Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн үндэсний их баяр наадмыг 2022 онд тэмдэглэхтэй холбогдуулан бусад бөхийн барилдаан, хурдан морины уралдаанууд болж байна. Засгийн газрын өгсөн чиглэл, УОК-ын шийдвэрээр гадаа талбайн спортын арга хэмжээ, тэмцээн уралдааныг үзэгчгүй, халдвар хамгааллын дэглэм дор, холбогдох хүмүүсийн зөвшөөрлөөр зохион байгуулахаар болсон билээ.
- Ховд аймаг: Булган сумын харьяат сумын заан Г.Ганхуяг түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн бол Үенч сумын харьяат аймгийн заан Б.Уртнасан үзүүрлэлээ. Их шөвөгт Жаргалант сумын харьяат сумын заан М.Баяржавхлан, Чандмань сумын харьяат залуу бөх Б.Дэнзэнсамбуу нар үлдэж, Аймгийн начин цол хүртжээ.
- Баруун бүсийн хурдан морины уралдаанд зориулсан барилдаан: Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэжээ.
- Хөвсгөл аймаг: Цагаан-Үүр сумын харьяат аймгийн харцага Б.Төрмагнай түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн бол Бүрэнтогтох сумын харьяат аймгийн харцага А.Мягмаржав үзүүрлэж, Аймгийн заан цол хүртсэн. Их шөвөгт Тосонцэнгэл сумын харьяат сумын заан Д.Баасанбаяр, Галт сумын харьяат улсын харцага Г.Ганхуягийн хүү, залуу бөх Г.Бат-Эрдэнэ нар үлдэж аймгийн начин цолонд хүрчээ.
Улсын арслан Ц.Содномдорж тавын даваанд сумын заан Д.Баасанбаярт өвдөг шорооджээ.
- Дорнод аймаг: Дашбалбар сумын харьяат улсын харцага Д.Анар түрүүлж, Баян-Уул сумын харьяат аймгийн арслан Г.Төрмөнх үзүүрлэжээ. Их шөвөгт Булган сумын харьяат аймгийн арслан Г.Шинэзориг, Халхгол сумын харьяат аймгийн арслан Б.Батдорж нар үлдсэн аж.
Хөвсгөл, Дорнод аймагт зохион байгуулсан бөхийн барилдаанууд үндэсний бөхийн холбооноос гаргасан дүрэм, журмыг зөрчих мөн даваа наймаалцах, бууж өгөх асуудлуудыг илтэд гаргаж, Монгол бөхийг сонирхогч олон иргэдийнхээ урмыг хугалсан таагүй үйл явдал болсон учир хүчингүйд тооцов.
Хөвсгөлд л гэхэд, нэгийн даваанд долоон улсын цолтой бөх залуу бөхчүүдэд өвдөг шорооджээ. Мөн Дорнод аймгийн барилдаанд ёс зүйгүй үйлдэл гаргасан улсын харцага Д.Анарт хариуцлага тооцох аж.
- Сэлэнгэ аймаг: Хүдэр сумын харьяат аймгийн арслан Д.Төрболд түрүүлж, Сайхан сумын харьяат сумын заан О.Төрбат үзүүрлэжээ. Их шөвөгт Мандал сумын харьяат сумын заан С.Одхүү, Мандал сумын харьяат аймгийн харцага Х.Наранбаяр нар үлджээ.
- Архангай аймаг: Цэнхэр сумын харьяат аймгийн харцага Б.Батсайхан түрүүлж, Жаргалант сумын харьяат аймгийн начин Б.Энх-Амгалан үзүүрлэжээ. Их шөвөгт Батцэнгэл сумын харьяат цэргийн арслан Л.Отгонбаатар, Хотонт сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргал нар үлджээ.
- Говь-Алтай аймаг: Шарга сумын харьяат аймгийн арслан Э.Даваажаргал түрүүлж, Халиун сумын харьяат аймгийн арслан Б.Отгонбаатар үзүүрлэжээ. Их шөвөгт Халиун сумын харьяат сумын заан М.Өгөөдэй, Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан нар үлджээ.
- Баянхонгор аймаг: Жинст сумын харьяат аймгийн заан Т.Дүүрэнсаран түрүүлж, Аймгийн арслан цол, Богд сумын харьяат сумын заан Э.Өлзийбаяр үзүүрлэж, Аймгийн заан цол тус тус хүртжээ. Их шөвөгт Баянлиг сумын харьяат аймгийн арслан Ч.Алтангэрэл, Хүрээмарал сумын харьяат цэргийн арслан Г.Жамбалдорж нар үлдсэн аж.
- “Үндэсний бөх – Үнэт өв” барилдаан: Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий ес даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Э.Ууганбаяр үзүүрлэжээ. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Т.Довчинсэмбээ, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин Ч.Батчулуун нар үлджээ.
- Орхон аймаг: Завхан аймгийн Завханмандал сумын харьяат аймгийн арслан Б.Уртбаяр түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Ө.Батзул үзүүрлэжээ. Их шөвөгт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат залуу бөх А.Уламбаяр, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн арслан Ч.Мөнхбат нар үлджээ.
- Төв аймаг: Баянцогт сумын харьяат аймгийн арслан Э.Төгөлдөр түрүүлж, Угтаалцайдам сумын харьяат аймгийн начин Г.Мөнх-Эрдэнэ үзүүрлэжээ. Их шөвөгт Эрдэнэсант сумын харьяат аймгийн арслан И.Мандах, Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Х.Мягмарсүрэн нар үлджээ.