Ачаа барааны татан авалт хэр байна вэ. Замын-Үүдийн ачааны бөөгнөрлийн улмаас та бүхэнд ямар бэрхшээл тулгарч байгаа юм бол?

-Дөрвөн сарын өмнөөс ачаа бараагаа татан авахад хүндрэлтэй болж эхэлсэн. Захиалсан бараагаа дөрвөн сарын дараа авах жишээний.

Бид 20 юанаар ачдаг байсан бараанууд 60 юань боллоо. Барааны үнийг дагаад өсгөх гэхээр зүрх хүрэхгүй байгаа. Тиймээс өөрсдөдөө ирдэг ашгаасаа хумслаад ачааныхаа эрсдэлийг дааж байгаа. Ер нь Засгийн газар арга хэмжээ авлаа, Х.Нямбаатар сайд Замын-Үүдийг цэгцэлнэ гэж байсан боловч олигтой үр дүн гараагүй. Ачааны үнэ таван юаниар л буурсан. Гэсэн мөртлөө бид барааныхаа үнийг хоёр дахин нэмэх биш, 20-30 хувийн нэмэгдлийг нэмээд, үлдсэн 70 хувьд эрсдэлээ үүрч байгаа.

Нэг ёсондоо алдагдал хүлээж байна. Бид Засгийн газарт итгээд, арга хэмжээ авчихвал ачаа барааны үнэ буурна гэж харж байлаа. Гэтэл өнөөдрийн байдлаар буурсан зүйлгүй байна. Наймаачид таван хувь хүрэхгүй ашигтай ажиллаж байна.

-Барааны эргэлт ямар байна вэ?

-Барааны эргэлт удаан хэвээрээ байгаа. Дөрвөн сар болж ирдэгтэй харьцуулахад барааны хугацаа арай наашилсан. Гэхдээ дам хүмүүсээс сонсохоор  илүү мөнгө төлснийх нь арай хурдан ирээд, бид нар шиг дундаж наймаачдынх хуучнаараа удаашралтай ирж байна. Тэгсэн мөртлөө нэмэгдэлтэй үнээр авч байгаа.

Худалдан авалт ямар байна вэ?

-Худалдан авалт ер нь багассан. Хүмүүс барилгын материалын үнийг буух байх гэсэн хүлээлттэй байна. Яагаад гэвэл Засгийн газраас арга хэмжээ аваад хэвийн байдалдаа орж, үнэ нь буурахаар бараа, материалаа авъя гэсэн хүлээлт байна.

-Цар тахлын үед тодорхой хэмжээнд алдагдал хүлээсэн байх тийм үү?

-Цар тахлын үед бид “нам” хоригдсон. Тэр үед бидний бизнес хоёр сар зогссон. Наймаа хийдэг хүнд хөл хорио хүнд туслаа. Би энэ бизнесийг 20 гаруй жил хийж байгаа. Одоо бол зээлээ төлж чадахгүй тал руу, хүнд байдалд орж байна. Ирээдүйд арга хэмжээ авахгүй ийм байдлаар байвал яалт ч үгүй барааныхаа үнийг нэмэх болно. Тэгэхээр ард түмэнд очих ачаа нь нэмэгдэнэ  гэсэн үг.

ҮНЭ НЭМЭГДЭЖ БАЙГААГ ХУДАЛДАН АВАГЧИД ОЙЛГОЖ ЭХЭЛСЭН

ГЭРЛИЙН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ Б.САРУУЛ:

-Нийтдээ зургаан жил худалдаа эрхэлж байна. Замын-Үүдийн гацаанаас болоод нэг хайрцгийг дунджаар 8000-9000 төгрөгөөр авдаг байсан. Харин одоо ачааны үнэ нэмэгдэхэд нэг хайрцгийг 29 мянган төгрөгөөр авлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх юмны үнэ тэнгэрт хадаж байгааг мэдээлж байгаа учраас худалдан авагчид ерөнхийдөө ойлгож байгаа.

Гурван жилийн өмнө “Өнөөдөр бараагаа захилаа гэхэд маргааш” нь авчихдаг байсан. Гэтэл энэ жил тавдугаар сарын 14-нд ачаа захиалж, долдугаар сарын 20-нд авсан. Нөгөө ачаа нь эвдрэл, гэмтэлтэй ирсэн. Гэтэл урд хөршийн харилцагчид хариуцлага хүлээхгүй бид хохироод үлдэж байна. Иймд үнээ нэмэхээс өөр аргагүй байдалд орсон. “Зуун айл”, манайхаас бусад төвүүдэд үнээ бүгд л нэмсэн. Миний хувьд гүрийгээд заримыг нь 10-15 мянган төгрөг шингээгээд зарж байна. Ерөнхийдөө эрэлт хэвийн байна. Өнөөдрийн байдлаар захисан бараа 9-21 хоногийн дотор ирж байна. Ингэхдээ ес хоног нь 1.4 сая төгрөгөөр ирдэг. Хамгийн хурдан каргоны үнэ нь энэ.

АЧААНЫ ҮНЭ ӨСЧ БАЙГАА УЧРААС БАРААНЫ ҮНЭ НЭМЭГДЭЖ БАЙГАА

ХӨШИГНИЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ М.ШҮРЭНЦЭЦЭГ:

-Цагаан сарын дараа бараа захихад доод тал нь 30-60 хоног бараа хүлээгдэж байсан. Одоо бол хэвийн болж байх шиг байна. Ер нь 15 хоногт ирж байна. Ачааны үнэ өсч байгаа учраас барааны үнэ нэмэгдэж байгаа гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Жишээ нь хөшигний сэрээ төмрийн ачааны зардал нь 20-30 мянган төгрөгт ирж байсан бол, одоо 150 мянга болчихсон байна. Үүнийг дагаад үнэ яалт ч үгүй нэмэгдсэн.

БАРААГАА АВСАН ҮНЭЭСЭЭ ДООГУУР ҮНЭЭР ЗАРЖ БАЙНА

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ Я.ӨНӨРЦЭЦЭГ:

-Ачааны үнэ нэмэгдсэн нь барааны бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж байна уу?  

-Хамгийн сүүлийн захисан бараа одоог хүртэл ирээгүй байна. Тэгээд хаана байгаа нь мэдэгддэггүй. Арай гэж хүнтэй холбогдоход танай барааг авсан, аваагүй гэдэг яриа өрнөж байгаа. Нэг хайрцаг бараагаа бид авахын тулд 100 юань төлж байна. Маш их хүндрэлтэй байна. Тэгээд авсан үнээсээ доогуур үнээр өгч байна. Өмнөхөн 10 хайрцаг бараанд нэг тус бүрт нь 80 юань төлдаг байсан. Үүнийг хэлэх ёстой газар нь хэлмээр байгаа юм. Ингэхээр ачааныхаа үнийг барааныхаа үнэд шингээмээр байдаг. Гэтэл тэгж чадахгүй байна.

Ачаа барааны татан авалт хэр байна вэ?

-Бид өөрсдөө урагшаа явж чадахаа байсан. Гэтэл монгол жолоочийг цаашаа гаргахаа байсан. Эрээнээс гарсан ачаа Замын-Үүдэд бууна. Хаана байгаа нь мэдэгддэггүй. 80 юаниар ачааны мөнгө төлж байсан бол одоо 95-100 юань болчихлоо. Үнэндээ хохиролтой байна. Эрээн дээр Хятадууд ажлаад байгаа юм уу, Замын-Үүд дээр давхар ажиллаад байгаа юм уу. Үнэндээ биднийг хүнд байдалд оруулж байна. Энэ бичсэн үнээ хэлээд суувал нэг ч бараа зарахгүй. 145 мянгаар зарах ёстой байтал 90 мянгаар зарж байна шүү дээ. "Чоно борооноор" гэдэг Л болж байна.  Цаашдаа ачилтын үнэ улам нэмэгдэнэ.

Зээлээс зээлийн хооронд дарамтад орж байна. Барааны сонголтгүй болж байна. Хаана нь нугалаа үүсээд байгааг бид мэдэхгүй.

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНИЙН ӨСӨЛТ ГАНЦХАН МОНГОЛ УЛСАД ГАРЧ БАЙГАА ЮМ БИШ

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР:
-Барилгын материалын үнийн өсөлт ганцхан Монгол Улсад гарч байгаа юм биш. Олон улсад л гарч байна. Цементийн үнэ дөрвөн хувиар, хөөсөнцрийн үнэ 92 хувь, арматур төмрийн үнэ 80 гаруй хувийн өсөлттэй гарсан. Нийт барилгын материалын үнэ дунджаар 40 гаруй хувиар өссөн. Найм, есдүгээр сард хэрхэн өсөх вэ гэдэг тооцоо гарна. Хувийн компаниудын ихэнх нь барилгын үйл ажиллагаагаа зогсоосон байна.

ҮНИЙН ЗОХИОМОЛ ХӨӨРӨГДӨЛТИЙГ БАГАСГАХ  АРГА ХЭМЖЭЭГ ЭРЭЭНИЙ БОЛОН ЗАМЫН-ҮҮД ТАЛД АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Шадар сайд С.Амарсайхан өнгөрөгч долоо хоногт  “Замын-Үүд боомтод одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг урт хугацаанд арилжихын тулд тус боомтын өргөтгөл, шинэтгэлийн ажлыг энэ ондоо багтааж дуусгах хэрэгтэй байна. Ингэснээр ачаа эргэлт болон зорчигч тээвэр 3-4 дахин нэмэгдэх боломжтой учраас боомтын өргөтгөлийн барилгын ажлыг арваннэгдүгээр сард багтааж арванхоёрдугаар сараас өмнө ашиглалтад оруулах шаардлагатай юм.

Мөн ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдалтай холбоотой мэргэжлийн хяналтын лабораторийн шинэ байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг хилийн бусад боомтоор бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэх замаар хүнсний болон өргөн хэрэглээний бараа, барилгын материал, нэн шаардлагатай тоног төхөөрөмж зэрэг аж ахуй нэгжүүдэд нэг өдөр, нэг цаг ч гэсэн үнэ цэнэтэй байгаа учраас эргэлтийг нэмэгдүүлэх нь чухал болоод байна.

Нөгөө талдаа, үнийн зохиомол хөөрөгдөлтийг багасгахтай холбоотой арга хэмжээг Эрээний болон Замын-Үүд талд авч хэрэгжүүлнэ. Ингэснээр үнийн хөөрөгдөлт багасч хуучин хэвэндээ орох, мөн ачаа эргэлт нэмэгдэх гэсэн эерэг нөхцөл байдал бий болно гэж үзэж байна” гэсэн мэдээллийг өгч байсан юм.

Замын-Үүдийн гацаатай холбоотой асуудал энэ  мэтээр дуусашгүй нь. Урд хөршийн талаас Замын-Үүдийг цэгцлэх талаар шаардлага тавьсан. Харамсалтай нь Монгол Улс Замын-Үүдийн гацаагаа цэгцэлж чадахгүй албан тушаалтнаа халаа сэлгээ хийн удааширсаар байвал иргэд үнийн өсөлт, наймаачид алдагдалд орох нь гарцаагүй юм.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж